Оддын дайн, Бөгжний эзэн тэгээд Dune, Dune, Dune…


О.Төгсжаргал | YOLO.MN
2024-04-02

Анх “Оддын дайн” гэдэг инээдтэй ч гэмээр нэртэй кино 1974 онд дэлгэцнээ гарч үзсэн хүн бүрийг хэлэх үггүй үлгэр домгийн ярианд автуулсан. Үзэж буй киногоо бишрэн шүтэж, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй амьсгаа даран үзэж дуусгасан гэдэг. Энэ киноны Darth Vader хэмээх сөрөг дүр тэр цагаас хойш поп соёлын загалмайлсан эцэг болсон гэхэд хилсдэхгүй.

Та ч гэсэн бүхэлдээ хар өмсгөл өмссөн, хар нөмрөгтэй, самурайн дуулга шиг хэлбэртэй малгайтай, лазер сэлэм барьсан дүрийг хаа нэгтээ харж байсан болов уу? Лазер сэлэм, оддын дунд нисэлдэх сансрын хөлгүүд, галактикийн олон гаригууд, төрөл бүрийн өөр харийнхан гээд л 1974 онд ийм кино үзсэн бол хэн ч алмайрна. Гэвч бид 21-р зуунд амьдарч буй хүмүүс тул яг ийм утга санаатай кино зуу зуугаар нь үзчихсэн. Үзэх, үзэхдээ тэр үеэс хэдэн мянга дахин илүү технологийн дэвшил ашиглаж бүтсэн кинонууд үзсэн. Тиймээс хүмүүс 1974 онд оддын дайн үзээд ямар мэдрэмж төрсөн бол гэдгийг мэдрэх боломжгүй таамаглах төдий л байсаар иржээ.

Тэр цагаас хойш 2001 онд Peter Jackson найруулагч дахин нэг удаа ертөнцийн хүн зоныг кино урлагаар алмайруулав. Тэрээр Дэлхийн кино урлагт “Бөгжний эзэн” хэмээх суут гурвалсан бүтээлийг бэлэглэсэн юм. Epic гэдэг киноны жанр бий. Оддын дайныг жишээ нь Epic Space opera төрлийн кино гэнэ. Агуу их, агуу туульсын талаар үзүүлдэг төрөл. Энэ жанрыг харин Бөгжний эзэн тултал нь дуу алдтал бидэнд харуулсан. Тиймдээ ч 2003 онд гарсан “Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь” кино Оскарын кино наадамд нийт 11-н төрлөөр нэр дэвшээд бүгдийг нь авсан анхны бөгөөд цор ганц кино болон түүхэнд үлдэв. 2003 онд Монголын нөхцөлд тэр киног яг тэр байлдан дагуулж байх үед нь үзсэн хүн ховор биз. Ингээд агуу хоёр туульсын киног үзэлгүй явсаар тэр мэдрэмжийг хэзээ ч мэдрэхгүй байхдаа гэж бодож явлаа. Тэгтэл…  

Америкийн зохиолч Frank Herbert 1965 онд Dune буюу Манхан зохиолоо хэвлүүлэн гаргажээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт тус зохиолыг 1974 онд суут найруулагч Alejandro Jodorowsky кино болгохоор төслөө эхлүүлсэн ч хэд хэдэн шалтгаанаас болоод бүтээгүй юм. Харин 10-н жилийн дараа найруулагч David Lynch тус зохиолоор кино хийж чаджээ. Ингэж кино болохдоо харин Оддын Дайн, Бөгжний эзэн шиг алдар нэрд хүрсэнгүй. Ингээд 37-н жилийн дараа орчин цагийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Denis Villeneuve багаасаа уншиж, шүтэж өссөн зохиолоо кино болгохоор шийдсэн нь 2021 онд Dune: Part One нэртэйгээр дэлгэцнээ нээлтээ хийсэн билээ. Тус бүтээл шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны дээр үзэгч, фенүүддээ маш их таалагдсан. Тэр таалсан фенүүдийн нэг нь миний бие билээ. 2023 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх товтой байсан кино маань хойшлогдож улмаар гурван жил нүдээ чилтэл хүлээсний эцэст энэ сарын нэгний өдөр Dune: Part Two нээлтээ хийж фенүүдийнхээ магнайг тэнийлгэсэн дээ. Харин ингэж удаан хүлээснийх урам хугарч сэтгэл дундуур үлдэх кино болсон байх вий гэх айдас бидэнд байсан. Denis Villeneuve гэх суут хүнд итгэхээс өөр замгүй байлаа.  

Эцэст нь үнэнч фенүүд бид киногоо үзсэн. Тэрээр бидний урмыг огтхон ч хугалаагүйгээр зогсохгүй гайхамшгийг үзүүлсэн юм.  

