CNN: Интернэтийг байлдан дагуулж буй Монгол тамирчдын олимпын хувцас


А.Номин | YOLO.MN
2024-07-17

2024 оны Парисын олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцох тамирчдын өмсөх хувцсыг “Michel&Amazonka” брэнд бүтээж, олон нийтэд танилцуулсан.

Тэгвэл уг хувцасны загвар, хийц, нарийн деталиуд цахимд орчинд гаднынхны анхаарлын төвд байна.

Тухайлбал АНУ-ын CNN агентлаг “Интернэтийг байлдан дагуулж буй” хэмээх гарчигтайгаар Монгол тамирчдын олимпын ёслолд өмсөх хувцсыг онцлон гаргажээ.

Хувцсыг монголчуудын уламжлал болон соёлыг илтгэсэн хэмээн тайлбарласан бөгөөд Монголын далбааны өнгө болох цэнхэр, улаан болон цагаан өнгийг хослуулж, “Соёмбо” тэмдгийг шигтгэсэн хэмээн онцлов.

Тамирчдын хувцас цахим орчинд, тэр дундаа ТикТок платформд спорт, загвар сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа бөгөөд загвар сонирхогч Райан Ип өөрийн бичлэгтээ монгол тамирчдын олимпын хувцсыг "Олимп эхлэхээс ч өмнө монголчууд ялчихлаа" хэмээх тайлбартайгаар оруулсан нь хоёр сая гаруй үзэлт цуглуулсан байна. 

Бараг 300 мянган үзэлттэй өөр нэгэн бичлэг дээр Австралийн хэрэглэгч Бий Жэймисон "Деталиуд нь үнэхээр үзэсгэлэнтэй ... бүх зүйлийг үнэхээр сайн бодож боловсруулсан бололтой" хэмээн ярьжээ. 

“Michel&Amazonka” брэнд нь 2020 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын ёслолд тамирчдын өмсөх хувцсыг мөн урлаж байсан юм. 

Монгол Улсын баг тамирчид 1964 оноос хойш олимпын наадмуудад оролцсоор ирсэн бөгөөд анхны алтан медалийг 2008 оны Бээжингийн олимпоос жүдо болон боксын төрөлд хүртэж байв. 

Энэ сарын 26-наас эхлэх олимпын наадамд Монгол Улсаас есөн төрөлд 30 гаруй тамирчин оролцож байна. 

Эх сурвалж: CNN

#Olimp #Michel&Amazonka