YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тэр найз маань их царайлаг гоё биетэй янз бүрийн авьяастай л даа. Харин би илүүдэл жинтэй царай муутай тийм ч олон зүйл хийж чададгүй шууд утгаараа бол арчаагүй амьтан.
Сайн байна уу. Би 14 настай. Анх нэгдүгээр ангиасаа найзалсан найздаа сайн болчих юм. Өдөр шөнөгүй бодогдоод байх юм.
Тэр найз маань их царайлаг гоё биетэй янз бүрийн авьяастай л даа. Харин би илүүдэл жинтэй царай муутай тийм ч олон зүйл хийж чаддаггүй шууд утгаараа бол арчаагүй амьтан л даа. Тэр найз бид хоёр нэлээн хөндий харьцаатай болчихсон. Одоо яг яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Хүнийг хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлаж сурах буюу өөрийн үнэ цэнийг мэдрэх нь бидний хийж чадах хамгийн эхний үйлдэл юм шүү.
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хэн нэгэнд сэтгэл татагдан хайртай болох нь хүн бүрийн хувьд их нандин үнэ цэнтэй зүйл болов ч бид хэнд хайртай болохоо зориудаар сонгодоггүй шүү дээ. Тиймээс хэн нэгний сэтгэлийг хүчлэх боломжгүй гэдгийг ойлгоорой. Харин хүнийг хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлаж сурах буюу өөрийн үнэ цэнийг мэдрэх нь бидний хийж чадах хамгийн эхний үйлдэл юм шүү. Үүний тулд эхлээд өөрийгөө таньж мэдэх буюу өөрийн давуу, сул талуудаа олж мэдэх, өөрийн сэтгэл санааг тайван байлгахад анхаарах, өөрийн дуртай зүйлсийг хийхэд илүү их цаг зарцуулах, ур чадвараа сайжруулж өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө үнэлдэг, өөрийгөө юу хүсэж байгааг мэддэг, ойлгодог, өөрийн ур чадвараа сайжруулдаг, хичээдэг хүнд хүн хамгийн их татагддаг юм шүү. Гэхдээ дээр дурдсанчлан хэн нэгний сэтгэлийг хүчээр татах боломжгүй учраас зөвхөн тэр хүний төлөө хичээх сонголт хийх нь бодит бус хүлээлт үүсэх эрсдэлтэй юм. Өөрийгөө үнэлж, өөртөө итгэлтэй байвал сэтгэлээ илчлэхэд, түүнтэй харилцахад, болзоонд урихад илүү дөхөм байх юм шүү. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
АСУУДАЛ: Би үеийнхээ эрэгтэй хүүхдүүдтэй юм ярьж чаддаггүй ярих гэхээр нэг л болж өгдөггүй.
Сайн байна уу? Би одоо 16 настай эмэгтэй. Надад нэг асуудал байдаг. Тэр тухай зөвлөгөө авмаар байна. Би үеийнхээ эрэгтэй хүүхдүүдтэй юм ярьж чаддаггүй, ярих гэхээр нэг л болж өгдөггүй. Ярих гэхээр нэг сонин болоод үг хэлж чаддаггүй. Шаардлагатай үед л ганц нэг асуулт асууж, эсвэл хариулж чаддаг. Яг харьцах гэхээр ичээд байгаа ч юм шиг эсвэл айгаад байгаа ч юм шиг. Эсрэг хүйстэнтэйгээ яаж харьцаж яаж ойлголцох эсэхээ мэдэхгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Харилцааны ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд практикт турших нь чухал. Харилцаж байж харилцаж сурна. Ярьж байж ярьж сурна.
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидалдаа “Эсрэг хүйстэнтэйгээ яаж харилцах, яаж ойлголцохоо мэдэхгүй байна” хэмээн бичжээ. Тэгвэл чамайг охидтой харилцахдаа ичиж сандарсан мэдрэмжгүй, чөлөөтэй ярилцаж, ойлголцож чаддаг гэж ойлгож болох уу? Хэрэв тийм бол энэ насан дээр эсрэг хүйсийн хүнтэйгээ харилцахад хүндрэлтэй байх нь хэвийн юм шүү. Олон өсвөр насныханд шинэ харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй байдаг. Ялангуяа эерэг хүйсийн хүнээ шохоорхож байгаа үед илүү төвөгтэй байдаг байна.
Хөвгүүд эсвэл хэн нэгэнтэй ярилцаж сурч болдог ба харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Мөн мэдээж харилцааны ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд практикт турших нь чухал. Харилцаж байж харилцаж сурна. Ярьж байж ярьж сурна. Тиймээс хөвгүүдтэй харилцаж туршиж байж юу болж байна, юу болохгүй байгааг мэдэх боломжтой. Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны хэв маяг өөр учраас харилцахад хэцүү байж магадгүй юм. Тэгвэл хэрхэн харилцах талаар зөвлөмж хүргэе.
Өөрийнхөөрөө байж зүгээр л яриа эхлүүлээрэй. Асуултад хариулахдаа аль болох нэг үгээр биш урт өгүүлбэрээр хариулахыг хичээгээрэй. Мөн хөвгүүд хувийн асуултаас илүү сонирхол хобби, танин мэдэхүйн талаар сонирхдог тул эдгээр асуултад хариулах магадлал илүү их байдаг байна. Өөрийнхөө болон түүний сонирхлын талаар, саяхан үзсэн кино, сонссон хөгжим, сургууль дээр юу болсон талаар гэх мэт та хоёрын дунд нийтлэг байж болох зүйлсийн талаар яриагаа эхэлж болох юм. Бид хэлээрээ ярихаас гадна биеэрээ ярьдаг. Тиймээс түүнийг сонсож байхдаа толгой дохих, эгцэлж харах, инээмсэглэх, дэмжих үг хэлээрэй. Хөвгүүдтэй эсвэл өөр хүмүүстэй ч сайн харилцаа тогтооход өөртөө итгэх итгэл хамгийн их нөлөөлдөг юм шүү. Тиймээс чөлөөт цагаа өөртөө зориулж дуртай зүйлсээ хийж, ур чадвараа сайжруулж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлээрэй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх