11 настай Мохаммед Зораб өглөө бүр Газын өмнөд хэсэгт орших Рафах хотыг чиглээд алхдаг. Тэрээр том хуванцар сав аваад дүрвэгсдийн төвлөрч буй сургуулиуд руу орно. Мөн замын хажууд байрлах түр хуарангуудыг зорьдог.
Шархадсан хүмүүс рүү яг цагтаа ирдэг явуулын эмнэлэг, задгай гал дээр хоол буцалгах газруудаар ч очдог. "Би гэр бүлдээ хоолтой буцаж ирэхэд тэд баярлаж, бид хамтдаа хооллодог. Заримдаа би гар хоосон харихад их гунигтай” гэж хүү ярьжээ.
Мохаммед дөрвөн хүүхдийн том нь, ээж, аав, дүү нарынхаа хамт брезентээр бүрхсэн хоргодох байранд амьдардаг. Тэдний хоргодох байрнаас ус гоожиж, шал нь борооны усаар үе үе дүүрнэ.
Аав Халед нь хоёр сартай охин Ховайдадаа живх худалдаж авах таван шекел (ойролцоогоор 4600 төгрөг) цуглуулахын тулд ажил хайж, Рафахыг тойрон тэнүүчилдэг. Харин Мохаммед гэрийнхэндээ хоол цуглуулдаг мянга мянган хүүхдүүдийн нэг. Тэр ганц аяга шошыг ээж Самардаа өгөхөд ээж нь дүү нарт нь тарааж, өөрөө бараг иддэггүй. "Би ясны хорт хавдартай, одоо 31 настай, гэхдээ чи намайг хараад 60-тай гэж бодож байгаа байх. Би алхаж чадахгүй. Алхвал их ядардаг. Миний бүх бие өвддөг, эмчилгээ, хоол тэжээл хэрэгтэй” хэмээн Самар ярьжээ.
Ердөө хоёр долоо хоногийн өмнө Израилийн цэрэг Хамас бүлэглэлийн барьцаалсан хоёр хүнийг аврах ажиллагаа явуулахад Палестины 70 гаруй хүн амиа алджээ.
Хэдийгээр Газын хүн амын 85 хувь нь дүрвэсэн ч тус бүс нутагт ирж буй тусламж шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна. НҮБ-ын мэдээлснээр өдөрт 500 ачааны машин тусламж шаардлагатай. Гэвч дунджаар 90 машин л ирж, Газын хойд хэсэгт байдал маш хүнд болжээ. Үүнээс гадна гэмт хэргийн бүлэглэл дайрч, хүмүүс цөхрөнгөө барж байна. Ачааны машины жолооч нарт ямар ч хамгаалалт байхгүй тул НҮБ-ын ажилтнууд Газын хойд хэсэгт хүнсний тусламжийг түр зогсоожээ ХАМАС-ын удирддаг Газа дахь цагдаа нар израйл цэргүүдэд буудуулах вий хэмээн болгоомжилж, хүнсний ачааны машинуудыг дагалдан явахгүй байна.
Нөгөөтээгүүр байлдааны ажиллагаа явуулахыг Израилчуудын дийлэнх нь дэмжсээр байна. Газын энгийн иргэдэд тусламж үзүүлэх ажлыг эрчимжүүлэхийг дэмжсэн тодорхой байр суурь байхгүй байна. Саяхны нэгэн санал асуулгад оролцогчдын 68 хувь нь ХАМАС-ын зүгээс Израилчуудыг барьцаалсан хэвээр байхад Газад хүмүүнлэгийн тусламж шилжүүлэхийг эсэргүүцжээ. Тэдний нэг нь "Хүмүүсийг маань бидэнд эргүүлж өг, бид та нарт хоол, эм тариа өгье. Ийм энгийн зүйл шүү дээ." хэмээн ярьжээ.
Газын зурваст буяны зарим байгууллага хүнсний нөөцийнхөө үлдэгдлийг ашиглан тодорхой хэмжээний тусламж үзүүлж байна. Action Aid-ийн мэдээлснээр, өнгөрсөн сард дотоод дүрвэгсдийн хамгаалах байр, эрүүл мэндийн төвд үзлэгт хамрагдсан хоёр хүртэлх насны зургаан хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн хурц дутагдалд орсон. Хүн амын хоол тэжээлийн байдал гурван сарын дотор дэлхийн хэмжээнд урьд үзэгдээгүй доод түвшинд хүрч буурсныг буяны байгууллага хэлж байна.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх