Намар хавар... гэж явсаар нүд ирмэх зуур л оюутны дөрвөн жил өнгөрдөг тул шинээр оюутан болж буй дүү нартаа зориулан хэдхэн зөвлөмжийг хүргэе.
1. Хамгийн эхэнд юунаас ч битгий ай. Дөнгөж оюутан болж буй дүү нар маань шинэ орчин, шинэ хүмүүс гэх мэт шинэ зүйлсээс айдаг санагддаг. Түүний оронд аль болох олон хүнтэй танилцаж, танилын хүрээгээ тэлж өөрийгөө шинээр эхлэх боломж гэж харах хэрэгтэй. Яг үнэндээ тэдгээр хүмүүс шинэ санагдаж байгаа шиг чи ч тэдний хувьд шинэ.
Жишээ нь: урьд нь чиний эргэн тойрны хүрээлэл магадгүй чамайг хайрцаглаж барьдаг байсан бол энэ цаг үеийг ашиглан хүрээллээ сольж өөрийгөө бусдад харуулахыг хүсдэг дүрээрээ харуулах боломж бүрэн байна гэсэн үг л дээ.
2. Ар гэрийнхээ санхүүд аль болох бага санаа зовох: Чи нэгэнт л сурах гэж ирсэн учраас нэмэлт сургалт, дугуйлан, хэлний бэлтгэл гэх мэт өөрийгөө хөгжүүлэх зүйлсэд суралцахыг хүсэж байгаа бол ээж аавдаа санаа зоволгүй хэлж санхүүгийн бололцоогоор хангуулах хэрэгтэй . Учир нь ур чадвараараа үнэлэгддэг энэ цаг үед аль болох олон ур чадварыг эзэмшээд авчихвал хожмын өдөр аав ээж болоод бусад хүмүүсээс ч мөнгө гуйхгүй шүү дээ.
3. Хариуцлагатай байх: Би та нарт нэгэн өөрийн түүхийг хуваалцъя. Анх оюутан болж ирээд анхны хичээлдээ сууваа. Эхний хичээл дээр багш хүүхдүүдийг баг болгон хувааж дараагийн хичээл дээр шалгах даалгаврыг өгдгийн байна. Тэгээд бид хэзээ уулзаж хичээлээ хийхээ тохироод салцгаасан юм. Харин яг товлосон өдөр ирэхэд би гэдэг хүн мартчихсан дотуур байр луугаа нүүж байлаа. Тэгээд дараа долоо хоногийн хичээлдээ орох тэр үед л мартсан гэдгээ санасан. Тэгээд баг болсон хүүхдүүд дээрээ очтол намайг даалгавар хийхээр товлосон өдрөө ирээгүй тул багаас хассан гэж билээ. Ингэж л миний багийн ажлын таван оноо салхинд сая хийслээ. Яг юу гэх гээд байна вэ гэхээр оюутан болж байна гэдэг нь нэг ёсондоо эцэг эхийн хараа хяналтаас бага ч болов гарч байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс чи л өөрөө өөртөө аливааг сануулж өөрийгөө авч явна. Гарах үр дагаварт хариуцлага хүлээхдээ ч адил. Хичээлүүдийн бие даалт, багаар ажиллах, хүнтэй цаг товлох тэр бүү хэл хоолоо хийж идэх, хувцсаа угаах чанартай нойр авах чинь хүртэл чиний л хариуцлагын асуудал. Арван жилд магадгүй цаг хугацаа чамайг хүлээхгүй гэж сургасан бол одоо чамайг юу ч хүлээхгүй шүү шинэхэн оюутан минь.
4. Хоббиндоо цаг гарга: Хоббиндоо зарцуулсан цаг хэзээ ч дэмий өнгөрүүлсэн цаг байдаггүй гэдгийг үргэлж сана. Магадгүй чи хоббигүй бол өөрийн хоббигоо олж авах хэрэгтэй. Оюутан ахуй үе бол дуртай зүйлдээ цаг гаргах сүүлийн завтай цаг хугацаа байж магадгүй юм.
5. Сургалтын төлөвлөгөөтэй сайтар танилцах: Хичээлийн хуваарь, хичээл орох анги танхим мөн ямар хичээлээс хэдэн кредит үз гэсэн байгааг сайтар харж байж хичээлийн төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Ингэснээр хичээлээс хоцрох анги танхимаа андуурах болоод илүү сургалтын төлбөр төлөхөөс гадна заавал судлах хичээлээ орхигдуулах зэрэг эрсдэлтэй.
6. Хичээлдээ яв: Мэдээжийн хэрэг, тийм үү? Гэхдээ өглөөний 8 цагийн хичээлд унтаж, таслах санаа төрж магад. Найз нөхөд, залхуурал, буруу зуршил гэх мэт уруу таталтаас зайлсхийгээрэй. Хичээлдээ заавал сууснаар хичээлээс гадна шалгалтанд юу ирэх, хугацаа өөрчлөгдөх гэх мэт чухал мэдээллийг багш нараас авах болно.
7. Харилцаа холбоог бий болгох: Ангийнхан, багш нартайгаа маш сайн холбоотой байх хэрэгтэй. Мөн сургуулийн янз бүрийн клубүүдэд нэгдээрэй. Энэ бол найз нөхөдтэй болох, сонирхсон зүйлээ судлах сайхан арга юм.
8. Тусламж хүс: Шинэхэн оюутан болсон чамд мэдэхгүй, эргэлзсэн, чадахгүй олон зүйл тулгарч болзошгүй. Тулгарсан асуудлаа шийдэх үедээ дээд курсийнхнээсээ асууж лавлах зүйл байвал асууж сайн тодруулах хэрэгтэй шүү. Мөн ямар багш илүү сайн заадаг гэдгийг тэр мэддэг учир багш болон хичээлийн хуваарийн сонголтод чинь тусалж чадна. Түүнчлэн багш ангийнхнаасаа тусламж хүсэхдээ ичих хэрэггүй.
Үүгээр энэхүү зөвлөмж маань дуусаж байна. Эцэст нь гэж хэлэхэд эрдэм номтой сайн хүн болоод ирээрэй гээд чиний төлөө хичээж байгаа аав, ээжийнхээ итгэлийг бүү хөсөрдүүлээрэй. Амжилт.
Нийтлэлийг А.Саранчимэг