Хуулийн амин сүнс номын хэсэг эргэцүүлэл


YOLO.mn | YOLO.MN
2024-01-03

Хуулийн амин сүнс ном бол Францын гүн ухаантан, хууль судлаач Чарлз Луи Монтескье-ийн наанадаж 20 жилийн хүч хөдөлмөрөө урсгаж, оюун ухаанаа сийлж хурцлан байж нийтийн хүртээл болгосон бүтээл. Энэ номыг хууль гээч нь ямаршуу нийтийн сэдлээр өдөөгдөн анхны хувилбарууд нь туурвигдаж, тэр нь хүн олны амьдралд хэрхэн нөлөөлж, зарим талаараа хэрхэн хувь заяаг нь хүртэл шийдэж байсан тухай гэх мэт басхүү ярвигтай сэдвүүд эхний хуудсуудын мөр баганыг жирийтэл дүүргэжээ. 

Тэгвэл тэрхүү сэдвүүд дунд “эцэг” санааг нь хариуцан авч явсан ойлголт бол ямар ч улс орон 3 төрлийн засаглалын нэгийг төрт улс нь хэрхэн оршин тогтнохтой уялдуулан нийгэмдээ нийтлэгжүүлсэн байдаг тухай юм. Эдгээр 3 засаглалуудаас шалтгаалаад улсууд Хаант улс, Диспот улс, эсвэл БН улс гэхчлэн тус тусын харьяалалтайгаар оршдог. 

Номонд тайлбарласнаар бол Хаант улс нь ард иргэдээ захиран удирдаж буй Хааны нэр төр, цаашлаад тэрхүү хаанаар овоглогдсон төрийг удирдан залагчдын бүрэлдэхүүний нэр төр дээр нэлэнхүйдээ оршин тогтдог. Энэ төрлийн засаглалтай улсуудын хувьд хаан бол улс эх орныхоо бэлгэдэл, давтагдашгүй мөн чанарын илэрхийлэл. Харин Диспот буюу хэмжээлшгүй эрхт хаант засаглал бол өөр. Үүнийг “Ганцаар эзэрхэх засаглал” гэвэл илэрхийлэгдэх утга нь арай төгөлдөржих ч юм шиг. Диспот улсад ганц хүн хууль ч үгүй, дүрэм журам ч үгүйгээр цэвэр өөрийн итгэл үнэмшил, ашиг сонирхолд тулгуурлаж улс нийтийн хүрээнд хамааралтай шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй. Иймдээ ч Диспот улс цэвэр айдас хүйдэс, тэрхүү айдсаас үүдэж ард олны амь биеэ арай ядан хаацайлан аврахаас цаашлахгүй ядмагхан хүсэл дээр тогтдог. 

Диспот улс, Хаант улс хоёрын 2-уулангийнх нь төрийн дээд эрх мэдлийг хаан нь барьдаг, ганц хүн засагладаг боловч Хаант улсын хаад нь нэгэнт тогтоосон, үл хувирах хуулиар эрх мэдлийг барьдаг гэдгээрээ хамгийн том ялгаа нь тодрон гарч ирнэ. Түүхийн нэгэн хуудсыг сөхвөөс Францын 14-р Лоуй хааны үед Францад хэмжээлшгүй эрхт хаант засаглал эзэгнэж байсан билээ. Тухайн үедээ улсын цэрэг зэвсэг, олон улсад танигдан хүлээн зөвшөөрөгдөх хүчин зүйлсийнхээ хувьд Франц улс маш хүчтэй байсан ч ард иргэдийнх нь амьжиргаа, аж ахуй нь цаг хугацаа өнгөрөх тусам доройтож, маш өндөр татвар төлж амьдардаг байсан. 

Үүгээр ч зогсохгүй өндөр татвар нь тогтмол улам ихэссээр л байдаг буюу тэрхүү хүнд хэцүү ачааллыг бүр хуульчилаад өгчихсөн учир хэний хүү ч өөдөөс нь сөрөн үг дуугарах боломжгүй гэмээр нөхцөл байдал цагийг эзэлж байлаа. Энэ үеэс л хүмүүс нийтээрээ ардчилалд бага багаар тэмүүлэх хөлийн мөрнүүд тодорч эхэлсэн юм. Ардчиллын үнэ цэнийг бий болгох хүсэл эрмэлзэл ийм өндөр үнээр бүрэлдэж байсан гэдгийг ойлговол зүйтэй. 

Тэгвэл БН засаглал буюу ардчилсан засаглалт төрт улс юун дээр тогтдог вэ? Тэгш эрх дээр үү? Ард олон дээр үү? Дарангуйлалгүй нийгэм дээр үү? Ардчилсан засаглал нь номын зохиолч Монтескье-ийн хэлснээр ВИРТУ дээр тогтдог. 

Вирту нь Латин хэлний виртус гэдэг үгнээс гаралтай. Энэ үг нь филисофийн ухаанд маш чухал ойлголтыг илэрхийлж байдаг нэгэн төрлийн томьёолол үг гэгддэг. Гэвч ВИРТУ нь тухай тухайн үеийнхээ нийгэм, түүхийн байр байдал, цаг үеэс шалтгаалаад зарим талаараа бага зэрэг шашны тодотголуудыг өөртөө шингээсэн байх тохиолдол байсан ч гэж яригддаг юм. Сэргэн мандалтын үеийн Италийн улс төрийн зүтгэлтэн Никколо Макиавелли нь Хунтайж номондоо уг үгийг “бусдын нийтээрээ хүлээн зөвшөөрч шагшин магтдаг эрэлхэг зоригтой, өгөөмөр, энэрэнгүй сэтгэлийн төлөвшил” хэмээн томьёолсон байдаг. Харин эртний Грекийн гүн ухаантан Аристотель хамгийн чухал 4 вирту бол “цэцэн мэргэн байдал, шударга ёс, даруу зан, эр зориг” гэж өгүүлж. 

“Монтескьегийн вирту” тэгвэл арай ондоо. Тэр “вирту” гээчийг цэвэр эх орноо хайрлах хайр хэмээн тодорхойлжээ. Вирту нь өөрөө төрмөл өгөгдөл байж болно. Хэн ч цэвэр виртутэй хүн болох боломжтой буюу виртутэй байх эсэх нь хаан эсвэл харц хүн байхаас үл хамааралтайгаар хүн бүрт төлөвшиж болдог. Гэхдээ вирту жинхэнэ утгаараа төлөвших хамгийн боломжтой цаг үе бол хүүхэд байх үед. 

Вирту-г тэгвэл яаж төлөвшүүлэх вэ гэвэл хүмүүжилтэй маш нягт холбоотой. Хүмүүжил хаана ч бий болж болох ч гэр бүлийн хүмүүжил нь тухайн хүүхэд ирээдүйд хэн болохтой юутай ч харьцуулшгүй чухал хамааралтай. 

Агуу сэтгэгчдийн вирту өөр өөр цаг үед, ялгаатай тодорхойлолттойгоор оршин тогтнодог. Аристотель, Макиавелли, Монтескье гээд тэд бүгд яг адилхан виртутэй биш. Гэхдээ Монтескьегийн хэлээд байгаа вирту нь бусад философичтынхтойгоо харьцуулаад харахад буянлаг байдал болоод хайр гэсэн ойлголтууд руу илүүтэйгээр чиглэдэг. 

Тэр дээд язгууртан айлд төрсөн сэхээтэн гаралтай нэгэн боловч эцэг эх нь асар их эрдэм мэдлэгтэй ч ядуу буурай нэгэн хүнийг түүний загалмайлсан эцэг болдог. Тэр амьдралын олон талыг мэддэг, юм юмыг харж мэдэрч өссөн. Түүнчлэн Монтескье нь католик шашинд итгэдэг, христ хүн байсан. Иймдээ ч түүний вирту гэх ойлголтыг харах итгэл үнэмшил бүрдэх үед шашны болоод хүүхэд байхын хүмүүжлийн нөлөө нь орсон ч байж болох юм. 

Юутай ч энэ вирту бол хайр дээр оршин тогтнодог юм байна. Улс эх орноо хайрлаж, буянлаг байх нь тэгвэл биднийг яаж БН засаглал, Ардчилал руу хүргэдэг вэ гэдэг их л сонирхолтой. 

Нэгэн жишээг дурдъя. Түүхийн нэгэн цаг үед Венецийн хаант улсад төрийн эрх мэдлийг бие биедээ халдашгүй байдлаар 3 хэсэгчилж хуваасан ч тэрхүү эрх мэдлийг барьж буй засаглалыг бүрдүүлж байгаа төлөөллүүд дандаа сэхээтнүүд байдаг байсан. Тэгэхээр энэ нь үнэхээр эрх мэдлийг оновчтой хуваарилж байгаа жишээ болж чадахгүй бөгөөд нийгмийн бүхий л анги давхаргуудын төлөөллийг хангасан эрх мэдлийн хуваарилалт жинхэнэ бодит эрх мэдлийн хуваарилалт гэж Монтескье хамгийн анх тодорхойлж байсан. Энэхүү тодорхойлолт нь бас л төлөөллийн ардчилалтай холбогдож байгаа бөгөөд холын утгаараа бол АРДЧИЛАЛ ямар байдлаар оршин тогтнох ёстойг өгүүлэх аж. 

