МУИС-ийн бүрэн засвартай дотуур байрны үнэ 30 хувиар өсөж, 2.6 сая төгрөг болжээ


YOLO.mn | YOLO.MN
2024-08-26

Шинэ хичээлийн жил эхлэхэд тав хоног үлдлээ. Оюутнуудын хувьд нэн чухал асуудлуудын нэг гэгдэх амьдрах орон байрны талаар сурвалжлахаар Монгол Улсын Их Сургууль (МУИС), Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ын дотуур байрыг зорив.

МУИС-ийн дотуур байрны мэдээллийг авахаар Оюутан хөгжлийн төвд очиход хүсэлтээ барьсан оюутнууд “хэтэрхий аажуу дотуур байранд оруулдаг” гэж хоорондоо дурамжхан ярих нь сонстлоо.

МУИС-ийн Оюутны Байрны Үйлчилгээ Хариуцсан Мэргэжилтэн Х.Туяацэцэг “Өнгөрөгч оны арван нэгдүгээр сард шинэчлэгдэн батлагдсан журамд дотуур байрны хүсэлтийг наймдугаар сарын сүүлийн долоо хоногт дотоод системээр зохион байгуулна гэж заасан юм.  

Бид шинэ оюутнуудаа түрүүлж байраар хангадаг. Тиймээс элсэлт, нөхөн элсэлт бүрэн дууссаны дараа дотуур байрны хүсэлтийг авч эхэлдэг” гэв.

Дотуур байрны нэг жилийн үнэ:  

  • Засваргүй байр 10 хувиар өсөж, 759,000₮
  • Дунд зэргийн засвартай байр 20 хувиар өсөж, 986,700₮
  • Бүрэн засвартай байр 30 хувиар өсөж, 2,674,500₮ болжээ.

МУИС-ийн дотуур байрны хүсэлт, элсэлт, нөхөн элсэлтийг дотоод системээр бүртгэн явуулдаг учир системийн ачааллаас шалтгаалан эдгээрийг хооронд нь зөрүүлж зохион байгуулдаг аж. Сургуулийн нөхөн элсэлт өнөөдөр дуусаж, хичээл сонголт эхэлнэ.  

Оюутнуудыг дотуур байранд хичээл эхлэхийн өмнөх долоо хоногт оруулдаг бас нэг шалтгаан нь боловсролын байгууллагын  ажилчид хуульд зааснаар ажлын 30 хоногийн турш амардаг байна. Дотуур байрны үйлчилгээний ажилчдын амралт өнгөрсөн долоо хоногт дуусаж, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалын ажил одоо хийгдэж байгаа гэв.

Тэгэхээр МУИС маргаашаас буюу энэ сарын 27-ноос эхлэн 1, 2, 3, 4-р дамжаа гэх эрэмбээр,оюутнуудыг дотуур байранд хуваарилах юм байна. Засвар хийж буй байруудад арваннэгдүгээр сараас оюутнууд авна.

МУИС өнгөрсөн жил оюутны зургаан байрандаа 1800 оюутан авч, оюутнуудаа 100 хувь байраар хангажээ. Энэ жил  жишиг байр болон тавдугаар байрны хоёр давхрын засвар хараахан дуусаагүй гэх шалтгаанаар өмнөх оныхоос 440 оюутнаар цөөн оюутан байранд орно. Засвар хийж буй байранд  арван нэгдүгээр сараас эхлэн оюутнууд авна.  

2023 онд оюутнуудын дийлэнх нь хоёр хүний өрөөнд орох хүсэлтэй байсан тул дөрвөн хүний өрөөг хоёр хүний өрөө болгожээ. Гэхдээ энэ жилээс буцаан дөрвөн хүний өрөө болгох гэх зэрэг бэлтгэл ажлууд хийж байна.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

МУБИС-ын хоёрдугаар дотуур байранд очиход оюутнууд өрөөндөө орохоор том цүнхнүүд барин, байрны багшийн өрөөний үүдэнд цуваа үүсгэн хүлээж байгаа харагдана.

Байрны багшаас мэдээлэл авахаар зөвшөөрөл хүсэхэд боломжгүй гэсэн тул дараалалд зогсох оюутнуудаас үнэ, байранд орох хугацаа зэргийг тодрууллаа.  

МУБИС-ийн дотуур байрны  үнэ энэ жил урьд жилүүдтэй адил байна. Хичээлийн жил дуусах хүртэл (10 сар) амьдрах дотуур байрны төлбөр 655 мянган төгрөг. Энэ сарын 19-23-ны хооронд бүртгэн, оюутнуудыг байранд нь оруулж дуусна.  

МУБИС-ын дотуур байранд хоёрдох жилдээ амьдарч буй оюутан “Манай сургуульд эрэгтэй оюутан цөөн тул дотуур байранд нэгнээ дээрэлхэх үзэгдэл гардаггүй. Төрсөн өдөр, баяр ёслолоор хэтрүүлэхгүйгээр согтууруулах ундааг хэрэглэдэг, асуудал гарч байсан тохиолдол байхгүй.  

Дөрвөн давхар дотуур байранд хоёр угаалгын машин, нийтийн гал тогоо, бие засах газар, шүршүүртэй. Надад дотуур байр маань таалагддаг” гэсэн юм.  

А.Саранчимэг

#дотуур байр