“Маркетингийн дипломд найдаад хэрэггүй болж дээ, Z үеийнхэн минь...”


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2024-04-04

Маркетингийн мэргэжил эзэмшигчдийн 60 гаруй хувь нь сургуулиа төгсөөд таван жилийн дараа ахлах сургуулийн түвшний ажил хийж байгааг нэгэн судалгаа харуулжээ

Бизнес, нягтлан бодох, санхүүгийн чиглэлийн шинэхэн төгсөгчид л компаниудын хараанд өртөж, маркетингийн мэргэжил өдгөө сонин биш болжээ. Өөрөө өөртөө маркетинг хийж, сошиал хаягтаа дагагчид нэмж өссөн “Z” үеийнхэн мянга мянгаараа маркетингийн мэргэжил рүү хошуурч, ялангуяа брэнд бүтээх, сурталчилгаа хийх зэрэг бүтээлч чиглэлийг сонирхох болсныг “Handshake” онцолж байлаа. 

Ажил мэргэжлийн нетворкингийн үйлчилгээ үзүүлдэг тус платформын мэдээлснээр маркетингийн ажлын байр горилогчдын тоо 2021 оноос хойш бараг гурав дахин нэмэгдээд байгаа ажээ. Гэтэл боловсон хүчний илүүдлийн хажуугаар хиймэл оюун гэсэн шинэ өрсөлдөгч гарч ирснээр маркетингийн төгсөгч нарт ажил олох улам л бэрх болж байна.

Маркетингийн 10 оюутан тутмын бараг зургаа нь сургуулиа төгсөөд таван жилийн дараа ахлах сургууль төгсөгчийн түвшний ажил хийж байгааг “Burning Glass” институт, “Strada Education” сангийн хамтарсан шинэ судалгаа харуулсан юм. 

Тэр ч бүү хэл доогуур түвшний маркетингийн ажлын байр хүртэл одоо ажлын туршлага шаарддаг болсон нь дээрх мэргэжлээр хөлөө олох гэж буй хүмүүс, ялангуяа шинэ төгсөгчдөд цаашдын ирээдүйг нь улам л ээдрээтэй болгож байна хэмээн “Randstad” Хүний нөөцийн зөвлөх компанийн Санхүү, нягтлан бодох бүртгэл хариуцсан Тэргүүн дэд Ерөнхийлөгч Кэти Биркело өгүүлж байлаа. Тэрбээр “Тэдгээр төгсөгчийн тал нь ажлын байр олохгүй гэж би мөрийцөхөд бэлэн. Учир нь төгсөгчид бүгд нэг ижил дипломтой” гэсэн юм. Мөн урьд нь маркетингаар сурах илүү ирээдүйтэй байсан. Харин одоо цаг үе өөр болсон” хэмээжээ.

Брэнд хөгжүүлэлт, зар сурталчилгаанд төвлөрсөн маркетингийн ерөнхий мэргэжил одоо техникийн нэмэлт ур чадвар шаарддаг болоод байгаа юм. Бүтээгдэхүүн үйлчилгээний идэвхжүүлэлт  цахим орчинд хийгддэг болсон тул энэхүү мэргэжил тоо баримт,  дата мэдээлэл рүү илүүтэй чиглэх болсныг  “Kelly Services” хүний нөөцийн агентлаг онцолж байв. Харин тараах материал, график дизайн зэрэг маркетингийн хуучны ажлууд одоо эн тэргүүнд тавигдахаа больжээ. 

Маркетингийн албан тушаалын олон ажил үүргийг одоо генератив хиймэл оюунаар хийх боломжтой болсон. Хиймэл оюун дизайн, зар сурталчилгааны контент хийж чадах тул маркетингийн оюутнуудын мэргэжлээ сонгоход нь түлхэц болсон тэдгээр бүтээлч ажлуудад бүтэн цагийн ажилтан хэрэггүй болоод байна. 

“Kelly Services”-ийн хүлээж авдаг компаниудын ажлын зарын дунд ердөө 3-5 хувь нь л маркетингийн мэргэжилтэн хайдаг байна. Харин 75 хувь нь нягтлан бодох, санхүүгийн мэргэжилтэнтэй холбоотой зар байдаг ажээ.

#мэдээ