"Би МАНЛАЙЛАГЧ хүүхэд, гэхдээ АНГИЙНХАН минь НАДАД ДУРГҮЙ"


ССҮТөв | YOLO.MN
2017-02-06

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Манай ангийн хөвгүүд надад их дургүй байдаг

Магадгүй дэг журамтай байлгахын тулд миний хийдэг үйлдэг, үгс маань таалагддаггүй байх. Би гэхдээ ангийн дарга байх дуртай. Гэвч өөрийгөө тэдэнд хэрхэн зөвөөр ойлгуулах вэ

Сайн байцгаана уу? Танай yolo.mn сайтын Асуумаар булангийн байнгын уншигч би. Өсвөр үеийнхэн бидэнд хэрэгтэй зөвлөгөө оруулдагт үнэхээр их баярлалаа. Би төгсөх ангийн эмэгтэй сурагч бас ангийн дарга.

Уг нь ангийн дарга хүн ангидаа нэр хүндтэй хүн байх ёстой. Гэвч би тийм биш юм шиг, яагаад ч юм тэгж санагддаг. Ангийн багш, бусад багш нар зарим нэг ангийн хүүхдүүд, зарим найз нар маань намайг хүндэлдэг л дээ. Гэхдээ бүгдээрээ тийм биш болохоор хэцүү санагддаг. Манай ангийн хөвгүүд надад их дургүй байдаг. Яагаад гэдгийг нь би өөрөө ч ойлгодоггүй. Магадгүй дэг журамтай байлгахын тулд миний хийдэг үйлдэг, үгс маань таалагддаггүй байх. Би гэхдээ ангийн дарга байх дуртай. Гэвч өөрийгөө тэдэнд хэрхэн зөвөөр ойлгуулах вэ?

Бас би ямар нэгэн байдлаар хөвгүүдтэй ер нь эрэгтэй хүүхэдтэй  харилцаж огт чаддаггүй. Танилцана гэхээс айгаад байдаг. Танилцаад юу гэж ярих уу? уулзъя гэвэл яана гээд ер нь л тоотой хэдэн эмэгтэй найзтай. Яаж эрэгтэй хүүхэдтэй харилцаж сурах вэ?


ЗӨВЛӨГӨӨ: Яагаад таныг хүндлэх ёстой вэ гэдэг шалтгааныг нь та гаргаж өгөөрэй  

Эргэн тойрны хүмүүсдээ хүлээн зөвшөөрөгдсөнөөр бид өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Итгэл, хүндлэл гэдэг хүний эрхэм чанарууд. Хүндлэлийг авахын тулд өгч сурах нь илүү чухал гэдгийг санаарай.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд захидал илгээсэнд баярлалаа. Аливаа өөрчлөлт өөрийгөө үнэлж дүгнэсэн цагаас эхэлдэг. Танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Ямар нэгэн зүйл хийж байгаа хүний ажил эргэн тойрны бүх хүнд бүгдэд нь таалагдана гэж байдаггүй. Бүх хүн нэг өнгөнд дуртай байдаггүйтэй адилхан бүх л зүйл өөрийн давуу болон сул талуудтай. Бид нөхцөл байдлыг үнэлж үзээд зөв гэж бодсон сонголтоо хийсэн байдаг. Ангийн даргыг сонгох үед өөрт тань тэр албанаас татгалзах боломж байсан. Гэвч та тэгээгүй. “Энд одоо” хэмээх сэтгэл судлалын нэгэн зарчим байдаг бөгөөд хүн байгаа цаг хугацаандаа, байгаа газраа хамгийн сайнаараа байхыг хэлдэг. Тиймээс та нэгэнт сонголтоо хийсэн болохоор өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийхийг хичээгээрэй.

2. Эргэн тойрны хүмүүсдээ хүлээн зөвшөөрөгдсөнөөр бид өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Итгэл, хүндлэл гэдэг хүний эрхэм чанарууд. Яагаад таныг хүндлэх ёстой вэ гэдэг шалтгааныг нь та гаргаж өгөөрэй. Хүндлэлийг авахын тулд өгч сурах нь илүү чухал гэдгийг санаарай.

3. Аливаа зүйл хүнд төлөвшихөд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд физиологийн хувьд ялгаатай байдаг ч сэтгэлзүйн хувьд олон талаараа төсөөтэй. Эрэгтэй хүүхдүүд надаас өөр гэдэг бодол нь харилцаанд саад болж байдаг. Эрэгтэй хүүхэдтэй зөв харилцаж сурахын тулд туршлага хэрэгтэй.

Хамгийн сүүлд нь хэлэхэд төгсөх анги учир ангийхандаа дурсамж үлдээж өгөх тал дээр анхаараарай. Жинхэнэ манлайлагч нар үргэлж төлөвлөгөөтэй байдаг бөгөөд хэзээ ч бууж өгдөггүй. Чи чадна. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Тоонолжин

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers