Д.Намдаг:Гайхуулахын учир юунд оршив оо?


YOLO.mn | YOLO.MN
2023-11-01

Yolo.mn сайтын эрхэм уншигчдадаа  Төрийн хошой шагналт, УГЗ, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг Донровын Намдаг гуайн “Гайхуулахын учир юунд оршив оо?” өгүүллэгийг хүргэж байна.

Нэг өдөр манайд найз маань ирлээ. Энэ хүн бол зохиолч болохыг эрмэлзэж яваа залуу. Залуу болоод шинээр эхлэгч болсон хойно доо мэдээжийн хэрэг шүлэг л оролдоо биз. Гэвч өөрөө шүлгээс хөндийрөн үргэлжилсэн үгийн зохиолч болох гэж шийдэн над дээр байн байн ирсээр найз болцгоосон юм.

Өнөөдөр ирэхдээ мөн л урьдынхаа журмаар сүүлчийн бичсэн нэг өгүүллэгээ авчирчээ. Би түүний нь үзлээ. Санаа бодлын талаар зөрчил тэмцлийг оруулан, түүнийгээ зохион байгуулалттай бичсэн нь бүр ч овоо. Энэ нь найзын минь дэвшилт юм. Гэвч амьдрал! Хүний амьдрал ба амьдрахуйн шинж чанар хийгээд сэтгэхүйн зүй тогтолд аль хэр орсны нь үзвэл тун сул. Yүн дээр нь миний сэтгэл харамсалтайяа эргэцэн, баахан яриа дэлгэхээс өөр аргагүй болов. Гэвч байз! Бусдын оюун ухааныг өөрийнхтэйгөө нийлүүлэхийг оролдон зүтгэх бол сайн биш, заримдаа бүр хортой. Зүй ёсоор хөгжиж байгаа хүний уран авьяасыг эвдэн бусниулахад ч хүргэдгийг санаад уг өгүүллэгийг өөр нэгэн хүнд үзүүлэн санал зөвлөгөө авахыг бодов. Ингээд хоёулаа манайхаас гарав.

Надад бол хар багын танил, утга зохиол, гүн ухаан, сэтгэхүйн зүй зэрэгт сүрхий гэж олны аманд орсон нэг дотнын найз байдаг юм. Гэрт нь ороход өнөөх маань мухар сандалд хоёр хөлөө урагш жийн суугаад өвдөг дээрээ бичгийн бяцхан машин тавин цохиж байв. Yзтэл тун дүйгүй, хоёр гарынхаа долоовор хуруу төдийхнөөр цатгалан тахиа будаа тоншиж байгаа юм шиг тог ёгхийлгэж байсан бөгөөд үүний нь би түрүүлэн орж ирснээрээ тодорхой харав. Харин миний хойно явсан залуу нөхөр маань харж амжаагүй билээ.

-За би чам дээр энэ нөхрийг авчирлаа. Учир нь гэвэл энэ хүн зохиолч болох хүсэлтэй. Миний санахад бага багаар дадлагажиж байгаа боловч амьдралын гүнд орж чадахгүй байх шиг. Юу ч атугай чи бичсэнээс нь үзнэ үү? Магадгүй би, буруугаар дүгнэн толгойгий нь дэмий эргүүлээд байж ч болох юм даа гэхэд:

-За, за! Би үзье гээд уриалгахан хүлээн авч биднийг суухыг урьснаа:

-Харин жаахан хүлээ, би энүүхнийг гүйцээгээд орхиё гээд долоовор хуруугаараа тог ёгхийлгэхийн оронд арван хуруугаа гялалзуулан цохих болсны нь яана! Ер тун хэтэрхий хурдан, дээр цагт би, арван хурууны бичээч нарын уралдаан болохыг үзсэн. Тэнд бол хамгийн тэргүүний бичээч нар оролцсон нь мэдээжийн хэрэг. Гэтэл тэдний дунд одоогийн энэ нөхөр цохиж байгаа шиг санагдана. Би ёстой гайхаш барахдаа сандлаасаа босон харайж машины нь өөрийн эрхгүй өнгийсөн гээч!

Гэтэл бүр хачин! Машинд оруулсан хуудасных нь түрүүний багахан хэсэг сүрхий нямбай цохигдсон байхад дараачийн хэрэг арван хуруугаар цохигдсон нь осолдохгүй үсэг! Арван хурууныхаа аль нэгэнд дайралдсан үсгийг учир нажиргүй ороолдуулан цохиж байгааг би үзлээ.
-Yгүй та минь, энэ чинь юу вэ? гэж цочин өгүүлэхэд:

-Мэдэж ав! Машин цохих гэж ингэж цохихыг хэлнэ гэж над руу хяламхийн харах зуураа өрөөсөн нүдээ анисхийлгэв шүү.

-Юунд энэ вэ? Залуу найзад минь гайхуулахыг оролдож байгаа хэрэг үү? Би мэднээ! Энэ нөхөр хэзээний, бүр багынхаа гайхуулах дуртай. Одоо үнэн хэрэг дээрээ мэдэх чадах нь зүгээр боловч чухамхүү орчин тойрны хүмүүсийн аманд бахдагдан орсныхоо хэртэй биш. Миний дүгнэлтээр бол энэ нөхөр, өөрийгөө олны өмнө мандуулахын үүднээс хаа явсан газраа цэцэрхэх, ялангуяа хичээл сургууль заахдаа тайлбарлах, дүгнэх жишээ татах аргыг урнаар хэрэглэсээр байгаад нэр сүрээ мандуулсан хэрэг. Гэтэл одоо анх орж байгаа залуу хүнд ингэж гайхуулахын хэрэг юу вэ? Нэг бодоход би, галзуу хүний өмнө зогсож байгаа юм шиг санагдана.

