ЗАХИДАЛ: Эвийг нь олоод бүгдтэй нь найзалдаг ч “Чи дут” гэж муухай хардаг


ССҮТөв | YOLO.MN
2024-03-09

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.  

Асуудал 1: Үнэндээ миний хамгийн сайн найз миний сайн хүнд хайртай болчихсон 

Сайн байн уу? Би одоо 12 настай.Үнэндээ миний хамгийн сайн найз миний сайн хүнд хайртай болчихсон. Тийм учраас найзыгаа хаяад найз залуутай болох уу,эсвэл найз хэвээр үлдэх үү гэх бодол ойрын үед миний толгойг өвтгөж байна.Тийм учраас тусламж авах гэсэн юм. Би яавал дээр вэ?  

Зөвлөгөө: Аливаа харилцааны үл ойлголцлыг ярилцаж байж шийддэг 

Сайн уу. Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа.  Сайн найзыгаа  бодоод шийдвэр гаргахад  бэрх  нөхцөлд байгааг нь ойлголоо. “Юуны  өмнө чамайг найз чинь  тэр хөвгүүнд сэтгэлтэй эсэхийг  мэдэх үү?” мөн “Чи өөрийн сэтгэлтэй хөвгүүндээ сэтгэлээ илчилсэн болов уу ?” бас  “Тэр хөвгүүн чамд сайн эсэхийг чи мэдэх үү?” 

Бид бүхэн хэнд сайн болох, хэнд хайртай болохоо сонгодоггүй ч хэнтэй үерхэх вэ? Гэдгээ  сонгох сонголт өөрт нь  байдаг юм шүү. Тиймээс дан ганц нэг хүний  сонголтоор  үерхэл нөхөрлөлийн харилцаа  шийдэгдэхгүй бөгөөд үерхлийн харилцаа хоёр талаас бий болдог гэдгийг  ойлгоорой. Тиймээс шийдвэр гаргахаасаа өмнө эсрэг талын хүнээ сонсох, ярилцаж үзэх хэрэгтэй шүү. Аливаа харилцааны үл ойлголцлыг ярилцаж байж шийддэг. Найздаа хэлээгүй байгаа бол найзтайгаа ярилцаад үзээрэй.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан 

Асуудал 1: “Чи дут” гэж муухай хардаг 

Сайн байна уу? Манай ангийн найзууд бүгд л хөөрхөн, сургуульдаа нэр хүндтэй боловч бусадтай ялгавартай харьцдаг, нэг фракцтай. Би арга эвийг нь олоод бүгдтэй нь найзалдаг ч заримдаа “Чи дут” гэж муухай хардаг. Би яах хэрэгтэй вэ? Заримд нь энэ байдлаа учирлавал чи насандаа бай, сонин юм яриад гэх учир сэтгэлээ уудалж яривал яг л сэтгэцийн өвчтэй мэт болж хувирна. Заавал хариулж өгөөсэй гэж хүсье. Би фракцад орох ёстой юу? Өөрийгөө хэрхэн олж нээх вэ?  

Зөвлөгөө: Сайн найзтай  болохын тулд эхлээд өөрийгөө таньж мэдэх нь чухал 

Сайн байна уу. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад чамайг сонсдог, ойлгодог, хүндэлдэг найз нөхдийн хүрээлэлтэй болох хүсэлтэй байна гэж ойлголоо. Бид найз нөхөдтэй болоод бусдаас авдаг нэг мэдрэмж бол “Миний дуртай хөгжим эсвэл спортод бусад хүмүүс ч гэсэн дуртай юм байна”, “Миний санаа зовдог, айдаг зүйлээс бусад хүмүүс ч гэсэн айдаг юм байна.” Би ганцаараа энэ амттанд хамгийн их дуртай биш надтай адилхан энэ амттанд маш их дуртай хүн байдаг юм байна гэдгийг ойлгох юм. Тиймдээ ч сайн найзууд ихэвчлэн хүсэл сонирхлоороо найзалсан байдаг бөгөөд , үзэл бодол тэр ч бүү хэл өмссөн хувцаслалтын хувьд ч ижилхэн байх нь бий.  Тиймээс  өөрийн  сайн найзтай  болохын тулд эхлээд өөрийгөө таньж мэдэх нь чухал. Өөрийгөө таньж мэдэхийн тулд  олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй бөгөөд дараах асуултад хариулаад үзээрэй. Тухайлбал Чиний онцлог давуу чанарууд юу вэ? Чи юунд дуртай вэ? Аливаа зүйлсийн талаар ямар үзэл бодолтой байна вэ? Юу сонирхдог вэ? урлаг, спорт, хобби аль нь ч  байж болно.   

Эдгээр зүйлсийн талаар өөртэйгөө эсвэл өөрийг чинь хамгийн сайн мэдэх хэн нэгэнтэй ярилцаж мөн тэмдэглэл хөтөлж болно. Өөрийн хүсэл сонирхол, дуртай болон  чаддаг зүйлээ  мэдэж авснаар энэ чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг  дугуйлан олон нийтийн клуб, сургууль номын клуб, спорт, урлаг, гар урлал гэх зүйлсийг туршиж болох юм.  Дуртай зүйлээрээ нэгдэж чадсан, сонирхол нэгтэй хүмүүс  нэгнээ  илүү сайн ойлгож, дэмждэг бөгөөд энэ нь  чамд өөрийн найз нөхдийн хүрээллийг бий болгоход туслах юм шүү. Амжилт хүсье.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан 

Асуудал 3: Хөх хөндүүрлэх боллоо 

Сайн байна уу? Миний сарын тэмдэг 15 хоногийн зөрүүтэй ирж, хөх хөндүүр орох боллоо. Өмнө нь сарын тэмдэг хэвийн, ямар нэг өвчлөлгүй ирдэг байсан, гэвч одоо ийн ирэх боллоо. Ямар нэг асуудал бий болов уу?  

Зөвлөгөө: Охид, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй юм шүү 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Сарын тэмдэг нь хэлбэлзэлтэй ирээд байгаад санаа зовж байгаа юм байна гэж ойлголоо. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар залуу охидын хувьд сарын тэмдэг анх ирж эхэлснээс хойш мөчлөг нь тогтворжих хүртэл нэг жил гаруйн хугацаа шаардагддаг байна. Мөн сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлтөд сэтгэл санааны тогтворгүй байдал , стресс нойргүйдэл, хэт хурц хоол хүнс хэрэглэх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Сарын тэмдэг гэнэт өөрчлөгдөж хэвийн бус болсныг анзаарсан мөн энэ нь удаан хугацаанд үргэлжилж байгаа бол заавал ойр дотны насанд хүрсэн хүнд хандах эсвэл охид, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй юм шүү. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан  

 

#мэдээ