Бага зэрэг атаархсан ч найзынхаа төлөө хэрхэн баярлах вэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-10-16

Тиймээ нөхөрлөл бол ид шид. Баяртай, гунигтай амьдралын хамгийн дурсамжит цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг тэр эрхэм хүмүүс байхгүй бол хорвоо хэчнээн уйтгартай байх сан. Гэвч найз нөхдийн нандин холбоонд хор учруулдаг хамгийн сөрөг хандлага бол “атаархал” юм. Найзын тань гаргасан ололт амжилт ухамсарт тань заналхийлж  баярлаж чадахгүй сэтгэлийн жолоогоо алдаж байгаа юм биш биз. Тэгвэл эл муу сэжмийг тань эвдэхэд туслах бяцхан зөвлөмжийг хүргүүлж байна.  

Өөрийн атаархсан мэдрэмжээ хүлээн зөвшөөр

Та найзынхаа үнэнч дэмжигч, сайн зөвлөх байна гэдэг зарим тохиолдолд боломжгүй. Түүнтэй дотоод мөн чанар, үзэл бодлоороо зөрөлдөх үе мэдээж тохионо. Яг энэ үед өөрийгөө хэт буруутган шүүмжлэхийн оронд эл мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхийг сэтгэл зүйч зөвлөж байна. "Магадгүй би найз шигээ амжилт гаргаж чадахгүй байх вий гэж сэтгэл зовнин үүнээс үүдэн түүнийг гэх сайхан сэтгэлээ гаргаж чадахгүй байж болно шүү дээ.

Өөрийн үнэ цэнийг амжилтаасаа салгаж сур

Амжилтын төлөө улайрсан өнөөгийн нийгэмд хүмүүс ихэвчлэн өөрийнхөө өмнө нүсэр том шаардлага тавин түүндээ хүрэх гэж сэтгэлээ зовоодог. Гэвч таны үнэ цэнэ, өөрийгөө үнэлэх үнэлэмж тань гаднын хүчин зүйлээс саланги байх ёстой гэдгийг сана. Өөрийн ур чадвар, орлогоо найзтайгаа харьцуулах хэрэггүй. 

Сайн сана: Энэ бол өрсөлдөөн биш

Дотнын найз тань амжилт гарган гялалзаж байхад өөрийгөө ялагдаж буй мэтээр бодох хэрэггүй.  Энэ мэт эрүүл бус сэтгэлгээнээс татгалзах нэг арга бол юмсыг дэвэргэж таамаглахаас илүүтэй бодитоор үнэлж хүлээн зөвшөөрөхөд оршино. Тэдний амжилтад дэмжлэг, хичээл зүтгэл, суурь өгөгдөл зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буйг сана. Хүн бүр харилцан адилгүй шүү дээ.  

Бодитоор үнэлж сурах

Таны сөрөг мэдрэмжид найз тань буруугүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Баярт мөчийг нь барайсан царайгаар сүйтгэхийн оронд “Баяр хүргэе!” гэх энгийн үгээр ч дэргэд нь байж болно шүү дээ. Дараа нь хувийн сэтгэл хөдлөлөө эргэцүүлэн бодох цаг гарга. Та хэр сайн найз вэ гэдэг тань сэтгэл зүйгээ хэрхэн даван туулж буйгаас хамаарна.  

Эх сурвалж: Self.com

 

 

#нийтлэл