Л.Өлзийтөгс: Хүлээс


YOLO.mn | YOLO.MN
2023-10-29

Yolo.mn сайтын эрхэм уншигчдадаа яруу найрагч Өлзийтөгсийн “Хүлээс” өгүүллэгийг хүргэж байна.   

Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?

Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.

Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо. Яагаад ийм хүсэл төрөх болсныг, төрөх төрөхдөө ийм ихээр төрснийг бүү мэд. С лав л таван жил өмсөж буй бор шаргал костюмтайгаа, гараасаа хэзээ ч салгаж байгаагүй хүрэн ширэн хавтсаа сугавчлаад,бага зэрэг бөгтийсхийн, нэлээдгүй яарсхийн, явдгаараа л явж байсан. Ямар нэгэн зөөлөн шиврээ бороо ороогүй, ямархан нэгэн сайхан үгийг бусдаас сонсоогүй, гэрээс нь ажил хүрэх замд байдаг 289 улиас 290 болчхоогүй, байшин барилгууд урьдынхаараа, С-ийн амьдрал С-ийнхээрээ л байлаа.

Гэтэл яагаад? Яагаад гэнэт хангинатал дуулмаар болсон гэж?

Үүний учрыг тэр өөрөө ч мэдэхгүй. Хэрэв зүв зүгээр л явж байхад нь төрсөн хачин ч гэж хэлж болох энэ хүсэлд эзэмдүүлээгүй бол тэр өдийд лав, юм бүхэн нь бүтэмжтэй явдаг хүний нүүрэнд л үргэлж зүүгээтэй байдаг өнөөх хангалуун дүүрэн инээмсэглэлээрээ бусдыг гэрэлтүүлээд л сууж байх сан даа. Гэтэл одоо... Одоо тэр инээмсэглэхээсээ нэгэнт өнгөрчээ. Уржигдраас хойш хөмсөг зангидан хэнтэй ч дуугараагүй. Гайтай хүслийг төрсөн даруйд нь л биелүүлчхээгүйгээ бодох бүрий цээж нь бачуурна.

Хориод жил сууж буй жижигхэн шар ширээнийхээ шургуулгыг онгойлгохоор тонгойх үед ч, өөрөөс нь журам дүрэм, хуулийн заалт асуун урдуур хойгуур нь гүйлдэх шинэхэн ажилтнуудаа эцэг хүний нүдээр ивээнгүй харж зогсохдоо ч, эхнэртээ баяраар бэлэг болгон өгөх гоёмсог даашинзны эрэлд хатан дэлгүүр дэлгүүрийн хаалга татан шогшиж явахдаа ч үргэлж энэ тухай бодно.

-За яг маргааш, маргааш л... Маргааш, ажилдаа явах замдаа.. гэж тэр өчигдөр орой уг нь яг таг шийдсэн юм. Тэр ч байтугай ямар дуу дуулахаа мэдэж байсан. Гэвч сахлаа хусах нь байтугай цайгаа ч уулгүй, юунд ч юм догдлон яарах нөхрөө айсан нүдээр харж, үг дуу ч үгүй, хананд наалдан зогсох эхнэрээ харуут С-ийн уур хүрээд явчихжээ. Тэгээд л замын турш өнөөх айсан, хачин гурвалжин нүд харагдаад дуулж чадсангүй. Тийм ээ, тэр өнөө өглөө гарахдаа эхнэр рүүгээ хараагүй л бол бүх юм бүтэмжтэй болох байсанд итгэлтэй байлаа.

Тэр тайвшрах санаатай цамцныхаа дээд товчийг тайлаад нүдээ анин зүүрмэглэх гэж оролдов. Гэнэт түүнд энд ажилд орж байх үеийнх нь дүр төрх харагдав. 25 жилийн өмнөх С. Цэл залуухан, улаа бутарсан, өөр юу юу гэдэг билээ дээ, залуу хүмүүсийг зураглахдаа... тийм л нэг сайхан эр. Өөрийг нь нэг л өөриймсүү сэтгэлээр угтан авсан, одоо нэгэнт ертөнц дээр байхгүй болчихсон манаач өвгөн хамгийн түрүүнд нүдэнд нь харагдав. Өвгөний байнга гартаа барьж явдаг байсан сэнжтэй, зурагтай, цайны, том шаазан аягыг тэр санаандгүй хагалчхаж билээ. Өвгөн нэг их харамсангуй уулга алдсан сан. Тэр уучлал гуйгаад л өнгөрсөн. Харин инээдтэй нь мөнөөх өвгөн тэр өдрөөс хойш үүдний бяцхан хонгилд байдаг манааны, харанхуйвтар өрөөндөө биш ажилчдын гуанзанд хооллох болсон юм.

Энэ тухай тэр өөрөө анзаарч мэдсэн юм биш л дээ, өрөөний нь хүүхнүүд л өвгөнийг тэтгэвэрт гарах өдөр түүнд ярьсан хэрэг. Мэдээж тэр үүнийг сонсоод ихэд гайхаж, өвгөнд нэг сайхан хятад шаазан аяга авч өгнө гэж бодсон ч амжилгүй явсаар нас барсан өдөр нь л нэг эргэн санасан сан. Өвгөний тухай дурсах бүрийд чулуун шалан дээр унаад хагарч байгаа шаазангийн гайхалтай жингэнэсэн чимээ чихэнд нь сонсогдсоор.Түүний нүдэнд өвгөний царайнаас илүүтэй, өөрийнх нь хагалсан аяганы махир сэнж, хачин эрээн зураг хоёр л харагдаад болсонгүй ээ. С уртаар санаа алдав.

Дараа нь дүн өвлийн цагаар төрсөн хүүг нь харах гэж цугласан ажлынхан нь бүтэн хоёр цаг эмнэлгийн цонхон дор шуугилдан зогсоцгоосныг халуунаар дурстал, монхор Баяраа хамраа хөлдөөчхөөд Долгорын хүрэмний захны үсэнд нүүрээ шаан зогсож байсан нь гэнэт санагдан, өөрийн эрхгүй инээмсэглэв. Одоо тэр хүмүүсийн ихэнх нь энд ажилладаггүй. Ерөөсөө ихэнх нь хаана ч ажилладаггүй гэвэл илүү ононо. Дарга нь ч, ажилтнууд нь ч байнга солигддог энэ газар бараг тэр л ганцаараа 25 жил ажиллажээ.

С уртаар санаа алдав. Хаалга онгойж, саяхан түүний туслахаар ирсэн жижигхэн бор залуугийн толгой цухуйв.
-Та цайндаа орохгүй юм уу?
Тэр толгой сэгсрэв. Гэвч хаалга хаагдангуут С жигтэйхэн өлсч байгаагаа мэдэрлээ. Тэр өнөө өглөө төдийгүй, өчигдөр орой ч хоол идээгүй. Энэ тухай зэрвэс бодоодохтол толгой нь эргэн, хаана нь ч юм бэ хатгах шиг болов. Тэгэхэд л С жигтэйхэн ядарснаа мэджээ.
Уг нь тэр гудамжинд байтугай, найран дээр ч олигтойхон дуулчихдаггүй. Залуу байхын л “аяны дугараанаас” зугтдаг, аргагүйдсэн үед нүүр нь чинэрэхийг мэдрэн байж, сөөнгөдүү хоолойгоор эхлэх төдий нэг юм зүглүүлээд л орхичихдог байсан.
С жигтэйхэн бүдэгхэн хоолойгоор нөгөө дуугаа аялах гэж оролдов. Гунигтай, гэхдээ тийм ч уйтгартай биш дуу л даа. Яагаад чухам бас энэ дуу билээ гэдгийг санах гэж оролдлоо. Мэдэх юм алга. Дуу нь ер гарсангүй. Уг нь сэтгэлд нь байгаагаар бол их л чанга дуу гарах ёстой сон. С хүчлэн байж хоолойгоо засаад, цамцныхаа бас нэг товчийг тайлав. Суудал дээрээ биеэ цэхлэн, эхний, дөнгөж эхний үгийг хэлтэл... Гэнэт хаалга дахин онгойв. С яагаад ч юм бэ цочин, айсан мэт навтасхийв. Огт зүс үзээгүй нэг хүүхэн цухуйчхаад хаалгыг нь тас саван одлоо.

Хаалга чимээтэйгээр хаагдахад ахин нэг цоччихоод гэнэт учиргүй уур нь хүрч байдгаараа хашхирмаар санагдав. С өөртөө, бас саяын цухуйдаг хүүхэнд, мөн эхнэртээ, ер хэн бүхэнд уур нь хүрч, өнөөдрийг хүртэл жаргалтай л санагдаж байсан амьдралаа зүхэн, хэнийг ч хамаагүй харааж загнамаар болоод явчхав.
Хэдэн хором өнгөрснийг бүү мэд. Тэр чичирсэн гараар утасны харилцуур авч гэр рүүгээ залгалаа.
-Байна уу?
Эхнэрийнхээ тайван, түшигтэй ч гэж хэлж болмоор зөөлөн дууг сонсоод тэр таг болов. Харилцуураас танил, ялдам дуу ахин сонсогдлоо.
-Байна уу? Хэн бэ?
-Би... Би байна аа.
-Аан, чи юу?
-Байна уу? С- үү? Байна уу?
-Байна аа, байна.
-Үгүй чи... Чи чинь? Байна уу, юу болсон бэ? Яагаад байгаа юм бэ? Ингэхэд чиний бие зүгээр үү?
-Би чамд нэг юм...
Ингэж хэлэнгүүтээ С суудлаасаа шалавхан босож зогсоод чичирсэн бүдэгхэн дуугаар дуулж гарлаа.
“Хэрвээ би...”
Сүүлчийн бадгийг дуусангуут тэр эхэр татан уйлж эхлэв. Харилцуур гараас нь мултран унахын үед тэрээр эхнэрийнхээ юу ч юм хэлэхийг сонслоо. С ширээгээ дэрлээд удаан, их удаан уйлжээ.

 

#нийтлэл