Forbes сэтгүүл Мэжик Жонсон тэрбумтан болсныг зарлав


Л.Амарцэцэг | YOLO.MN
2023-10-30

Сагсан бөмбөгийн од асан Мэжик Жонсоныг тэрбумтан болсныг Forbes сэтгүүл зарлалаа. Тус сэтгүүл Жонсоны хөрөнгийг ойролцоогоор 1.2 тэрбум ам.доллар  гэж үнэлжээ.

Түүнээс гадна NBA-гийн тоглогчид болох Майкл Жордан, Леброн Жэймс, гольфчин Тайгер Вудс тэрбумтнуудын жагсаалтад багтдаг.

Өдгөө 64 настай тэрээр 1996 онд зодог тайлахаасаа өмнө NBA-гийн түүхэн дэх шилдэг тоглогч мөн хамгийн гайхалтай карьеруудын нэгийг бүтээсэн ч ихэнх хөрөнгөө спорт бус, өөр салбараас босгожээ.

Forbes сэтгүүлийн мэдэгдсэнээр Жонсон NBA-гийн карьераасаа 40 сая долларын ашиг олсон. Одоогоор Лос Анжелес төвтэй гурван спортын багт хувьцаа эзэмшдэг. Спортоос гадна тэрээр Starbucks, Burger King, 24 Hour Fitness болон амь даатгалын “EquiTrust” компанид хувьцаа эзэмшдэг байна.

"All The Smoke" подкастад орох үеэр Жонсон “Би 1970 онд NBA-д байхдаа Nike-ийн хувьцаанаас татгалзаагүй бол эрт тэрбумтан болох байсан. Тухайн үед Converse-тэй гэрээ байгуулж, тэд жилд 100 мянган доллар санал болгож байв. Манай гэр бүл мөнгөтэй байгаагүй. Тэр үед би хувьцаа гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. 45 жилийн дараа тэр хувьцаа таван тэрбум ам.доллар болох байлаа шүү дээ” гэжээ.

Мэжик Жонсон анх 1979 оны драфтын 1-р тойргийн тэргүүн сонголтоор "Лос Анжелес Лэйкерс" багт сонгогдсон байна. Тэрээр 12 жилийн турш зөвхөн энэ багийн төлөө л хүчин зүтгэн лигийн улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг 3 удаа хүртжээ. Түүнчлэн 12 удаа бүх оддын тоглолтод сонгогдон оролцохдоо 2 удаа үнэ цэнтэй тоглогчоор тодорч байсан домогт нэгэн аж.

Эх сурвалж: BBC

 

#мэдээ