Шалгалтын өмнөх орой шөнөжин давтах гэсний хэрэггүй


Сондор | YOLO.MN
2018-05-31

Оюутан сурагчдын хувьд шалгалт өгөх шиг том даваа байдаггүй билээ. Харин өөрийн гэсэн тодорхой арга барилтай бол эрдмийн оройд гарлаа л гэсэн үг . Хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, шалгалтандаа амжилт гаргахыг хүссэн хүн бүрт дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Тайван бай. Хэрвээ чиний ирц бүрэн, даалгавраа цаг тухайд нь бүрэн хийдэг бол маш их мэдлэг хуримтлуулсан гэсэн үг. Энэ суурь мэдлэг таныг шалгалтаа амжилттай давахад тань хамгийн гол тулгуур болж өгнө. Сандрах хэрэггүй. Чи айдсаасаа болж бүх зүйлээ бусниулж мэдэх учраас тайвшир. Хэрвээ тайвшрахгүй бол амьсгалын дасгал хийгээд үзээрэй. Мөн өөртөө итгэх итгэл маш чухал учраас та чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй.

2. Ямар материал ашиглахаа тодорхойл. Шалгалтандаа бэлдэхийн тулд ямар ном, сурах бичиг ашиглахаа шийдэх нь цаг хэмнэхээс гадна цогц мэдлэг олж авахад тус болдог. Хамгийн эхлээд чухал гэсэн сэдвүүдээ унш, тэднийгээ тэмдэглэж аваарай. Мөн шалгалтын хэсэг тус бүр хэдэн оноотойг мэдэж авахыг хичээгээрэй.

3. Төлөвлөгөө гарга. Энэ нь ажил амралтаа зохицуулах шалгарсан арга юм. Шалгалт болоход хэр их хугацаа үлдсэн байна гэдгээс хамаарч хамгийн чухал сэдвээ илүү цагаар давтах хэрэгтэй. Түүнчлэн төлөвлөгөөгөө нарийвчлан гаргавал илүү үр дүнтэй. Жишээ нь: 30 минут хичээллээд 10 минут амрах, 1 цаг уншаад 20 минут амрах гэх мэтчилэн.

4. Суралцах арга барилаа олж мэд. Зарим хүмүүс өнгө өнгөөр тэмдэглэж авсан зүйлээ сайн тогтоож авдаг бол зарим нь хүснэгт, диаграм ашиглаж чээжилдэг. Таны арга барил ямар ч байж болно, гагцхүү өөрт чинь мартагдахааргүй байхад л болно.

5. Эргэлзээтэй зүйлсээ бичиж аваад боломжтой үедээ багшаасаа асуугаарай. Асуулт асууна гэдэг тэнэг хүний үйлдэл биш учраас ичих хэрэггүй. Хэрвээ эргэлзэж байвал маш энгийн зүйл байсан ч асууж байгаарай. Хожим танд хэрэг болох болно.

6. Сайн эх сурвалжтай бол. Хичээллэх гэж буй сэдвээсээ хамаарч өөрт тохирох ном, дэвтрийг худалдан авах хэрэгтэй.

7. Бусдаас тусламж хүс. Та даалгавраа ганцаараа хийлээ гээд илүү оноо авахгүй, тиймээс өөрт чинь тус болж чадах хүнийг сонгоорой. Санаа нийлсэн хүмүүстэй баг бүрдүүлэхэд илүүлэхгүй болов уу.

8. Аль чадахаараа чээжил. Дууны үг, шүлэг, алдартай хүмүүсийн хэлсэн үг, дуртай ишлэл гээд юу хүссэнээ чээжилж болно. Ингэснээр таны ой санамж сайжирч, хэл ярианы баялаг нэмэгдэхийн зэрэгцээ тархи илүү сэргэг болдог. Дахин дахин унших, уншиж тогтоосноо цаасан дээр буулгах нь чээжлэх хамгийн сайн аргууд шүү.

9. Давтах. Тасралтгүй урт хугацаагаар хичээллэхээс илүү богино хугацаагаар дахин дахин давтах нь хамаагүй үр дүнтэй байдаг. Автобус хүлээнгээ, өдрийн хоолоо идэнгээ, шүдээ угаангаа гэх мэт хаана ч хичээлийн тэмдэглэлээ харж болно.

10. Өөрийгөө урамшуул. Энэ нь өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ.

11. Хувийн зохион байгуулалтаа сайжруул. Шалгалтын өмнөх орой нь хичээлийн хэрэглэл, өмсөх хувцсаа бэлдэж тавь. Унтахынхаа өмнө сэрүүлгээ ахин нэг шалгаарай.

12. Эрүүл хүнсийг өөртөө зориул. Шалгалт дөхсөн үед сахарын агууламж ихтэй чихэр шоколад, жигнэмэг, зайрмаг зэргээс зайлсхийж, загасны мах, хүнсний ногоог хэрэглээрэй. Мөн өглөөний цай уух нь сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг байна.

13. Шалгалтын өмнө. Шалгалтын өмнөх орой хангалттай сайн нойр авах нь хамгийн чухал бөгөөд шөнөжин сууж давтах гэсний хэрэггүй.

БҮТ-ийн мэргэжилтэн З.Цолмончимэг

#Lesson #Хичээл #Mission #Зорилго #ЭЕШ