ФОТО: Хүүхдүүдийг харьяалал харгалзахгүй элсүүлдэг, үнэ төлбөргүй урлагийн сургууль


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-11-17

Нэг ангид багачуудад балетын хичээл орж байна. Өөр нэг хаалга татвал тэнд дунд ангийн охид ятга тоглож байлаа. Харин ахлах ангийнханд математикийн хичээл орж байх бөгөөд самбарт бичсэнээр өнөөдрийн хичээлийн сэдэв “Давхар функц” юм байна. Энэ бол Эрдэнэт хотын “Уран эгшиг” сургууль.

Урлагаар дамжуулан гоо сайхны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй монгол иргэнийг бэлтгэх зорилгоор энэ сургуулийг 2022 онд байгуулжээ. Урлагийн  төрөлжсөн сургууль болгон тохижуулах эхний ээлжийн санхүүжилт болох 100 сая төгрөгийг орон нутгаас шийдвэрлэсэн байна. Тус сургуулийн сургалт хариуцсан менежер, лимбэ, найрал хөгжмийн багш, СТА Д.Пүрэвсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би хөгжмийн багш, удирдаач мэргэжилтэй. Улаанбаатарын Багшийн сургууль, ЗХУ, Украины Харьков хотод Соёлын дээд сургуулийг ардын хөгжмийн удирдаачаар төгссөн. Говь-Алтай аймгийн Алтай чуулга, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, Эрдэнэтийн “Эрдэнэт чуулга” зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаад 1999 оноос Эрдэнэтийн 4 дүгээр сургуулийн дэргэдэх хөгжмийн төрөлжсөн сургуулилалттай ангид найрал хөгжмийн багшаар ажилласан. Энэ ангийг анх 1988 онд байгуулсан бөгөөд ардын урлагийн чиглэлийн хичээлүүдийг тасралтгүй зааж явсаар, энэ суурин дээр 2022 онд аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын шийдвэрээр “Уран эгшиг” сургуулийг байгуулж, өнгөрсөн жил энд нүүн ирж тохижоод байна.

Бид урлагийн авьяасыг хөгжүүлэх, авьяастай хүүхдүүдийг нээн илрүүлэх, урлагаар дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх, алсдаа урлагийн чиг баримжааг олгохыг л зорьдог.

Одоогоор манай сургуульд нийт 450 гаруй хүүхэд суралцаж, хөгжмөөс гадна уран зураг, жүжгийн, бүжгийн, дууны, дизайн технологийн гээд бусад урлагийн төрлийн 15 анги хичээллэж байна. Шинээр байгуулсан сургууль тул үйл ажиллагаа өргөжиж, хүүхдийн тоо нэмэгдэж, техник, технологи хөгжим хэрэгслийн нөөц бололцоонд аймаг орон нутгаас анхаарч, дэмжиж байгаа.

-Сурагчдаа хэрхэн элсүүлж байгаа вэ?

-Манай аймгийн хэмжээнд харьяалал харгалзахгүй элсэлт авдаг га

-Үнэ төлбөргүй улсын сургууль гэж ойлгосон. Зөв үү?

-Тийм ээ, үнэ төлбөргүй. Хувьсах зардлыг аймаг, орон нутгаас гаргаж өгдөг. Гэхдээ жилийн хугацаанд эцэг, эхчүүдээс нийт 350 орчим мянган төгрөгийн нэмэлт зардал гардаг. Хүүхдүүд ерөнхий боловсролоо давхар эзэмшээд, үүн дээр нэмээд урлагийн бусад чиглэлээр суралцдаг гэсэн үг л дээ. Үдээс өмнө ерөнхий эрдмийн, үдээс хойш мэргэжлийн ангиудын хичээл орно. Нэг анги 22 хүүхэдтэй байхаар тогтсон. Гэтэл морин хуурын анги 27, зураг 30, бүжгийнх 40  сурагчтай болсон, эрэлт их байна. Бас хөгжмийн багш нар ховордоод байгаа. Хуучир хөгжим гэхэд багш олдохгүй, төгөлдөр хуурын мэргэжлийн багш бүр асуудалтай байна, цаашид шийдэгдээд явах байх.

-Энэ сургуулийн хүүхдүүдийн урлагийн үзүүлбэрүүдээр аймаг, орон нутгийн чухал арга хэмжээнүүдийг нээдэг гэж сонссон?

-Тийм ээ, заагтай, ялгаатай, цагтай, хуваарьтай байхгүй бол тэр болгонд хүүхдүүдээ оролцуулаад тэдэнд урлагийн байгууллагын ачаа үүрүүлээд байж болохгүй. Мэдээж гол арга хэмжээнд хүүхэд өөрөө ч оролцох дуртай. Авьяастай хүүхдүүд олон бий. “Уран эгшиг” гээд улсын уралдаан болдог. Үүнд манай хүүхдүүд амжилттай оролцсон. Мөн лимбэний төрөлд улсын хоёр уралдааны Гран при-г манай сурагч хүртсэн.

Ер нь хүүхдийг математик, тоогоор “зодох” биш хүн болох асуудал дээр хөгжим бол гоо зүй ёс суртахууны асар том хүмүүжил олгодог. Хүн болгон математикч болох албагүй, хүн бүр эцэг эх болно гэдэг. Манай хүүхдүүд бүгд урлагийн хүмүүс болохгүй. Инженер, эдийн засагч ч болно. Урлагийн сайхан мэдрэмжтэй иргэн төлөвшүүлнэ гэдэг том ололт л гэж би хардаг. Хөгжим, урлаг хүнийг дандаа зөв тал руу, гоо сайханд чиглүүлж байдаг утгаараа маш чухал. Манай аймаг спортын сургуультай. Нэмээд урлагийн сургууль байгууллаа. Үүгээр дамжуулан хүүхдийг хөгжүүлж явна гэдэг том хөрөнгө оруулалт.

 

 

#мэдээ