“ОЙ ЯГ...” танин мэдэхүйн өртөөчилсөн аялалд 1000 хүүхэд хамрагдаж байна


О.Батхишиг | YOLO.MN
2024-03-28

Өвөл зунгүй ажилладаг цэцгийн хүлэмж, 300 гаруй амьтны үзмэртэй музей, 30 гаруй зүйлийн 3500 ширхэг модтой цэцэрлэгт хүрээлэн бүхий Экологийн боловсролын төв Улаанбаатарт байдгийг та мэдэх үү?  

МУИС-ийн дэргэдэх Экологийн боловсролын төвд жилд дунджаар 10 мянган хүн зочилдог. Тэр дундаа ЕБС-ийн сурагчид байгалийн шинжлэх ухааны мэдлэгээ тэлэх, экологийн суурь боловсролыг авах үүднээс анги хамт олноороо зорьж ирэх нь олон аж.  

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас алслагдсан дүүргийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгохоор “ОЙ ЯГ...”  өртөөчилсөн аяныг дэмжин эхлүүлжээ. Тус аянд 159, 16, 28, 147 дугаар сургуулийн наймдугаар ангиас дээш ангийн 1000 хүүхэд хамрагдаж байна. 

Сурагчид тусгайлан тохижуулсан таван төрлийн тэнхимд сэдэв бүрийн хүрээнд 15 минут сонирхолтой мэдээллийг авах юм. Экологийн боловсролын төвийн багш н.Сүнжид хэлэхдээ 

-Хүн мэддэг зүйлээ л хайрладаг. Усаа хэмнэе, мод таръя гэх хэвшмэл уриалгыг мянга хэлээд хүүхэд чихнийхээ хажуугаар л өнгөрөөнө. Нэн ялангуяа ухаалаг утасны хэрэглээ газар авсан энэ үед байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг урьдын адил заагаад тогтоож авах хүүхэд цөөн. Тиймээс аль болох үзэж, хэрэглэдэг цахим хэрэглэгдэхүүнтэй нь холбож бид сонирхолтой байдлаар экологийн боловсролыг олгохоор зорьж байна. Өртөөчилсөн аяллын дараа хүүхдүүдийн сэтгэгдлийг бичүүлж авдаг. Биологийн хичээлдээ илүү сонирхолтой болсноо, шинэ зүйл мэдэж авснаа, экологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй болсон зэрэг эерэг сэтгэгдлүүд их бий.

Өртөөгөөр аялсан сурагчид шувууны үүр, модны навчис, уд модыг ч ондоо өнцгөөр харж мэдэрдэг болдог. Байгалиасаа мэдрэмж авч чаддаг хүүхдүүд ирээдүйд аз жаргалтай амьдарна. Хүүхдүүдэд танин мэдэх хүсэл их бий. Танин мэдүүлэх орчин нь Улаанбаатарт хомс. Үүнийг бид байгуулж, мэдүүлж байна гэв. 

Экологийн боловсролын төв өнгөрсөн онд хоёр шинэ танхимыг тохижуулсан. Нэг нь хүүхдүүдэд байгаль орчны хууль эрх зүйн анхан шатны мэдлэгийг олгох зорилготой байгаль орчны эрх зүй танин мэдэхүй танхим. Удаах нь тэрбум мод сангийн дэмжлэгтэй байгуулсан “ ЯГ ОЙ...” тэнхим юм. Экологийн боловсролын төв найман настай балчраас наян настай бууралд хүртэл нээлттэй агаад нийт 40 төрлийн хөтөлбөрөөр ажиллаж байгаа аж.  

#мэдээ