"Бид жаргалтай, дурсамжтай САЙХАН ӨДРҮҮДИЙГ ХАМТДАА өнгөрүүлсээр…"


Сондор | YOLO.MN
2018-02-14

YOLO: Сайн байна уу. Та хоёртоо Гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэе. Өөрсдийгөө манай уншигчдад танилцуулаач?
- Сайн байна уу? Танд болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн бүх сайхан хосдоо гэгээн хайрын баярын мэндийг бид хоёрын зүгээс хүргэж байна. Намайг Д.Очсүрэн гэдэг Очко гэж дууддаг.  Намайг Н.Энхнаран гэдэг Эннарака гэж дууддаг.

YOLO: Одоо Тайван хотноо хамт сурч байгаа шүү дээ. Нууц биш бол ямар мэргэжлээр сурч байгаа болон хэзээ төгсөх вэ?
Очко: Тийм ээ, бид Тайвань улсад суралцахаар ирээд 6 сар гаруй хугацаа болж байна. Ахлах сургуулиа төгсөөд би Соёл урлагийн их сургуульд элсэн суралцаад Энхнаран маань Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд элсэн ороод 1-р курсээ төгсөцгөөсөн. Харин энэ жил бид их сайн судалж, сонирхоод Тайвань улсад хятад, англи хэлний бэлтгэлд суралцаж байна. Би багаасаа урлагт маш ойр өссөн учир урлагт сонирхолтой маш их хайртай, энэ чиглэлээрээ суралцаж байгаа. Харин найз охины маань хувьд анагаахын чиглэлээр суралцаж байна.

YOLO: Та хоёр хэрхэн танилцсан болон хайрын түүх хэзээ эхэлсэн бэ?
Эннарака: Бид анх 2015 оны 11-р сард танилцсан. 12-р анги төгсөх жил манай сургуулийн ойн тоглолт болоход Очко ирж амьд хөгжмийн хамтлагтай бөмбөр тоглосон юм. Тэр үед би нөгөө "Goodboys" гээд дуулаад, кинонд тоглоод байдаг хөвгүүд байна шд гээд таньсан ч нэг их зүйл бодоогүй өнгөрсөн юм. Гэхдээ сэм сэмхэн харц тулгараад байсан. Тоглолт дууссанаас хоёр хоногийн дараа Очко "Сайн уу? Найзын хүсэлт аваарай" гээд бичээд би ч сайн гээд хариу бичтэл өөдөөс "Чи их гоё нүдтэй охин байна лээ" гээд л магтан яриа өрнөөд бид албан ёсоор танилцаж байсан. Түүний дараагаас бид хоёр уулзаж хамтдаа хөгжилдөж, дотносож, ярилцаж нэг нэгэндээ дассаар удалгүй үерхэж нэг нэгнээ маш их нандигнан хайрладаг болсон. Сүүлд сонсох нь ээ, Очко анхны харцаар надад дурлаад, анх харц тулгарсан хэдхэн секунд хэдэн минут юм шиг удаашраад байсан гэсэн. ☺ Тэгээд тоглолтын үеэр ичээд танилцаагүй тоглолт дуусаад бичиж танилцсан нь тэр юм байна лээ.


 

Өдөр бүр л шинэ ном зохиол шиг, шинэхэн үерхэж байгаа хосууд шиг догдлол дүүрэн, инээд хөөртэй жаргалтай өнгөрдөг.

Д.Очсүрэн


YOLO: Та хоёрын хамгийн дурсгалтай мөч?
- Бид үерхээд хоёр жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд маш их жаргалтай, гэгээн сайхан дурсамжтай олон сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсээр байгаа. Өдөр бүр л шинэ ном зохиол шиг, шинэхэн үерхэж байгаа хосууд шиг догдлол дүүрэн, инээд хөөр жаргалтай өнгөрдөг. Хамгийн сайхан дурсамж бид хоёр Тайваньд ирээд хамтдаа амьдарч эхлээд удаагүй байхдаа гарч хүнс, тавилга, гэр ахуйн бараа хэрэглэлүүдээ цуглуулж байхдаа гэнэт л хоёулаа догдлоод инээлдээд эхэлсэн.
Хоёулаа хамт хоол хүнс, саван, угаалгын нунтаг тэр байтугай 00-ийн цаасаа хүртэл хамтдаа цуглуулна гэдэг цоо шинэхэн яг л мөрөөдөл биелж байгаа мэт мэдрэмж байсан. Том болоод хайртай хүнтэйгээ тусдаа гараад амьдарна даа гээд л өсвөр үеийнхэн маань мөрөөддөг яг л тийм гэнэн нэгэн хүсэл байсан.

YOLO: Та хоёрын харилцааны хамгийн нандин зүйл юу вэ?
- Бид ямар ч үл ойлголцох зүйл гарсан нэг нэгэндээ хатуу, ширүүн нэгнээ шархлуулах үгс хэлдэггүй, огт муухай үг хэлж үзээгүй. Уурлахаасаа өмнө заавал юу болсон тухайгаа ярилцаж ойлголцдог, хэн нэг нь гомдох уурлах үедээ дуугаа хураагаад 30 минут ч болохгүй инээлдээд л эвлэрдэг. Харин тайвширсныхаа дараа тухайн асуудлаа ярилцдаг. Энэ л бидний харилцааны хамгийн нандин зүйл. Зарим найзууд маань та хоёр яагаад ерөөсөө маргалддаггүй юм гэж хүртэл гайхдаг. Жаргалтай үедээ инээчхээд, ойлголцохгүй үедээ нэгнээ шархлуулаад гомдоогоод байж болохгүй шүү дээ.

Гэрийнхээ юмыг хамт цуглуулна гэдэг яг л мөрөөдөл биелж байгаа мэт л байсан

Н.Энхнаран, Д.Очсүрэн


YOLO: Үерхэлд нь ээж аавууд нь хэрхэн ханддаг вэ?
- Аав ээжүүд маань бид хоёрыг маш их дэмждэг. Миний хүү, миний охин гээд л өөрийн хүүхэд шиг дотно сайхан хандаж үргэлж санаа тавьдаг. Хоёр ээжүүд маань хоорондоо уулзаж, утсаар холбогдож их санаа бодол нийлдэг. Ээжүүд маань яг адил зан ааштай, юу ч болсон бид хоёрыг ойлгож, дэмжиж, тусалж байдаг.

YOLO: Ямар нэгэн үл ойлголцол гарсны дараа хэн нь хамгийн эхэлж буулт хийдэг вэ?
Эннарака: Хэний буруу, юунаас болоод үл ойлголцсоноос шалтгаална л даа. Найз залуу маань эмэгтэй хүн хэдий өөрийн буруу гэдгээ мэддэг ч буулт хийхийг хүсдэггүй гэдгийг сайн мэддэг болохоор ихэвчлэн буулт хийдэг дээ.

YOLO: Та хоёр влог хөтөлдөг шүү дээ. Залуус ч нэлээн сонирхон үздэг. Яагаад влог хөтлөхөөр шийдсэн бэ?
Очко: Дурсамж… Зураг түүх болоод үлддэг, бичлэг ч мөн адил маш их дурсамж агуулагдан хадгалагддаг. Ирээдүйд хөгшрөөд үзэхэд бүх л сайхан дурсамжууд маань бодит юм шиг л санагдах байх гэж бодоод бүх дурсамжтай үеүдээ бичлэг болгон хадгалахыг хүссэн.

YOLO: Влогоороо дамжуулж залууст юуг хүргэхийг зорьдог вэ?
- Тайваньд хийж байгаа влогоороо дамжуулан Тайвань улсаар бага ч гэсэн үзэгчдээ аялуулахыг зорьсон. Харин одоо бичлэгээ хийчихээд эвлүүлж оруулж амжаагүй 5,6 влог байна. Биднийг өсвөр үеийнхэн болон бидний үеийнхэн их үзэж дэмждэг болохоор гэрэл гэгээтэй, жаргалтай, инээд хөөр цацарсан сайхан эерэг энерги түгээхийг хүсэж байна.


