ЗАХИДАЛ: Дотор минь багтаж тэсэхийн аргагүй дэлбэрэхийн наагуур тэвчиж сууна


ССҮТөв | YOLO.MN
2023-12-19

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. 

Асуудал 1: Харилцааныхаа тухай ээждээ хэлэхээс айж байна

Би 12 настай. Саяхнаас нэг хөвгүүнтэй дотно харилцах болсон. Харилцааныхаа тухай ээждээ хэлэхээс айж байна. Үерхэх нас минь болоогүй учир салах хэрэгтэй юу? Эсвэл ээж ааваасаа нуугаад үерхэх ёстой юм болов уу? Би яах вэ?  

Зөвлөгөө: Аав, ээжтэйгээ эхний ээлжид үерхлийн талаар ярилцаад үзээрэй. 

Сайн уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Аав ээж загнах болов уу? Яах бол гэж санаа зовж байна гэж ойлголоо. Аав ээж нь үерхлийн талаар чамтай ярилцдаг уу? Ярилцдаг бол ямар байр суурьтай байдаг вэ? Үерхэх нас болоогүй гэдэг нь чиний бодол уу? Эсвэл аав ээж нь тэгж захидаг уу? Чи үерхлийг юу гэж ойлгодог вэ? Өсвөр насны үерхэлд нэгнээ хүндлэх, эелдэг харилцах, нэгэндээ туслах, нэгнээ ойлгож ярилцах багтдаг. Нууж үерхэх нь олон эрсдэлийг дагуулдаг. Чамд мэдэхгүй зүйл гарлаа гэж бодоход чи нуусан учраас асууж чадахгүй. Асууж чадахгүй байх нь олон эргэлзээтэй бодлыг төрүүлдэг. 

Түүнээсээ болж сэтгэл хөдлөлөөрөө эрсдэлтэй шийдвэр гаргаж магадгүй юм. Тиймээс аав ээжтэйгээ ярилцахыг санал болгож байна. Аав, ээжтэйгээ эхний ээлжид үерхлийн талаар ярилцаад үзээрэй. Дараа нь өөрийнхөө тухай бага багаар ярилцах гээд оролдоод үзээрэй. Ингэх нь дараагийн удаа энэ сэдвээр аав ээжтэйгээ ярилцах, зөвлөгөө авахад хялбар болох байх. Амжилт хүсье.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач Буянжаргал  

Асуудал 2: Яагаад юм бол?  

Сайн байна уу. Би 16 настай. Миний биеийн юм есдүгээр сарын 25-нд ирсэн. Харин аравдугаар сард огт ирээгүй. Нэг сар өнжөөд арваннэгдүгээр сарын 4-нд, 22-нд хоёр удаа ирсэн. Яагаад юм бол?  

Зөвлөгөө:Өөрийн сэтгэл зүйн тогтвортой байдалд анхаарах хэрэгтэй.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Сарын тэмдэг нь алдагдаж ирээд байгаад санаа зовоод байгаа юм байна гэж ойлголоо. Зарим тохиолдолд хэт их ядарч, стресстэйгээс эсвэл хэрэглэж буй хурц хоол хүнснээс болж сарын тэмдэг алдагдах үе байдаг. Тийм болохоор санаа зоволгүйгээр ойр дотнын хэн нэгэндээ хэлж ярилцаад мэргэжлийн охидын эмчид хандах хэрэгтэй. Мөн өөрийн сэтгэл зүйн тогтвортой байдалд анхаарах хэрэгтэй. Жишээ нь: Сайн унтаж амрах, иог бясалгал, дуртай зүйлээ хийх, амрах, ойр дотнын хүнтэйгээ ярилцах гэх мэт. Нэг талаараа биеийн эрүүл мэнд тул охидын эмчээс хэрэгтэй зөвлөмж авах нь дараа дараагийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж буй хэрэг юм. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач Буянжаргал

Асуудал 3: Надад олон сайн найзууд бий. Гэвч тэд намайг ашиглаад байх шиг 

Сайн байна уу? Би 13 настай, наймдугаар ангийн эмэгтэй сурагч. Ойрын үед нэг зүйлд санаа зовж байна. Надад олон сайн найзууд бий. Гэвч тэд намайг ашиглаад байх шиг, найзаа гэж боддоггүй юм шиг санагдах боллоо. Гэхдээ би энэ бодлоо найзууддаа хэлээгүй. Заримдаа тэд миний саналыг сонсолгүй өөрсдөө шийдвэр гаргах нь элбэг. Бас би биеийн тамир дээр ихэнхдээ тоглолгүй ганцаараа алхах болсон. Надтай тоглохыг хүсдэггүй аятай ангийнхан маань над руу нэг л өөр дургүйлхсэн нүдээр хардаг. Энэ тухай багшдаа хэлбэл, багш маань ангийнханд намайг гадуурхаад байгаа юм уу гэж асууна. Тэгээд ангийнхан маань "Хэзээ тэгсэн юм, битгий худлаа яриад бай!" гэж над руу дайрах байх гэж бодоод, бас найзууддаа гадуурхагдсан юм шиг мэдрэмж аваад байгаагаа яаж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ эцэг эх маань байнга хэрэлдээд, ойрын үед сэтгэл минь тавгүйтээд байдаг болсон болохоор би үг дуу цөөтэй болсон. Энэнээс болоод найзууд маань намайг их зан гаргаж байна гэж бодсон юм болов уу? Одоо би юу хийвэл дээр вэ?  

Зөвлөгөө: Ихэнх харилцаанд ярилцаагүйгээс болж үл ойлголцол үүсдэг шүү дээ 

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Найзуудтайгаа ярилцаж ойлголцмоор байгаа гэж ойлголоо. Ихэнх харилцаанд ярилцаагүйгээс болж үл ойлголцол үүсдэг шүү дээ. Тиймээс энэ тохиолдолд эхлээд найзуудтайгаа ярилцах нь хамгийн чухал. Та нар намайг гадуурхаад байна гэж хэлэхгүйгээр зүгээр л мэдрэмжүүдээ ярилцаарай. Жишээ нь: Яагаад сүүлийн үед үг дуу цөөтэй болсон талаараа, сүүлийн үед юу мэдэрч байгаагаа, мөн найзуудаасаа юу мэдэрч байгаа талаар асуух гэх мэт. Бид заримдаа өөрсдөө ч мэдэлгүй хэн нэгнийг гомдоосон байдаг. Тиймээс ямар ч тохиолдолд хэн нэгэн чамд санаатай болон санаандгүй байдлаар эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол ярилцах, хэлэх гэдэг хамгийн зөв сонголт юм шүү.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач Буянжаргал  

Асуудал 4:Бодоод үзэхэд энэ энгийн зүйл юм шиг 

Сайн байна уу. Надад тусламж хэрэгтэй байна. Би 14 настай. Саяхнаас өөрийгөө Lesbian гэдгээ мэдсэн. Гэр бүл маань lesbian, gay хүмүүсийг гаж донтой гэдэг учир хэлж зүрхлэхгүй байна. Үүнээс болж сэтгэл зүйгээр унах боллоо. Бодоод үзэхэд энэ энгийн зүйл юм шиг. Эс бөгөөс манай гэр бүлийнхний хэлсэн шиг гаж дон юм болов уу? Одоо би яах ёстой вэ? Энэ чигээрээ явах уу? Хүчээр ч хамаагүй найз хөвгүүнтэй болох уу?  

Зөвлөгөө: Бусадтай ярилцах нь биднийг бодлоо цэгцлэхэд дэм болдог 

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад өөрийгөө ойлгох хүсэлтэй байгаа гэж ойлголоо. Зөв үү? Таны хувьд хэрхэн шийдвэр гаргадаг вэ? Хүмүүс өдөр тутамдаа ямарваа нэгэн шийдвэрийг тогтмол гаргаж байдаг. Жишээлбэл, энэ зайрмагийг авч идэх үү? Эсвэл мөнгөө хадгалаад маргааш жигнэмэг авч идэх үү? гэх мэт. Харин бидний энэ шийдвэр нь нөгөө талдаа тодорхой хэмжээний утга учрыг агуулж байдаг. Магадгүй “би маргааш олон цагийн хичээлтэй тул мөнгөө маргаашийн идэх зүйлдээ зарцуулъя” гэх зэргээр үр дагаврыг хүсэж байдаг юм шүү. Харин таны хувьд одоо гаргаж буй шийдвэр нь ямар зорилготой вэ? Найз хөвгүүнтэй болох нь ямар ач холбогдолтой вэ? Найз хөвгүүнтэй болохгүй бол яах вэ? Заримдаа бид санаа зовсон, түгшсэн үедээ оновчгүй шийдвэр гаргах тохиолдолд байдаг юм шүү. Захидлаас таныг санаа зовсон, эргэлзсэн, гайхсан мэдрэмжтэй байна гэж ойлголоо. Хэрвээ сэтгэл зүйн хувьд тухгүй, таагүй байгаа тохиолдолд шийдвэр гаргахаа бүү урьтал болгоорой. Гэр бүлийнхэн яагаад ингэж боддог юм бол? Гэр бүлийнхний бодол болон бодит байдал ижилхэн гэж үү? Би үүнийг хэрхэн ойлгож байна, миний ойлголт бодит байдал уу? гэх зэргээр олон талаас нь эргэцүүлээд үзээрэй. Магадгүй тухгүй, олон талаас нь эргэцүүлэхэд хүндрэлтэй байвал тухайн сэдвээр ярилцах боломжтой хэн нэгнээс тусламж авах боломжтой юм шүү. Бусадтай ярилцах нь биднийг бодлоо цэгцлэхэд дэм болдог. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Сэтгэл судлаач У.Цэцэнсанаа 

Асуудал 5: Нэг л бүтэлгүй санагдаад байна 

Сайн байна уу?. Би одоо 20 настай. Амьдралын олон үеүд давхцаад нэг л учраа олохгүй юм. Өнгөрсөн хавраас хойш хичээлээ тогтож сууж хийхээ больж ер нь хөгжилтэй зугаатай байхыг илүүд үзэх болсон. Тухайн үед өөрийгөө за яахав дээ гээд л өнгөрөөсөн. Намар хичээл эхлээд нэг л учраа олохгүй явсаар л байна. Уул нь өөрийгөө хийж чадна гэдгээ мэдэж байгаа ч зүгээр л хийх хүсэл алга. Амьдралаа өөрчилж, цагийн менежменттэй болъё гээд цагийн ажилд орсон, мөн клубдээ удирдах албанд нь орсон. Бас үерхэж үзэх нас юм гэж бодон хүмүүстэй харьцаж байгаа. Эдгээрээсээ болоод өөртөө хэт дарамт учруулаад байх шиг, зүгээр зөв гэж бодсоноо хийтэл нэг л явцгүй урагшгүй байх юм аа. Нэг л бүтэлгүй санагдаад байна. Яах ёстой вэ?  

Зөвлөгөө: Амжилт гэдэг нь заавал том байх албагүй байдаг гэдгийг мартаж болохгүй юм шүү 

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад хийж буй зүйлийнхээ утга учрыг ойлгох хүсэлтэй гэж ойлголоо. Зөв үү? Та аливаа зүйлийг төлөвлөн хийхдээ ямар үр дүнг хүлээж байдаг вэ? Амьдралаа өөрчлөх гэдэг нь таны хувьд юуг хэлж байгаа вэ? Та амьдралаа өөрчлөх гэдгээр ямар хүлээлттэй байгаа вэ? Бид аливаа зүйлийг төлөвлөн хийхдээ түүнийхээ утга учир, хүлээж буй хүлээлтээ тодорхой болгосноор илүү үр дүнтэй байх, алдаа оноогоо бодитой үнэлж дүгнэх цаашлаад тууштай үргэлжлүүлэхэд түлхэх хүч болж байдаг юм шүү. Заримдаа бид өөрсдийн хийж буй зүйлийнхээ амжилтыг харахгүй байгаа тохиолдолд эргэлзэж тээнэгэлзсэн мэдрэмж төрөх тохиолдол байдаг. Гэхдээ амжилт гэдэг нь заавал том байх албагүй байдаг гэдгийг мартаж болохгүй юм шүү. Жишээлбэл цагаа зохицуулж сурсан, эрт унтдаг болсон, шинэ найзуудтай болсон, зарим зүйлс тийм ч оновчтой биш гэдгийг мэддэг болсон гэх мэтээр амжилт маань өөрөө алдаа оноотой бүхэллэг зүйлс юм шүү. Үүнийг хийснээр юуг би шинээр мэдэж авсан бэ? Цаашдаа юуг анхаарах шаардлагатай вэ? зэргээр амжилтаа алдаа оноотой нь тэнцүүлэн дүгнээд үзээрэй. Мөн өөрт чухал гэж бодсон зүйлээ жагсаагаад бичээд үзээрэй. Зүгээр л идэвхтэй байх гэж олон зүйлс хийх үү? Эсвэл хийж байгаа 2-3 зүйл нь чухал, ач холбогдолтой байх уу? Гэдгийг эргэцүүлээрэй. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Сэтгэл судлаач У.Цэцэнсанаа 

Асуудал 6: Дотор минь багтаж тэсэхийн аргагүй дэлбэрэхийн наагуур тэвчиж сууна 

Би одоо 24 настай. Гадаадад сурч боловсрон, найз залуутайгаа хамтдаа амьдардаг. Бид үерхээд хоёр жил болж байна. Найз залуу маань надаас 3 насаар дүү боловч маш ухаалаг, ажилсаг, зөв бодолтой, хайр татам, тайван хүн. Харин би маш ууртай. Өдрөөс өдөрт илүү муухай ааштай болж, найз залуугаа үргэлж хажуудаа байлгахыг хүсэн, алдаа бүрийг нь шүүмжилж, Яагаад? Энэ чинь ингээд гээд байна гэж хашигчих болсон. Гэхдээ би энэ өөрийнхөө энэ байдлыг үзэн ядаж, тэр дороо л яах гэж ингэвээ, хүн алдаж л байдаг шүүдээ гэж харуусан дуугаа хураан таг суудаг. Хүмүүсийн хандлага, хийж буй үйлдэл, алдаа бүрд нь, удаан ширтээд өнгөрсөн хүнд хүртэл уур хүрэх тохиолдол бий. Энэ байдлаасаа болж хамгийн хайртай хүнээ гомдоож, мохоохвы гэхээс айж байна. Мөн би өдрөөс өдөрт л гундаад байх шиг. Гэхдээ энэ бүхний эхлэл анх танилцаад удаагүй байх тэр нэг өдөр утсыг нь шалгаж хуучин таньдаг байсан хүнтэйгээ байнга чатладаг гэдгийг нь мэдсэнээс эхлэлтэй. Бид энэ тал дээр ойлголцож, амлалт өгч тэр өдөр уйлж унжиж ярилцаад асуудлыг шийдсэн. Гэтэл өнөөдөр найз залуугаа ахин өөр нэгэнтэй хоёулаа их тайван болохоор хэрүүл хийхгүй байх, хайртай гэх утгатай гурван сарын мсж олоод салахаар шийдэн, бүхнийг эргэцүүлж, гадаа гүйж байхдаа өөрийнхөө ааш занг зүхэж явна… Ажлаа тараад хурдан ирсэнгүй, утсаа авсангүй, юу хийгээд байдаг юм, яасан намайг санахгүй байгаа юм уу? тэгвэл наанаа үлддээ гэх үгсийг нэг л мэдэхэд хаядаг болж. Бид муудалцаагүй үедээ хамтдаа маш аз жаргалтай сайхан байдаг. Энэ бүхний эцэст өөртөө харам сэтгэл төрж, салах гэхээр өнгөрсөн минь хайран, анх түүнд зориулсан бүхэн, итгэсэн итгэл минь, энэ бие, сэтгэл минь харам байна. Энэ асуудлаа орой тухтай ярилцаад шийдье гэж тохирсон. Яахаа бодсоор л байна…Би ааш зангаа засахыг л нэн түрүүнд хүсэж байна. Гэтэл хэтэрхий өөртөө бардам юмаа би, их зантай юм, бүх зүйл төгс байх ёстой мэт сандаг тэнэг юм, дэмий зан надад маш олон, дэндүү үзэн ядам. Иог хийж эхэлсэн ч олигтой үр дүн үзсэнгүй, ойр дотныхныхоо төлөө би өөрчлөгдмөөр байна. Юунаас яаж эхлэхээ мэдэхгүй болохоор өндрөөс үсэрмээр, унтаад сэрмээргүй санагддаг болсон. Энэ асуудлаа шийдэхгүй бол би нэг л өдөр эцэг эхээ зовлонд унагаах мунхаг үйлдэл хийж мэдэх тэнэг нэгэн. Дотор минь багтаж тэсэхийн аргагүй дэлбэрэхийн наагуур тэвчиж сууна. Яаж би уужуу ухаанаар бодож, тайван загнаж тэнгэр шиг байх вэ? Би өөрчлөгдөх үү? Надад туслаач …  