Арван хурууныхаа үзүүрт аль дайралдсаны нь хамаа намаагүй балбаж байгаа учир өнөөх хуудас нь яах ийхийн зуур дуусав. Тэр хуудсыг сүрхийлгэн сугалж гялс буулган авчрангуутаа олон хуудасны дунд шургуулаад:
-За, уран сайхан бүтээлийг чинь сонирхъё гэж залуу найзын царайг инээмсэглэн ширтсэн бөгөөд өөрөөр нь уншуулсныхаа дараа шүүмжлэн, санал зөвлөгөө өгөв. Энэ нь харин зүгээр, залуу авьяастанд багагүй нэмэр болох төдийгүй, надад ч бас анхаарууштай юм олныг дурдав. Энэ хэрэг өнгөрч, хэдэн долоо хоног болсны дараа үзвэл мань хуучин найз олны аманд “машин цохихдоо сүрхий” гэж алдаршсан байна. Энэ нь мэдээжийн хэрэг, өнөөх залуу найз л эх үүсвэрийг нь гаргасан хэрэг буй заа. Түүний дээр би бас яаж нэмэр болсон гээ. Хэд хэдэн хүн надаас:

Yгүй танай найз чинь бичгийн машин цохихдоо гайхалтай хурдан юм гэв үү? Гэхэд нь би төлөөнөөс нь нүүр улайх шахам болох боловч яая гэхэв.
-Тийм ээ! Галзуутай гэж мэд! гээд эцэст нь өөрөө “Энэ хэрэг хэдийгээр ялимгүй боловч нэг мэдэхэд үнэхээр аягүй юм болно байх” гэж дотроо бодсон.
Нэг мэдэхэд хэдэн сар өнгөрсөн ажээ. Өнөөх дэмий шуугиан ч ашгүй, хал балгүй өнгөрч мартагнасан байна. Ингээд нэг өдөр залуу найзындаа очиход тэр маань мухар сандал дээр хөл жийн сууж, өвдөг дээрээ бичгийн машин тавин цохиж байсан бөгөөд энэ нь хуучин найзын өнөөх дэмий явдлыг санаанд оруулав.

-За юу хийж байна даа гэхэд:
-Удаа дараагийнхаа бичсэнийг хэвлэлд оруулах гэж машиндаж байна. Та суу, би энүүхнийг дуусгаад орхиё гээд арван хуруугаа гялалзуулж гарлаа. Энэ нь надад хүн бүхэн гайхуулах гэж зүгээр галзуурах болоо юу гэснийг бодогдуулав. өнөөх бичиж байгаа руу нь би мөн өөрийн эрхгүй өнгийн харлаа. Гэтэл хөөрхий минь тийм ч биш, яахын аргагүй ёсоор нь цохиж байгаа тул би бахдан гайхахаас өөр аргагүй болов. Эгшин зуурын дотор би хуудас дуусмагц:

-Чи ингэж цохихыг хаанаас сурав аа?
-Залуу найз, хуучин найзы минь нэрийг дурдан:

-Тэр гуайгаас гэж хариулав.
Энэ нь надад зүүд шиг сонсогдоно.
Чи бүр өөрөөр нь заалгав уу? гэхэд:

-Yгүй ээ! Зүгээр нэг өдөр би тантай орохдоо арван хуруугаар цохиж байхыг нь хараад дараа нь өөрөө оролдсоор одоо гурван минутанд нэг хуудас гаргахтай боллоо гээд өнөөх найзын маань улмаар бахдан сайшааж гарлаа шүү. Надад бол тэгж бахдан сайшаах юм алга. Харин бичгийнхээ машиныг шал дэмий балбасны нь санахаас инээд хүрнэ. Буцах замдаа би хуучин найзтайгаа дайралдлаа. Барааг нь хармагц арван хурууны явдал сэтгэлд минь буун, нэг жиг ургах шиг:
-За сайн биз дээ? гэж инээмсэглэсхийгээд:

-Чи чинь юу билээ? Бичгийн машин цохихдоо арван хурууны мастер бил үү?

-Арав ий? Yгүй! Дөнгөж хоёр хурууных гээч гэж мань найз надад гайхуулах бахдал гарган хэлэв. Би инээдээ барьж байж чадахгүй болон чангаар инээгээд өөрийнх нь дэмий балбасныг үнэмшин, оролд оролдсоор байгаад гурван минутад нэг хуудас гаргадаг болсон залуу найзынхаа тухай ярив. Мань найз ч инээд алдав. Yзтэл баяр хөөр болж:

-Би тэр залуугийн чинь барааг харахтай зэрэг юмыг ажиж, дууриах, сурах гуравт онцгой авъяастан болохыг нь мэдээд тэр сайхан сайхан авьяасыг нь хөдөлгөх гэж машинаа балбасан юм.
-Одоо үзвэл би түүнийг судалсан нь нэг сайн, тэр залуугийн авьяас хөдөлж машин цохихыг сурсан нь бас нэг сайн.
Ингээд хоёр сайн нийлснийг хэн муугаар дүгнэж болох билээ дээ гэв.

Одоо би түүний гайхуулсны учир юунд оршсоныг сэнхэрч авлаа. Тэгээд би энэ найзаа утга зохиол, гүн ухаан, сэтгэхүйн зүй гуравт үнэхээр сүрхий хүн юм даа гэж бодлоо.

 

#нийтлэл