Хуулийн амин сүнс номонд “Хэрэв төлөөний сайд нараа ард түмэн өөрөө томилоогүй бол тэд нар нь юу ч биш. Иймээс энэ маягийн засаглалын үндсэн гол зарчим бол ард түмэн төлөөний сайд нараа буюу төрийн албан хаагчдаа өөрөө сонгоход оршмуй.” гэсэн хэсэг гардаг. Тухайн үеийн Ромын ард иргэд, төрийн эрх баригчид ч энэ номлолтой санал нэгдэн нэгэн зүг рүү харж байсан ч цаг хугацаа өнгөрөх үед номонд гардагчлан “Солон Афины иргэдийг дөрвөн ангид хуваасан байдаг. Ардчиллын үзэл санаанд дулдуйдан сонгох ёстой хүмүүсийг бус, сонгогдож чадах хүмүүсийг хараандаа авсан нь юу вэ гэвэл иргэн бүрд сонгох эрхийг нь олгохдоо дөрвөн анги тутмаас шүүгчдийг сонгохоор болгосон. Чингэхдээ төрийн дээд албан тушаалд баян тарган иргэдийн багтдаг эхний гурван ангиас л сонгогдож болох байжээ.” гэх үйл явдлын эргэлт ч болдог. 

Ромд ардчиллын үнэт зүйлстэй харшилсан зүйл заалтууд бүр ч дэлгэрэн үргэлжилж нийтийн сонгууль нь төлөөллийн шинжтэй болж, цаашлаад сонгуулийг нууцаар явуулах хууль хүртэл батлагдсан нь энэхүү сэргэн мандаж байсан гүрний мөхлийн гол шалтгаан болсон юм. 

Эхлэл хэсгийн цогцолборуудад дурдаж байсанчлан Диспот улс цэвэр айдас хүйдэс, тэрхүү айдсаас үүдэж ард олны амь биеэ арай ядан аврахаас цаашлахгүй ядмагхан хүсэл дээр тогтдог. Дарангуйлалтай нийгмийн дүр зураг ийм. Тийм учраас дарангуйлалтай орны иргэдэд улс эх орон, ард иргэдээ хайрлах хайр, буянлаг байдал төлөвших нь маш бэрх. 

“Нэрээ хичээхийн төлөөх хүсэл эрмэлзэл алга болсон улс даанч хөөрхийлөлтэй. Яагаад ийм болдог вэ гэвэл ард олныг авлига хахуулиар эвддэг. Ингээд олон түмэн юманд тун ч хүйтэн хайхрамжгүй болж мөнгөнд ухаан зүггүй тэмүүлэн улсын хэргийг сонирхох байтугай засгийн газраа ч тоохгүй, засгийн газар нь юу сэдэж бодож байна вэ гэдэг нь ч падгүй, амар тайван цалингаа хүлээгээд л сууж байдаг.” гэж Монтескье Хуулийн амин сүнс номондоо бичсэн. 

Эх орноо хайрлана гэдэг нь үүх түүхээ, өв соёлоо, давтагдашгүй содон байдлаа, ард иргэдээ хайрлаж, тэдгээрийн гэрэлтэй ирээдүй, эрх чөлөөний төлөө хичээн хөдөлдөг байх тухай шүү дээ. Тэгвэл ардчилалын бидэнд өгдөг эрх чөлөө, үүрэг хариуцлага, сонголтыг ашиглаж байж эх орноо жинхэнэ утгаар нь хайрлаж чадах иргэд төлөвшинө. Нөгөө талаараа гэвэл эх орноо хайрлах, буянлаг байх хүсэл эрмэлзэл нь бидэнд ардчиллыг авчирдаг, байгаа ардчиллыг маань бэхжүүлдэг. 

Улс бүрийн иргэд улсаа хайрладаг, виртутэй байх нь хуулинд заагдсан шаардлага биш. Гэхдээ ардчиллыг цогцлоохын тулд бидэнд вирту заавал хэрэгтэй гэх санааг олж авлаа. 

Ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн маш олон онол, тодорхойлолт дунд эргэлдсэн энэ ойлголтыг улс төрийн философийн анхдагч аргументуудын нэгээр ийнхүү гаргаж ирсэн сонирхолтой ном, сонирхолтой санаа байлаа. 

Сэтгүүлч М.Анужин

 

 

 

 

#нийтлэл