“MEF | Youth Perspective”: Бялуугаа хувааж идэхээс илүү, бялуугаа томруулахад анхааръя


О.Батхишиг | YOLO.MN
2024-02-05

Монголын эдийн засгийн чуулгантай хамтатган “MEF | Youth Perspective”  үйл ажиллагаа “Бүс нутгийн засаглалд залуусын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд боллоо.  

Монгол улс 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж  21 аймгийг зургаан бүсэд хуваасан. Улмаар бүс бүрийн онцлогт тулгуурлан хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх аж. 

 Ийн орон нутагт дэд бүтцийг хөгжүүлж, Улаанбаатар болоод гаднын улс руу чиглэх залуусын хэт урсгалыг сааруулах, хүний нөөцийн дутагдлыг бууруулахаар зорьж байгааг эдийн засгийн форумаар онцлов.  

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Улаанбаатар хотод хэт олон их дээд сургууль төвлөрсөн. Залуучуудын олонх нь их сургууль төгсөж байгаа ч эргээд ажлын байр олдодгүй. Нэг үгээр шаардлагатай, эрэлттэй мэргэжлийн боловсон хүчин тун цөөн байна. Монголд инженерийн чиглэлийн мэдлэгтэй залуус нэн шаардлагатай. Иймээс бид эрэлт, хэрэгцээнд тулгуурлан Японы КОЙСН боловсролын системийг хөгжлийн төлөвлөгөөндөө тусган 21 аймагт текникийн боловсролын төвүүдийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна гэв.

 

Мөн мэдлэгт тулгуурласан эдийн засаг дэлхийн төв болсныг онцолж үүнд Монгол залуучуудын шинэ санаа, инновацыг шингээж, технологи дээр суурилж чадвал дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байв.  

- Дотооддоо орлого бага бүтээж байгаа улс гадагшаа  үнэтэй бүтээгдэхүүн гаргаж илүү орлогыг татаж авдаг. Тэгж байж цаашид юу бүтээхээ сайн мэднэ. Монголд дэлхийн эрэлтэд нийцэх 1000 бүтээгдэхүүн бий. Залуус нэг төвд бөөгнөрөхөөс илүүтэй бүс нутагт,  тэргүүлэх салбаруудад хүч үзэх нь өрсөлдөөнөөс гарч ирэх том боломж. Бидэнд өөрсдийнхөө онцлогийг гадаадын хэрэглэгчдэд таниулах уу эсвэл гадаадын хэрэглэгчдэд зориулж хандлагаа өөрчлөх үү гэдэг хоёр сонголт байна. Шинэ зүйл үйлдвэрлэж байж шинэ дадал, мэдлэг  бүрдэж дагаад хувь хүний чадвар нэмэгдэнэ. Чадвараа  үнэлж чадвал нэг цагт авах хөдөлмөрийн хөлсөө өөрөө тогтооно. Гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар мэдлэг, Ноу-Хау гарч ирдэг. Энэ бол  бидний олж авах зүйл. Хятад улс үүнийг 50 жил нутагшуулж байж өөрөө үйлдвэрлэгч улс болсон. Тиймээс үйлдвэрлэгч, тэргүүлэгч улс болоход залуус өөрсдийгөө хөгжүүлж, давуу талаа олж харах нь чухал болохыг профессор Х.Цэвэлмаа хэллээ.  

Залуус орон нутгийг зорихгүй байгаа гол шалтгаан бол дэд бүтэц, хөгжлийн асуудал. Эрүүл мэнд, эдийн засгийн үр өгөөжийн хувьд асар том боломж тэнд бий ч хөгжлийн хоцрогдол залуусыг Улаанбаатар эсвэл гадны улсыг зориход хүргээд буй. Харин орон нутгийг бүсчилж хөгжлийн асуудлыг орхигдуулахгүй, дэд бүтцийг шийдэж чадвал залуучууд хөдөөг зориход бэлэн байгаагаа илэрхийллээ. 

н.Энхтуул: Миний хувьд орон нутагт ажиллаж, туршлага хуримтлуулах завшаан гарвал татгалзахгүй зүйлгүй. Соёлжсон хотоос хөдөөг зорих эхлээд тийм ч амар байхгүй нь лав. Монголд хүний нөөц том асуудал болж байгаа нь үнэн. Хамгийн гол нь асуудлыг шүүмжлэхээс илүү бодит нөхцөлд би юу хийж чадах гэж өөрөөсөө асууж, жижиг гэлтгүй алхам хийх хэрэгтэй байх. Тиймээс орон нутгийг бүсчилж хөгжлийг ижил түвшинд хүргэвэл залуучууд тийш чиглэхэд бэлэн байгаа.  

н.Жавхлан: Би Дарханаас хотод ирж суралцаж байгаа. Сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллахыг боддог ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, ажлын байр хомс гэх айдас байсан. Харин орон нутгийн хөгжлийг цогцоор нь шийдэж чадвал ямар ч айдасгүй очиж ажиллахад бэлэн байна. Боломж байхгүй газар шинэ боломж байдгийг, асуудал  байгаа газар шийдэл бий үүнийгээ дагаад шинж бизнес, ажлын байр бий болдгийг сайн ойлголоо. 

 

Хоёр өдөр үргэлжилсэн чуулганы төгсгөлд залуучууд баг болж тулгамдаж буй суурь асуудлаа тодорхойлж, шийдлийг эрэлхийлэв. Шийдлийг бодит ажил болгоход залуусын төлөөлөл хамтарч ажиллах аж.  

 

#мэдээ