Түүхийн бараан хуудсыг туулсан нэрт 7 зохиолч


YOLO.mn | YOLO.MN
2024-03-21

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг “ Дэлхийн зохиолчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Эл өдрийг тохиолдуулан хүн төрөлхтний түүхэн дэх баларшгүй хар мөр, аньж эдгэхгүй цаг хугацаан дундуур туучиж өөрийн амьдралаа, тэр үеийн бодит ахуйг зохиол бүтээлээрээ дамжуулж дэлхийд таниулсан 7 зохиолчийг алдаршуулъя.  

Анне Франк 

Нацист Германы хорих лагерт амиа алдсан еврей охин Анне Франк, түүний өдрийн тэмдэглэлийг уншаагүй, дуулаагүй хүн үгүй биз ээ. Дэлхийн 2-р дайны үед еврейчүүдийг хавчиж, үй олноор нь хүйс тэмтэрч байсан асар хүнд цаг хугацаанд 15 настай бяцхан охин болж өнгөрч буй бүхий л үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Одоо ч хүн бүрийн заавал унших ёстой номын жагсаалтад “ Анне Франкийн өдрийн тэмдэглэл” ном зүй ёсоор багтдаг.   

Эли Визель 

Нобелийн шагналт Эли Визель нацистын хорих лагерьт өнгөрүүлсэн амьдралаараа  "Шөнө" хэмээх дурсамж номоо бичсэн. Түүний эл бүтээл хэрцгий хядлага, зовлон зүдгүүрийн өмнө бөхийлгүй амьдралын утга учаа олохын төлөөх түүний амь дэнчигнэсэн тэмцлийн тухай сэтгэл хөдлөм түүхийг өгүүлдэг.  

Солжениц 

Оросын зохиолч, тэрс үзэлтэн Александр Солженицын ЗХУ-ын бурангуй системийн харгислалыг өөрийн биеэр мэдэрсэн нэгэн. Түүний "Иван Денисовичийн амьдралын нэг өдөр", "Гулаг Архипелаг" зэрэг зохиолууд нь Зөвлөлтийн дэглэмийн шударга бус явдал, хүний эрхийг ноцтой зөрчлийг илэрхийлсэн байдаг.  

Примо Леви 

Еврей гаралтай Италийн химич, зохиолч Примо Левигийн зохиолууд “Холокост”/ Германы зүгээс дэлхийн 2-р дайны үед, ард түмнийг чиглэсэн устгах бодлого/-ын талаар нарийн өгүүлээд зогсохгүй, хүмүүст үзүүлэх нөлөөллийн талаар тодорхой тусгасан байдаг. Түүний "Хэрэв энэ хүн бол", "Үелэх систем" зэрэг ном нь өөрийн амьдралаас эхтэй.

Чинуа Ачебе 

Нигерийн зохиолч Чинуа Ачебе "Зүйлс нуран унах нь" романаараа Африкын колоничлолын нөлөө болон соёлын мөргөлдөөний тухай судалж бичсэн. Ачебе зохиолоороо дамжуулан Африкийн колоничлолын түүхийн бараан бүлгүүдтэй тулгарч, евроцентрик түүхийг эсэргүүцсэн. 

Тони Моррисон 

Америкийн зохиолч Тони Моррисоны бүтээлүүд нь ихэвчлэн АНУ-ын боолчлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, дарангуйллын өвийг тусгасан байдаг. "Хайрт", "Хамгийн цэнхэр нүд" зэрэг зохиолууд нь эдгээр түүхэн шударга бус байдлын сэтгэл зүй, нийгэмд үзүүлэх нөлөөг гүнзгийрүүлэн өгүүлсэн.  

Францын зохиолч Виктор Гюго тухайн үеийнхээ нийгмийн шударга бус байдал, улс төрийн үймээн самууны тухай "Зовдлууд", "Нотр-Дамын бөгтөр" зэрэг бүтээлүүддээ бичсэн байдаг. Түүний зохиолууд 19-р зууны Францын гадуурхагдсан, дарлагдсан бүлгүүдийн зовлон зүдүүрийг гэрчилсэн.  

Эдгээр зохиолчид бусад олон зохиолчдын дунд түүхийн хар бараан хэсгийг гэрчлэхийн тулд уран зохиолын авьяас чадвараа ашиглан, зовж шаналсан хүмүүсийн түүхийг орхигдуулалгүй, хойч үеийнхэнд өнгөрсөн үеийн алдаанаасаа суралцаж байхыг сануулсан юм. 

#нийтлэл