  • Incendies, Prisoners, Sicario зэрэг аядуу тайван хэмнэлтэй кино хийдгээрээ алдартай Denis Villeneuve найруулагчийн өөр нэг онцлох шинж нь зураг авалт ба өнгө тавилт. Кино бол visual урлаг. Бид харж сайхныг нь мэдэрдэг. Харах энэ мэдрэхүйд минь таашаалыг тултал амтлуулдаг уран бүтээлчдийн нэг бол тэр. Ийм artistic, aesthetic өндөртэй урлаглаг бүтээл туурвиж чаддаг ур чадвартай найруулагч шинжлэх ухааны уран зөгнөлт эпик кино хийвэл ямар агуу бүтээл төрж болдгийг Dune: Part Two бидэнд харуулах шиг боллоо. 2 цаг 45 минут үнэнч фен миний хувьд лав хангалттай байсангүй. Цааш нь үзээд л баймаар бишрээд л баймаар сайхан байлаа.  
  • Киноны хамгийн чухал ажлуудын нэг бол продакшн дизайн. Зураачийн ажил киног ямар сайн болгож чаддагийг нь энэ бүтээл бидэнд тодхон харууллаа. Зөвхөн нэг жишээ татахад Харконнэнчуудын амьдардаг Giedi Prime гаригт болж буй сцена-д бүр алмайрч гүйцэв. Тэр хөгжим, тэр зураг авалт, тэр жүжиглэлт, тэр cgi, тэр хувцас, тэр дизайн, тэр туульс мэт үзэгдэл, тэр уур амьсгал. Айдас төрүүлэх хэрнээ огшоох нь юутай сонин. Дүрийг ингэж танилцуулдаг ажээ. Тухайн болж буй үйл явдлаа ингэж мэдрүүлдэг ажээ. Энэ мэт үзэгдэл бүр минут секунд бүр үнэ цэнтэй байлаа. 
  • Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь киног үзэж байсан бол Минас Тиритын төлөөх тулааны сценийг та санаж байгаа болов уу? Тэнд үзэгчид нь дүрүүдтэйгээ хамт огшиж хамт тулалдаж туульсын суу алдрыг мэдрэн үздэг. Энэ эпик хэрнээ үзэсгэлэнтэй зураглал кино сонирхогчдын зүрхийг эрхгүй эзэмддэг буй заа. Яг тэр мэдрэмжийг оддын дайны мэт харийн ертөнцөд энэ цаг үед бидэнд өгнө гэдэг ямар их авьяас, сэтгэл зүрх, хөдөлмөр вэ? Энэ киноны ерөнхий зураглаачаар ажилласан Австралийн зураглаач Graig Fraser гэх энэ эрхмийг хүндлэхгүй, бишрэхгүй байхын аргагүй. Миний юу ярих гээд байгааг та кино театрт тэр тусмаа IMAX танхимд өөрөө үзээд ойлгоорой.  
  • Мөн энэ дээр нэмэхэд Зураглал хэдий туульсын байлаа гээд түүнийг улам амт оруулж, хүчирхэг болгох хөгжим байхгүй бол үзэгчид яаж бүхэлд нь мэдэрч чадах билээ. Агуу хөгжмийн зохиолч Hans Zimmer энэ киноны хөгжмийг бичсэн нь нүдээ олсон хэрэг болжээ. Ер нь ч энэ кинонд ажилласан хүн болгон нүдээ олж.  
  • Хүчирхэг эсрэг дүр гэдэг ямар их үнэ цэнтэй чухал хүчин зүйл вэ? Baron Vladimir Harkonnen, Feyd-Rautha, Rabban гэх мэт Харконнэнчуудын хөгжүүлэлт биширмээр. Тэднийг гарах болгонд жихүүцэм, айдас төрүүлэм мэдрэмж төрнө. Ингэж мэдрүүлэхийн тулд зүс царай, өмссөн хувцас, ярьж хэлж буй үгс, гаргаж буй ааш араншин гээд олон хүчин зүйл бүгд адил тэгш сайн байх шаардлагатай. Ийм хүнд даалгаврыг биелүүлж чадсан нь гайхалтай хэрэг. Эдгээр дүрийг бүтээсэн жүжигчдийг магтан дуулья. Stellan Skarsgard, Dave Batista тэгээд гайхамшигт Austin Butler.  

Dune: Part One бол киноны гол дүр болох Timothee Chalamet-ийн бүтээсэн Paul Atreides-ийн кино байсан бол энэ кино Zendaya-ийн бүтээсэн Chani-ийн кино байлаа.  

Фэнийх нь хувиар би энэ кинонд 11 оноо өгнө. Харин өөлөх шалтаг ол гэвэл төгс зүйл байхгүй учраас хэд хэдэн сул тал нэрлэж болно. Сул тал гэхээс илүү ингэсэн бол илүү гоё доо гэсэн зүйлс л байна. Магадгүй Feyd-Rautha, Эзэн хааныг илүү гаргасан бол зарим нэг үйл явдлыг жоохон удаан өрнүүлсэн бол гэх сэтгэгдэл бий. Гэсэн ч эрхэм хүндэт Denis Villeneuve танд кино урлагийн өмнөөс гүнээ талархал илэрхийлье. Маш их баярлалаа. Үүнээс хойш Оддын дайн, Бөгжний эзэн, Аватар тэгээд бас Dune гэж ярих болно. Dune trilogy болоосой гэмээнэ гурав дахь кино гарах өдрийг  хүлээж суух л үлдлээ.  

 

#нийтлэл