Үл тоомсорлож болохгүй нөхөрлөлийн 8 дуут дохио


YOLO.mn | YOLO.MN
2023-11-07

Сэтгэл зүйн судалгааны төвийн энэ онд хийсэн судалгаагаар үнэ цэнтэй зөв нөхөрлөлийг бүтээх нь хүний аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэл зүйн хат мөн стрессээ удирдахад чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. 
Ямар ч харилцааг хайраар дүүрэн жаргалтай байлгахад холбоо тогтоогч хоёр хүний нөлөө асар их. Зөвхөн нэг л хүний хичээл зүтгэл, сэтгэлээр харилцаа цааш нэг шат ахихаас илүүтэй нэг алхам урууддаг. Тэгвэл нөхөрлөлд тань улаан туг болж буй анзааралгүй орхиж үл болох 8 шинжийг хүргэе.

Тэд зөвхөн өөрсдийнхөө тухай ярьдаг (мөн таны тухай хэзээ ч асуудаггүй)

Найз тань өөрийн ажил,хичээл, өдрийн явдлууд, тулгарсан асуудлынхаа талаар байнга ярьдаг ч таны амьдралын талаар хэзээ ч асуудаггүй юм биш биз. Үүнээс үүдэн та түүний хувьд чухал нэгэн биш мэт санан нөхөрлөлдөө эмзэглэж буй ч өөрт төрж буй мэдрэмжээ найздаа хэлхээс халгаж байвал тэгэх шаардлагагүй болохыг сануулъя. Та найздаа илэн далангүй төрж буй мэдрэмжээ илэрхийлэх хэрэгтэй. Харин үүний хариуд тэрээр хэрхэн хүлээж авч, ямар хариу үйлдэл үзүүлж буй нь нөхөрлөлийн үнэ цэн, нэгнээ гэх халуун дулаан мэдрэмжийг тодорхойлох болно.

Нөхцөлтэйгөөр хандах

Тулсан үед хамгийн түрүүн бодогдож тэр байгаа шүү гэх итгэл дүүрэн мэдрэмжийг дулаахнаар түгээдэг хүмүүс хэчнээн хайр татам билээ. Тэр хүмүүс бол мэдээж найзууд шүү дээ. Заримдаа гэнэтхэн ямар ч шалтгаангүйгээр залгаж хэр байгааг тань асууж, дуртай зүйл, гаргадаг үйлдлүүдийг тань торох зүйлгүй ойлгож мэдэрдэг зөн билигтнүүд…Аа гэхдээ ийм л гэгээн харилцаанд хариу бодсон үйлдэл, өнгө харсан үзэл шингэж танаас ичих, санаа зовох, хоёр өөр дүр бүтээх нь аюултай туг хийсэж буйн илрэл шүү. 

Найзална гэдэг үүрэг биш

 Найзуудтайгаа уулзах үед хоосон зовнил, дундуур мэдрэмжүүд салхинд туугдаж тухайн цаг мөчдөө дэндүү жаргалтай нэгэн болдог бол тэр жинхэнэ нөхөрлөл. Харин найзуудтайгаа цагийг өнгөрөөх нь төвөгтэй, цаг барсан, ядарсан мэдрэмж төрүүлдэг бол нөхөрлөлөө эргэн харж, ярилцах шаардлагатай гэх дохио шүү. 

Тэд чамтай нууцаар (ил ч байж болно) өрсөлддөг

Та ажил, хичээл дээрээ гаргасан амжилтынхаа тухай найздаа хэлэхэд түүний нүдэнд чин сэтгэлийн баярын оч гялбаж байна уу эс атаархлын дургүйцсэн шинж илэрч байгаа эсэхийг анзаараарай. Нааштай бус үл тоосон хайнгадуухан хэдэн үг хэлж магад. Мэдээж эрүүл өрсөлдөөн байх хэдий ч энэ үйлдэл нэг биш удаа давтагдаж байвал нөхөрлөлд тань асуудал байна гэсэн үг. Нөхөрлөл бол хэн нь илүүгээ үзэх бооцоот тэмцээн бус хамтдаа юу бүтээх вэ гэдэг нандин сэтгэл юм шүү. 

Тэд чин сэтгэлээсээ уучлалт гуйж чаддаггүй

Маргаангүй харилцаа байдаг болов уу? Үгүй л болов уу. Харин үүссэн галыг хэрхэн нурамлаж унтраах вэ гэдэгт л нууцын түлхүүр оршино. Найз тань хийсэн үг, үйлдлийнхээ төлөө, харилцаагаа аврахын тулд уучлал гуйж, хариуцлага хүлээдэггүй хэтэрхий үл ойшоосон авиртай байх нь нөхөрлөлд үүсэх нэг улаан туг юм шүү.

Тэд таны тогтоосон хил хязгаарыг үл хүндэтгэдэг

Эрүүл харилцааг үүсгэсэн хүмүүс үгүй гэх хариултыг ухаалгаар хүлээн авч мөн хэлж чаддаг. Чи бид найзууд гэж хэт зоргоороо авирлаж хувийн орон зай, цаг хугацаа, үзэл бодлыг тань үл хүндэтгэх нь харилцааны хамгийн том дуут улаан дохио юм шүү. Хэмжээндээ буй бүх юм сайхан гэх алдарт Демокритын хэлсэн үгийг дурдъя.  

Хэт хавтгайрсан хамаарал бүхий харилцаа

Найзууд бие биедээ хэт их найдсанаар нэгнээсээ хамааралтай  болдог.  Та аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө бусдын зөвшөөрлийг авах шаардлагатай мэт санагдах нь улаан туг хийсэж буй илрэл. Тиймээс сайн ярилцан бүхнийг тэнцүүхэн хуваарилж сураарай. Эрүүл нандин нөхөрлөлийг бий болгохын тулд хоёр тал өөрсдийн мэдрэмжээ хадгалж, хамтдаа хөгжих чадвартай байх ёстой.

Юу ч анхных шигээ биш

Бүх зүйл цаг хугацааны эрхээр бүдгэрч бүр замхардаг. Нөхөрлөлийн харилцаа ч мөн үүнд багтана.  Нөхөрлөл нарийн төвөгтэй санагдаж, хэсэг зай авах шаардлагатай мэт бодогдож л байвал сайтар ярилцаж гарц гаргалгааг эрэлхийлээрэй. 

Эх сурвалж: Self

#нийтлэл