Бидэнд ямар ч үл ойлголцох зүйл гарсан хатуу ширүүн үгсийг нэгэндээ хэлдэггүй

Н. Энхнаран, Д. Очсүрэн


Очко хэн нэгэн уйлахаас их айдаг болохоор намайг уйлвал сандраад л аргадаад байдаг. cheeky

Н.Энхнаран

YOLO: Өнөөгийн залуусын үерхэл хэврэг болсон мэт санагддаг. Гэхдээ хосууд мэдээж сална гэж үерхэлээ эхэлдэггүй байх. Тиймээс залуус юун дээр анхаарвал бат бөх харилцааг бий болгож чадна гэж боддог?

Эннарака: Анх айлын охинд ямар гоё үгс хэлж, гоё сэтгэгдэл төрүүлж, ямар сайхан амлалт өгч байснаа мартаж болохгүй гэж боддог. Найз залуу маань ямар ч үед анхных шигээ нэг зангаараа, нэг аашаараа байдаг би ч гэсэн түүн шигээ байх гэж хичээдэг болохоор бидэнд нэгэндээ бухимдах, холдож хөндийрөх, салах гэсэн ойлголт ерөөсөө байдаггүй. Энэ хугацаанд би царай алдаж, өвдөж ёстой хүн танихын аргагүй болоод сэтгэлээр унасан ч үе бий. Хөөрхөн болоод гангалсан ч, царай алдаад урвайсан ч дандаа л хөөрхөн байна, сайхан байна гээд л бүх үед яг адилхан харцаар ширтээд хэлдэг болохоор юу ч тохиолдсон  сэтгэлээр унах үе ховор болсон. Яг үүн шиг нэгнээ сайхан муухай ямар ч үед нь нэг л сэтгэлээр хайрлаж чадвал залуусын маань харилцаа бат бөх байна гэж бодож байна.

YOLO: Хайрыг тодорхойлбол…?
-    Хүн болгон хайрыг өөр өөрийнхөөрөө мэдэрдэг байх. Хайр энэ хорвоо дэлхийд байж болох хамгийн нандин мэдрэмж гэж боддог. Хүний сэтгэлийг тэжээн тэтгэдэг, эмчилдэг шүү дээ.

YOLO: Үерхлийн үнэ цэнэ юундаа байдаг гэж боддог вэ?
- Нэгнээ хүндэлдэг, нэгнээ мэдэрдэг, нэгнээ хайрладаг.

YOLO: Хамтдаа даваад гарсан саад тотгор байсан уу?
Эннарака: Жижиг том гэлтгүй саад тохиох үе байдаг. Ямар нэг асуудал гарахаар нэг нэгнээ зоригжуулж, сэтгэл санааг нь засаад аргадахыг их хичээдэг. Очко хүн уйлахаас их айдаг болохоор намайг уйлвал сандраад л аргадаад байдаг. Хаха

YOLO: Та хоёрын цаашдын зорилго?
- Бид хоёр ярьдаг байсан зорилго мөрөөдөл бүхэндээ алхам алхмаар ойртсоор ойрын зорилгууддаа бүгдэд нь хамтдаа хүрсэн байгаа. Одоо ирээдүйн зорилгууд маань их сургуулиа амжилттай төгсөхөөс эхлээд маш их байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Хүүхэд залууст зөв үлгэр дууриалал болсон та хоёртоо цаашдынх нь амьдрал, ирээдүйн зорилгод нь томоос том амжилт, аз жаргалыг хүсье ээ!
- Маш их баярлалаа. Танд ч бас ажлын өндөр амжилт хүсье!









#Couple #Valentine #Interview