"БИ өөртөө тавьсан ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ чадахгүй байна"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-10

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бас танд шинэ оны мэнд хүргэе.  Би 18-н настай эмэгтэй. Хааяа би их гунигладаг. Яг тийм үед намайг ойлгоод зөвлөгөө өгөх хүн байдаггүй л дээ. Ер нь бол би эмэгтэй хүнийхээ хувьд найз цөөхөнтэй хүн гэхүү дээ.. Тэрэндээ ч тэр үү ямар нэгэн болохгүй шийдэгдэхгүй байгаа асуудлуудаа өөртөө л хадгалаад нөөчихдөг хүн. Сүүлийн үед их хүнд байна. Яг ингээд бодхоор ямар ч тийм амьдралын зорилгогүй сургуулиа төгсөөд хэнд ч хэрэггүй хүн болох гээд байгаа юм шиг . Миний эзэмшиж байгаа мэргэжил их хүнд. “Таны нэг хөл нарсанд нөгөө хөл чинь наранд, буруу шийдвэр гаргасан л бол нарс руу байнга л хүний амь настай харьцдаг” тийм л мэргэжил гэтэл миний мэдэж байгаа мэдлэг сурж авсан зүйлс хэнд ч хэрэг болохгүй тийм л өчүүхэн. Төгсөөд яана даа гэж зөндөө боддог тэгсэн хэрнээ өөртөө зөв хөрөнгө оруулж чадахгүй юм. Миний бас нэг муу тал их л ойлгож ухаарч өөртөө ингэ тэг гэсэн заавөр өгдөг хэрнээ хэзээ ч биелүүлж байгаагүй. Аманцар хүн гэхүү дээ? Яг ийм сонин ямар ч зорилгогүй байгаа үед яг яах ёстой юм бол оо? Надад зөвөлгөө өгөөч.


Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргэе.
Та өөртөө хэтэрхий ерөнхий зорилгууд тавьж байж болох юм. Шууд хэрэгжүүлэхэд хэцүү учраас барьж авч чадахгүй, биелүүлэхгүй удахаар олон биелээгүй зорилготой болж түүнээсээ болж урам хугарч өөртөө итгэлгүй болж дахиж зорилго тавихаасаа ч зүрхшээх болдог. Тийм учраас та энгийн зорилгоос эхэлвэл ямар вэ? Эхний ээлжинд урт хугацааны биш богино хугацааны зорилт тавиад үзээрэй. Жишээ нь эрт босч сурна гэх биш маргааш эрт босно гэсэн зорилт юм. Мөн зорилтонд тань хүргэх хамгийн чухал арга бол сайн төлөвлөгөө мөн тэмдэглэлийн дэвтэрт бичих, хуанли хөтлөх юм. Бид ихэвчлэн санаандаа тухайн зүйлсээ буулгадаг боловч бичихгүй байснаар мартах, түүндээ бухимдах, аргаа олохгүй, асуудлаа хүндрүүлэх зэрэгтэй тулгардаг.

Тиймээс зорилгынхоо төлөө тогтмол, өдөр бүр жижиг гэлтгүй зүйлсээ төлөвлөгөөний дагуу  хийж байх нь амжилтын үндэс юм. Хэсэг хугацааны дараа өөрчлөлт гарсныг анзаарч та урам авч дахин зорилгодоо хүрэх гэсэн тэмүүллээр дүүрэх болно.
Үр дүн гартал тэр зүйлээ хийгээрэй хэмээн захиж байна. Та залуу хүн шүү дээ! Танд хангалттай нөөц боломж, эрч хүч байгаа. Та одоо эхэлвэл, юу ч оройтоогүй байна.

Танд амжилт хүсье.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн дадлагажигч

сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Parents #Teenagers