Орчин үеийн шинжлэх ухаанд нэгэн гайхалтай нээлт 2004 онд тохиосон нь Английн Манчестерийн их сургуулийн профессор Андрей Гейм болон шинэхэн доктор Константин Новоселов нар дэлхийд анх удаа ГРАФЕН гэх нэг атомын зузаантай, нүүрстөрөгчийн атомаас тогтсон хоёр хэмжээст материалыг туршилтаар гарган авсан үйл явдал байлаа.
Ийм материал байдгийг эрдэмтэд онолын үүднээс судлан тогтоож, хэдэн арван жилийн турш гарган авах оролдого хийж байсан ч хамгийн амжилттай болсон нь энэ туршилт юм байна.
Графенийг гарган авсан түүх нь их сонирхолтой. Тэдний судалгааны баг тав дахь өдөр бүр үндсэн ажилтайгаа хамааралгүй туршилтууд хийдэг байж л дээ. Нэг өдөр бал чулуунаас хэсэгхэн үйрмэгийг скочоор хуулан авч үзэв. Зарим үйрмэг нь бусдаасаа илүү нимгэн байгаад байлаа. Тэрхүү хуулж авсан үйрмэгээ дахиад скочид наалдуулаад жижиглэн салгав. Бүр нимгэн болоод байв. Энэ үйлдлийг давтсаар байгаад нэг атомын зузаантай хуудсан материал гаргаад авчихжээ. Шинэхэн материалынхаа зарим шинж чанарыг ч судалсан байна. Ингээд 2010 онд Андрей Гейм, Константин Новоселов нарт “хоёр хэмжээст материал болох графентай холбоотой нөлөө бүхий туршилт, судалгаа хийсэн” учраас Нобелийн шагнал олгожээ. Графен бол цахилгааны, дулааны, оптикийн гээд маш олон, өвөрмөц шинж чанар үзүүлдэг материал бөгөөд судалгаа шинжилгээний салбарт ч, технологийн зах зээлд ч маш эрэлттэй байдаг “од” материал билээ.
2010 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн, графенийг нээсэн нэрт эрдэмтэн Константин Новоселов Монголд болох “NomaTech ICMSN-2024” Олон улсын хуралд хүрэлцэн ирэхээр болжээ.
“NomaTech ICMSN-2024” Олон улсын материал судлал, нанотехнологийн хурал нь 2024 оны 7-р сарын 7, 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд оролцохоор дотоод, гадаадын нөлөө бүхий судлаачид ирж байгаа юм байна.
Константин Новоселов өнөөг хүртэл нийтдээ 475 гаруй судалгааны өгүүлэл хэвлүүлсэн. Манчестерийн их сургуулийн харьяа Үндэсний графений институтын анхны захиралаар томилогдож байсан бөгөөд Европын холбооноос хэрэгжүүлсэн Graphene Flagship гэх томоохон төсөлд оролцсон ажээ. 1997 онд Москвагийн физик, технологийн инситутэд магистрын зэрэг, 2004 онд Нидерландын Наймехений Радбау их сургуульд докторын зэргээ хамгаалсан. ОХУ, Их Британийн давхар иргэншилтэй. Хятадын уран бичлэг, орчин үеийн урлаг сонирхдог гээд үнэхээр баялаг намтартай хүн.
Эх сурвалж: МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн харъяа Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх