Бид өдөр тутамдаа идэж буй хоол хүнснээсээ хангалттай шим тэжээлээ авах ёстой байдаг. НҮБ-ын судалгаагаар монгол таван хүүхдийн нэг нь илүүдэл жин таргалалттай гэсэн дүгнэлт гарчээ. Мөн манай улсын хүрээлэн буй орчин хүүхдийн идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх боломжийг хязгаарлаж байгааг судалгаагаар нотолсон байна.
Бид хүүхдүүдийн хоолны шим тэжээл, тэдний дундах таргалалтын шалтгааны талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хоол, тэжээлийн мэргэжилтэн Л.Мөнхжаргалтай ярилцлаа.
-ХҮҮХЭД ТОМРОХ ТУСАМ ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТЫН ТАРХАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА-
YOLO: Сүүлийн үед монгол хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж байна. Учир шалтгаан нь юунд байна вэ?
-Монгол хүүхдийн таван хүүхдийн нэг нь илүүдэл жин, таргалалттай байна. Хүүхэд нүүрс ус, өөх тос, уураг, аминдэм, эрдэс бодисыг хангалттай хэмжээнд авах ёстой. Мэдээж хүмүүс илүүдэл жин, таргалалтад санаа зовсоор л байгаа. Гэхдээ сүүлийн үед гурил будаа огт идэж болохгүй гэх зэргээр янз бүрийн дэглэмийг буруугаар зөвлөсөөр байна. Хүний мэдрэлийн эсийг тэжээдэг В-ийн төрлийн витамин талх, үр тарианд агуулагдаж байдаг.
Түүнээс гадна малын гаралтай өөх муу гэх ойлголттой болчихсон. Гэтэл өөхөнд маш их холестерин агуулагдаж байдаг бөгөөд тархины гол тэжээл буюу шимт бодис нь болдог. Тиймээс хүүхдэд өөх идүүлэхгүй байх нь буруу. Мөн бид хүнсэндээ олон өнгийн жимс, ногоо хэрэглэж хэвших хэрэгтэй. Хамгийн гол нь тэнцвэртэй хооллоод эхэлчихвэл эрүүл бус хүнсний хэрэглээ аажмаар буурдаг.
YOLO: Буруу хооллолт хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Ямар хоол идэхээс шалтгаалж хүүхдийн хөгжил, тархины өсөлтөд шууд нөлөөлдөг. Шим тэжээлгүй хоол идсээр байвал тархины бор, цагаан бодисын хөгжил хоцордог. Тиймээс хүүхдийн оюун ухааны чадавхад хооллолт нөлөөлж байна л гэсэн үг. Мөн таргалалт, илүүдэл жин олон өвчний суурь болдог. Хүүхэд томрох тусам илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдэж байна. Таргалалт хүн амын ихэнх хувийг эзэлчих юм бол үүнийг бууруулсан олон улсын туршлага одоогоор байхгүй байна.
YOLO: Олон улсад хүн амын таргалалтыг бууруулсан туршлага байхгүй байна гэлээ. Тэгвэл бид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Олон улсын хэмжээнд өсвөр үеийнхэн зөв хооллолт, эрүүл аюулгүй орчинд амьдрахаа шаардах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болжээ. НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар хамтран таван жил тутамд хүүхдийн хоол тэжээлийн талаарх судалгаа хийдэг.
Судалгааны дүнгээс харахад долоон жилийн хугацаанд 6-11 насны таргалалт 10 дахин нэмэгдсэн. Энэ нь бид хүүхдийн эрүүл хоол, хүнсний хангамжийн асуудлыг анхаарч авч үзэх шаардлага тулгарсныг илтгэж байна. Хэрвээ үүнийг анхаарахгүй бол цаашид гарах уршиг ихтэй. НҮБ-аас хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих үүднээс "Fix My Food" нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.
Судалгааны дүнгээс дурдвал:
YOLO: Хүүхдийн эрүүл зөв хооллолтын нөлөөллийн аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Fix My Food” аян манай улсад хоёр жилийн турш үргэлжилнэ. Энэхүү аян Вьетнам, Өмнөд Африк, Монгол, Яамайка зэрэг улсуудад хэрэгжинэ. Монгол хүүхдүүдийн эрүүл хоол хүнс тэжээлийн хүртээмжийн судалгааг хийхэд нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь өдөр бүр хийжүүлсэн, чихэрлэг ундаа уудаг.
Мөн 81 хувь нь хангалттай хэмжээгээр жимс ногоо иддэггүй. Сургуулийн үдийн хоол хүүхдүүдийн өдөрт авах шим тэжээлийн 50 хувийг л хангадаг. Тэр тусмаа дотуур байрны хүүхдүүдэд хангалттай шим тэжээлтэй хоол хэрэглэж чаддаггүй. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн орчимд маш их хүнсний зар сурталчилгаа байрлуулсан байдаг.
YOLO: Сургууль, цэцэрлэгийн орчимд түргэн хоолны зар сурталчилгаа их байх нь ямар үр дагавартай вэ?
-Сургууль, цэцэрлэгийн эргэн тойрон дахь зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хүнс, ундааг сурталчилж байна. Тийм учраас монгол хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөхийг хүсвэл энэ асуудалд одоо л анхаарахгүй бол 2030 он гэхэд Монгол Улсын 5-9 насны хүүхдийн 12 хувь, 10-19 насны хүүхдийн 8 хувь нь таргалалтад өртөнө. Тиймээс хүүхдүүд үеийнхэндээ болон эцэг эхчүүддээ нөлөөлөх цаашлаад эрх баригчдад нөлөөлөх шаардлага тулгарч байна.
Бид хүүхдүүдэд эрүүл хоол хүнсийг сурталчлах, мэдлэг боловсрол олгох зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар сурагчдын хоолыг төрөөс хангана гэсэн хуулийн зохицуулалтай ч шим тэжээлийн 50 хувийг л хангаж байна. Үндэстэн дамнасан корпорацууд, түргэн хоолны компаниуд зар сурталчилгаандаа маш их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Энэ нь хүүхдийн сэтгэхүй сонголтод нөлөөлдөг.
YOLO: Тэгвэл бид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Олон улсын судалгаагаар хүнсний орчныг сайжруулахад бодлогын гурван арга зам байдаг. Үүнд:
Чихрийн агууламж өндөртэй ундаанд татвар оногдуулах, зарим улсад хэт боловсруулсан давс, сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулдаг. Манай улсад ийм хууль байхгүй ч, УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар чихэрлэг ундаанд татвар ногдуулах хуулийн төсөл өргөн барьсан. Одоогоор хэлэлцэж байна.
Хоёрдугаарт, эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгааг хянадаг. Тухайлбал хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн үеэр түргэн хоолны сурталчилгаа гаргадаггүй. Яг одоогийн манай улсын Зар сурталчилгааны хууль хангалттай зохицуулж чадахгүй. Хүнсний зар сурталчилгаа хүүхэд, өсвөр үеийнхэн рүү чиглэсэн. Тиймээс зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Гуравдугаарт, хүнсний бүтээгдэхүүний шошгын тайлбарыг дэлгэрэнгүй, хэрэглэгчдэд ойлгомжтойгоор бүтээгдэхүүний нүүрэн талд байрлуулах шаардлагыг тавьдаг. Монголд тухайн хүнс үйлдвэрлэгч, импортлогчид хүсвэл шошгын тайлбарыг тавьж болно. Тиймээс энэ асуудалд маш их анхаарах шаардлагатай.
Дөрөвдүгээрт, сургууль, цэцэрлэг хүүхдийг эрүүл хүнсээр хангах орчин бүрдүүлэх ёстой.
Эцэг, эхчүүд хүүхдийг бор хоолонд орох үеэс нь л анхаарах шаардлагатай. Бага насандаа хоол хүнснээс авсан амтлах мэдрэмж насан туршид нь үлддэг. Тиймээс эцэг эхчүүд багаас нь олон нэр төрлийн хоол хүнс идүүлэх, хүүхдэдээ бантан хийж өгсөн ч олон төрлийн ногоогоор баяжуулж өгөх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх