Мэттью Перри: Намайг өнгөрөхөд олон хүн цочирдож болох ч хүн бүр гайхахгүй байх


Б.Нямдарь | YOLO.MN
2023-10-30

 

                                                                                                 “Баяртай, Мэттью Перри!”

"Найзууд" олон ангит киног мэдэхгүй хүн цөөн. Англи хэлний сонсох, ойлгох чадвараа ч энэхүү киног үзэж сайжруулсан хүмүүс байдаг.

Зургаан найзын талаар өгүүлэх уг кино нөхөрлөлийн мөн чанар, хайр дурлал, эцэг эх, амьдралын олон асуудлыг хөнгөн, хошин байдлаар хүргэснээрээ онцлог билээ. Тэдгээр зургаан найзын нэг болох жүжигчин Мэттью Перри хоёр хоногийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь кино сонирхогч, үзэгч фэнүүдийнх нь хувьд уйтай гунигт мэдээ боллоо.

Мэттью Перри 1969 оны 8-р сарын 19-нд Массачусетс мужийн Уильямстаун хотод, Канадын сэтгүүлч бүсгүй Сюзанна Мари болон Америкийн жүжигчин Жон Беннетт Перри хоёрын хүү болон мэндэлжээ.

Харамсалтай нь түүнийг нэг нас хүрэхээс өмнө эцэг эх нь салж, тэр ээжийнхээ хамт Оттава хотод бага насаа өнгөрөөсөн байна. Тэрээр Канадын одоогийн Ерөнхий сайд Жастин Трюдогийн хамт дунд сургуульд сурч байсан ба Эшбери коллежид мөн боловсрол эзэмшсэн. Тэр өсвөр насандаа теннисээр хичээллэн, өсвөрийн шилдэг тоглогч хүртэл болж байв.

Мэттью 15 настай байхдаа Оттавагаас Лос Анжелес руу нүүн, аавтайгаа хамт амьдрах болж, мөн жүжигчнээр суралцаж эхэлжээ.  Тэр сургуулиа төгсөөд "Хоёр дахь боломж" олон ангит кинонд Чаз Расселын дүрд тоглосон ба дараа нь 1988 онд "Жимми Ридоны амьдралын шөнүүд" киногоороо дэлгэцийн томоохон гараагаа эхэлж байв.

                                                                          ТЭР “НАЙЗУУД” КИНОНЫ ХАМГИЙН ЗАЛУУ ДҮР БАЙВ

Түүнээс хойш цөөнгүй уран бүтээлд тоглосоор Мэттью “Six of One” хэмээх кинонд нисгэгчийн туслах дүрийн санал авсан ч шалгуулахдаа киноны гол дүрийн нэг хэсгээс унших боломж олгоход нь найруулагч эргэлзээгүй гол дүрээр сонгож байв. “Six of One” киног хожим нь “Найзууд” гэж нэрлэсэн ба, өөрөөр хэлбэл туслах дүрд шалгуулсан 24 настай Мэттью гол дүрийн Чандлер Бингийн дүрд ийнхүү сонгогдож, нөгөө таваасаа хамгийн залуу нь болж байв.

Төрөлхийн алиа хошин зантай түүнд энэхүү дүр эзнээ олсон гэлтэй яг тохирч байжээ. Зарим үед Мэттью цаасан дээр бичигдээгүй инээдтэй яриаг зураг авалтын үед өөрөө санаанаасаа зохион ярьдаг байсан нь найруулагчдад ч таалагддаг байв. Энэхүү киног дагаад тэдэнд маш их алдар нэр хүнд, хөрөнгө мөнгө дагаж ирсэн билээ.

Мэттью 1997 онд тийрэлтэт цанын осолд орсныхоо дараа Викодинд донтсон бөгөөд тэр жилдээ 28 хоногийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан байна. Түүний жин олон удаа хэлбэлзэж, нойр булчирхайн үрэвслийн улмаас 66 кг болж турж байв. Тэрээр 2001 оны хоёрдугаар сард викодин, метадон, амфетамин, архинд донтсоны улмаас нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан. Хожим нь тэрбээр өөрийгөө эрүүлжүүлэхийн тулд ойролцоогоор 9 сая доллар зарцуулсан гэж тооцоолжээ. Мөн донтолтын асуудлаас болж "Найзууд" кинонд тоглосон 3-6-р улирлын гурван жилээ санахгүй байгаагаа ярьж байв.

Мөн 2018 онд Мэттью ходоод нь цоорч эмнэлэгт таван сар хэвтсэн ба энэ хугацаандаа өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас бүдүүн гэдэс нь өвдөн үхэхээ шахаж 7 хоног комд хэвтэн,  9 сарын турш колостомын уут хэрэглэжээ. Тухайн үед эмч нар амьсгалын аппараттай ухаангүй хэвтэх Мэттьюгийн амьд үлдэх магадлал хоёр хувь гэж гэр бүлийнхэнд нь хэлж байв.


Тэрбээр 1995 онд Ясмин Блит, 1995-1996 онд Жулиа Робертс, 2006-2012 онд Лиззи Каплан нартай болзож байсан юм.  2020 оны арваннэгдүгээр сард Мэттью утга зохиолын менежер Молли Хурвицтэй сүй тавьсан ч 2021 онд салсан байна.

Мөн тэр 2022 оны арваннэгдүгээр сард өөрийн амьдралын талаар өгүүлсэн “Найзууд, амрагууд ба том аймшиг: Дурсамж” хэмээх номоо хэвлүүлж байсан юм.

"Намайг ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд хүмүүст гэнэтийн мэдээ болж, тэднийг цочирдуулах ч, хэн ч гайхахгүй байх гэдгээ ч номдоо дурдсан. Тиймээс би энэхүү номоо бичихийг хүссэн. Хүн бүр ялгаагүй, ямар нэгэн зовлонтой, унаж босож амьдардаг ба магадгүй зурагтаар хардаг хүн нь өөрөөс нь дор эсвэл өөртэй нь адилхан амьдралаар амьдарч буйг сонсвол итгэл найдвар өгөх байх гэсэн гол зорилго маань байлаа"  гэж Перри өнгөрсөн арваннэгдүгээр сард дурсамж номоо гаргахын өмнө People сэтгүүлд ярьж байв. Тийм ээ, түүний үхэл өөрийнх нь хэлснээр дэлхийн олон хүнийг цочирдууллаа.

Гэхдээ энэ бүгдийн цаана хүний зовлон, өөрөө болон хайртай хүмүүс нь хичээсэн ч намагт шигдсэн мэт найдлагагүй мэдрэмж, ганцаардал, уйтгар гуниг, харуусал харамсал, цөхрөл байж болох ч тэр эд цагтаа хийдгээ хийж, амжилтад хүрч, бүтээсэн гайхалтай кинонуудыг нь үе, үеэрээ шимтэн үзэж, "ширээнийхээ кино" болгож уйтгарлахаараа, ганцаардахаараа магадгүй нойр нь хулжихаараа үзэж сэтгэлээ сэргээдэг, нэг үгээр "хүч өгдөг" зүйл нь болсон хилстэхгүй.

Шимтэн үзсэн хэнийг ч “Дахиж хэзээ ч үүн шиг бүтээл гарахгүй л болов уу” гэж эргэлзүүлэхэд хүргэдэг олон ангит “Найзууд” киноны нэгэн өнгө болсон жүжигчин Мэттью Перри хэдий ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч Чандлер Бингийн инээд, хөгжилтэй царай, хошин яриа үзэгч, шүтэн бишрэгчдийнх нь сэтгэл зүрхэнд үүрд үлдэнэ.

Баяртай, Мэттью Перри!

                                                             "Бие биеэ инээлгэх шиг сайхан зүйл энэ хорвоод үгүй" Мэттью Перри

#нийтлэл