" Нөгөө алдарт Моцарттай зүс ижил гэмээр хүү "
Төгөлдөр хуур, үндэсний хөгжим, дуурийн аялгуу сүлэлдсэн урлагийн сургуулийн өмнө ирлээ. Удаан уулзаагүй холын нэгэнтэй цаг товлосон нь энэ. Цагийн зүү болзоот мөчийг заахад мөр шүргэсэн үснийх нь үзүүр ялимгүй дотогш эргэж, өндөр тэгш хамар дээр дугуй хүрээтэй шил зүүн, гүн бор нүдээрээ инээмсэглэсэн, эр хүнд баймгүй сүмбэн цагаан хуруутай өндөр хөвгүүн тослоо.Гадны хүн хальт харвал өнөөх алдарт Моцарттай зүс ижил гэмээр энэ хүүг Батзолбоо гэдэг. Гэхдээ би “Электрон жаал” гэж дуудах дуртай. Анх бид танилцаж байх үед “Намайг Батзолбоо гэдэг гэхдээ хоёулаа дараа таарвал Электрон жаал гэж дуудаарай” хэмээн хэгжүүн ярьсан нь миний эгдүү, инээд хоёрыг зэрэгцүүлж байсан сан. Электрон жаал яасан их яриа, ямар айхтар хэгжүүн болохыг та нарт ингэж л үзүүлье дээ...
Багаасаа дуу, хөгжимтэй ойр өссөн тэрээр аравдугаар ангид орох жилдээ нийслэлийг зорьж “Бадмаараг” ахлах сургуульд элсжээ. Хэнтийн Бор-Өндөрт “Один маленький хлеб” гэж бага насаа өнгөрүүлсэн түүний урлагийн хүн болно гэх хүсэл нааш хөтөлсөн нь энэ. Тэр их сониуч. Юмсыг туршиж, биечлэн оролдож, мэдэж сурч болох бүхнийг өөртөө шингээхийг зорино. Найрал дууны удирдаач, хөгжмийн зохиолч бүр жүжигчин болно гэж ярьж явсан хүү төгсөх ангидаа хөгжим судлалын салбарыг эргэлтгүй сонгожээ. Батзолбоогийн бас нэг зорилго нь ОХУ-ын Гнесины нэрэмжит хөгжмийн академид хөгжим судлаач мэргэжлээр суралцах байв. Тэр нэг жилийн хугацаанд хичээлийнхээ хажуугаар Орос хэлээ давтаж, мэргэжлийн шалгалтдаа тэнцэн хүссэн тэтгэлгээ авчээ. Гэвч гэр бүл, багш нартайгаа ярилцан сургуульд явахаа түр азнажээ. Багаасаа урлаг тэр дундаа хөгжимтэй ойр өссөний дээр энэ салбарт судлаж, дархлах олон зүйл байгааг олж мэдэрсэн түүний хувьд энэ нь хүндхэн цохилт болсон нь мэдээж.
Х.Ариунаа/ Хөгжим судлаач, Батзолбоогийн багш/
Мэргэжил бүхэн сайхан. Хүн мэргэжлээ, мэргэжил хүнээ олсон нь гайхалтай огтлолцол. Амнаас ам дамжсан ардын дуунаас эхлээд, алдарт хөгжмийн зохиолчдын ая аялгууг хүртэл хайрлан хамгаалж, өвлөн тээх нь тэдний их үүрэг. Дутууг нэмж, дуусгаагүйг үргэлжлүүлэх хөгжим судлаачид энэ салбарт дутагдсаар л. Хөгжим бидэнд хэрэгтэй шиг ХӨГЖИМД Ч тэд хэрэгтэй.
С.Энхбулаг/ Хөгжим судлаач, багш/
Д.Ариунаа/Хөгжим судлаач, багш/
Хөгжим судлаач гэж захгүй үргэлжлэх хэдэн тэрбум хөг эгшгийн манаач нь хийгээд мандуулах хүн нь ч юм шиг. Өдгөө Монгол улсын хэмжээнд 20 хүрэхгүй судлаач байгаа нь эмгэнэлтэй. Харин Электрон жаалын хүсэл тэмүүлэл ямар их юм бэ? Өөрийн сонгосон мэргэжилдээ эзэн нь болж иргэн хүний үүргийг урлагийн салбартаа биелүүлж яваа энэ хүүтэй танилцахад хорвоотой танилцсан түүх гэдэг шиг л сонин содон. Эхэлснээ дуусгаж санаа нь амардаг энэ хүү урлагийн салбарт их зүйлийн эхлэл байгаасай. Орчин үеийн залуус өөр болжээ гэх үгийг сонсож байснаас мэдэрч байсангүй. Үнэхээр л өөр болж. Тэр, үгүй ээ тэд өв соёл, үнэ цэнээ өвөртөлсөөр л яваа.
Түүний өглөө үүрийн 5:30 минутад “Lotus” кофе шопын үүдийг нээж, үйлчлүүлэгчдэд гэгээн өглөөг бэлэглэж эхэлдэг. Ээжийн бүжгийн ая, эгшигт дуу хөгжмөө намуухнаар эгшиглүүлэх нь тэр жижигхэн кофе шопыг хайраар бялхуулах шиг. “Хүүхдүүдтэй ажиллахад яагаад ч юм хамаг стресс гарчихдаг” гэж хэлэх энэ хүүгийн харцнаас цог золбоотой хэр нь нэг л дотно дулаахан зүйл мэдрэгдэнэ. Оюутан цэрэгт яваад амжсан тэрээр “Би чинь бригадын генералын алчуурыг эргэтэл дуулж явсан шүү” гээд инээхэд нь Монголын хөгжмийн урлагийн дархан хил амгалан байх нь дээ гэх тайвшрал бас омогшил төрж байсан юм. Ганц дайчин ганцаардахгүй ээ. Түүнийг хэлж үл барах ирээдүй хүлээж байна. Монголын хөгжмийн урлагийн дархан хил амгалан байг ээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх