Г.Түмэн-Уянга: Цагийн уян хатан нөхцөлтэй, цалингаа тогтмол, найдвартай өгдөг


YOLO.mn | YOLO.MN
2024-08-26

Оюутнуудын орлогын эх үүсвэр бол цагийн ажил. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, эцэг эхээсээ бага мөнгө авах хүсэлтэй оюутан олон.

Тэд  ихэвчлэн конвэниэнс сүлжээ дэлгүүрүүдэд ажиллаж байна. Дэлгүүр рүү орохоос гарах хүртэл харилцааны соёл, үйлчилгээний өндөр стандартыг тогтоож буй сүлжээ дэлгүүрүүдийн цагийн ажилтан болсон оюутнууд заримдаа үйлчлүүлэгчээс зэмлэл ихээхэн хүртдэг бололтой. Тэдний нэг болох Г. Түмэн-Уянгатай энэ ажлыг хийхэд  ямар бэрхшээл тулгардаг талаар ярилцав.

-Сүлжээ дэлгүүрт ажиллахад хамгийн их таалагддаг зүйл нь юу вэ?
-Би хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өөрөө ажиллах цагийн хувиараа гарган, өдрийн цагаар ажиллах боломжгүй бол шөнийн ээлжид ч ажиллах боломжтой. Цагийн уян хатан нөхцөлтэй, цалингаа тогтмол, найдвартай өгдөг. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг.

-Тэгвэл сул тал нь?
-Сүлжээ дэлгүүрт ажиллахад хаана байршилтай, хэр их ачаалалтай салбараас шалтгаалаад өөр байдаг. Жишээ нь өдөрт нэг сая төгрөгийн эсвэл арван сая төгрөгийн борлуулалттай салбарт ажиллах ялгаатай. Гэхдээ яг адилхан цагаар ажиллаад ижил цалин авдаг. Борлуулалтаас хамаарч  урамшуулал өгдөг болбол илүү шударга  санагддаг. 

-Хоёр жил ажиллахад хамгийн хүндрэлтэй санагдсан зүйл юу вэ?
-Үйлчлүүлэгчидтэй харилцах л хамгийн том бэрхшээл. Зарим хүн бидэнтэй зарц мэт харилцдаг. “Надад тийм юм аваад ир”, “Энэ гоймонг дэвтээгээд ир” гэх нь бий. Түүнээс ажлын ачааллыг том асуудал гэж боддоггүй.

Хоёр жилийн хугацаанд миний ажигласнаар улирлаас шалтгаалж хүмүүсийн харилцаа өөр өөр байдаг. Өвөл болоход  орон гэргүй хүмүүс их ирдэг. Тэд дэлгүүрт хонож, хог ухдаг тул  хамгаалалтын хүнийг дуудах хэрэг их гарна. Зун болоход  орон гэргүй хүмүүс багасдаг ч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс маш их. Ихэнх тохиолдолд ахимаг насны хүмүүс өөрийнхөөрөө зүтгэх, дайрах, тайлбарлаад ойлгохгүй харааж, доромжлох гэх мэт харилцааны асуудлуудыг гаргадаг.

Манай сүлжээ дэлгүүр харуул хамгаалалтын компаниудтай хамтарч ажилладаг. Ажилчдын кассын доор хамгаалалтын ажилчин дуудах улаан товч бий. Дуудахад хамгийн ойр байгаа хамгаалалтын ажилтан ирээд шаардлагатай гэвэл цагдаагийн байгууллагад ханддаг. Хамгаалалтынхан их удлаа  гэхэд 10-15 минут, шөнө түгжрэлгүй үед хоёроос гурван минутын дотор ирдэг.

-Чи ямар ажлууд хийдэг вэ?
-Ажил үүргийн хуваарилалт гэж байдаггүй. Ажилчид хоорондоо зохицоод бараа өрөлт, цэвэрлэгээ, кассын ажлаа хийдэг.

-Цалинг хэрхэн тооцох уу?
-Долоо хоног бүрийн мягмар гарагт цалингаа өгдөг. Ажилчдын цалинг цагийн 5200 төгрөгөөр боддог. Мөн сондгой тоотой сар бүр биднээс түвшин ахиулах шалгалт авдаг. Түвшин ахивал цалин нэмэгдэнэ. Хамт олны маань уур амьсгал надад таалагддаг. Бид багадаа долоо хоногт хоёр удаа уулзалддаг. Тиймээс дотоод уур амьсгал таатай. Эхний жил ачаалалтай газарт ажилласан ч хамт ажилладаг хүмүүсийн уур амьсгал гоё учраас хэцүү санагдаагүй. Бусад салбарууд ч тийм гэж бодож байна.

-Дэлгүүрт ажиллахад сэтгэл зүйн хувьд мэдэрч байсан хэцүү зүйл байгаа юу?
-Бие засах газарт ариутгал хийсэн үеэр нэг хүн орж ирэхэд нь ариутгал хийсэн тул та 15 минутын дараа ороорой гэж хэлэхэд зураг, бичлэг авч, 00 оруулсангүй, ажлаас чинь халуулна гэсэн. Зураг бичлэгийг чинь цахимд тараана гэх мэтээр уурласан.

Мөн нэг хүний тооцоог хийх гэтэл системд алдаа гарч, карт нь хоёр удаа уншигдчихсан. Би ахлах ажилтандаа хэлж буцаагаад “Ажлын гурваас таван өдөрт таны данс руу орно” гэтэл  “Чи миний мөнгийг авчихлаа” гээд бөөн юм болсон. Гэртээ хариад амарч байтал миний дугаарыг хаанаас ч юм олоод авчихсан утсаар сүрдүүлсэн.

Орон гэргүй хүмүүст шаардлага тавихаар царай тогтоож аваад гадуур ганцаараа явах, ажилдаа ирэх, аажуу тарах үед биед халдах эрсдэлүүд байдаг. Ийм тохиолдол цөөнгүй.

-Ажлаасаа хүсэж буй зүйл юу вэ?
-Салбарын ачаалал, борлуулалтаас хамааран цалингийн нэмэгдэл өгдөг болоосой гэж хүсдэг. Ажилтан бүрд ижил цалин өгдөг нь шударга мэт боловч ажилчдын ачаалал өөр өөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

А.Саранчимэг

#ярилцлага #цагийн ажил