Зөвлөгөө: Энэ бодлууд үнэхээр бодит байдал мөн үү? 

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад бусадтай ярилцах, өөрийгөө ойлгох хэрэгцээтэй байна гэж ойлголоо. Зөв үү? Захидалд “бодсоор л сууна”, “зүхэж явна” гэх зэрэг таны өөрийгөө, нөхцөл байдлаа хэрхэн дүгнэж байгаа батламж бодлууд тусгагдсан байна. Энэ бодлууд үнэхээр бодит байдал мөн үү? Заримдаа бидний дүр төрх зөвхөн бидний харсантай адил байдаггүй юм шүү. Иймд таны харж байгаа өнцөг болон бусад хүмүүст хэрхэн тусгагдаж байгааг хамтатган авч үзэх нь оновчтой нөхцөл байдлууд байдаг. Таны мэдэх таны тухай мэдээллүүд болон бусдын мэдэх таны талаарх мэдээллүүд ялгаатай байж болдог юм шүү. Заримдаа бие даан өөрийн давуу талаа танин мэдэх түүнийгээ хөгжүүлэхэд хүндрэлтэй байвал бид бусдаас тусламж боломжтой байдаг гэдгийг битгий мартаарай. Бодлоо цэгцлэх зорилгоор. та доорх асуултад хариулаад үзээрэй.  

  • Та найз залуутайгаа жаргалтай сайхан байдаг үедээ юу хийдэг вэ? Ямар зан ааштай байдаг вэ?  
  • Та хэн нэгэнд хамт байхад тухтай байгаа шүү, чамтай хамт байх надад таатай байдаг гэдгээ хэрхэн мэдрүүлдэг вэ?
  • Та өөрөө бусдын ямар үйлдлээс тантай байхад таатай сайхан байгааг мэдэрч ойлгодог вэ? 
  • Таны ямар зан чанар бусдыг өөртөө татдаг вэ?  
  • Бусад хүн таны талаар юу гэж магтаж урамшуулдаг вэ?  

Хэрвээ асуултад хариулахад хэцүү санагдвал өөрийн ойр дотын хүмүүс, нээлттэй хариулт өгч чадах хүмүүсээс туслалцаа аваарай. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Сэтгэл судлаач У.Цэцэнсанаа 

 

#нийтлэл