Сурагчдын дуу бүжиг, гар зурагтай УРАН БҮТЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ боллоо


Үжин | YOLO.MN
2016-05-10

Хийж чаддаг болон хийх дуртай зүйлээ бусдад үзүүлж, түүнээсээ урам авна гэдэг гайхалтай зүйл. Ялангуяа сурагчид урлагийн болон уран бүтээлийн наадам, үзэсгэлэнгийн үеэр өөрийн чаддаг зүйлээ бусад сурагчдад, багшдаа мөн эцэг эхдээ үзүүлэх том боломж гардаг.

Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургуулийн сурагчид Уран бүтээлийн өдөрлөгөөрөө дуу дуулж, шүлэг, уран уншлага уншиж, бүжиг, жүжигчилсэн тоглолт хийн, хөгжим тоглож, дүрслэх урлагийн бүтээлүүдээ дэлгэн үзүүллээ.

Тэдний заримынх нь бүтээл ихэд өвөрмөц бөгөөд гүн утгыг агуулах аж. 9-р ангийн хүүхдүүд хэн нэгний хөргийг хүссэн хэлбэрээр зурах даалгавартайгаар бүтээлээ урлажээ. Ажиглахад хүүхдүүд ихэвчлэн өөрсдийн хөргийг зурсан байх ч зарим нь аав ээжийнхээ мөн алдартнуудын хөргийг зуржээ.

 






















Мөн энд зурсан зургуудаас гадна хайчилбарууд байлаа. 9-р ангийн сурагч Даниел өөрийн бүтээлээ “Дугараг доторх загас” хэмээн нэрийдсэн бөгөөд бүтээлдээ хоёр 7 хоног зарцуулжээ. Гэхдээ үүнийг сайн харвал энэ нь хүний нүд гэдгийг тэрээр тайлбарласан юм.


Мэргэжлийн зураач шиг л зурсан гэлтэй загасны зургийг 11-р ангийн сурагч Билгээ зуржээ. Тэрээр өөрийн зургийн талаар “Загас зурах санаа аавтай маань холбоотой. Аав маань намайг дүүтэй маань хамт загасчлахдаа авч явдаг юм. Тиймээс аав бид хоёрын харилцаанаас энэ зургийг зурах санаа гарч ирсэн. Аав маань миний төлөө хийсэн бүх зүйлд би түүнд өртэй. Бид бие биедээ өөр хэнээр ч орлуулшгүй нандин, эрхэм нэгэн. Тиймээс энэ зураг бол бидний хоорондын холбоосны тухай зураг юм” хэмээн тайлбарласан юм.


9-р ангийн сурагч Ариунбаатар “Бүргэд” нэртэй хайчилбарыг урлажээ. Бүтээлдээ Монголчуудын бахархалт жигүүртэн бүргэд болон уул үүлийг угалз хэлбэрээр урласан гэлээ.


6-р ангийн сурагч Жефри багаараа энэхүү бүтээлээ урлажээ. Өөрийн бүтээлдээ хүрээлэн байгаа орчин болон хүмүүс хоорондын харилцааны талаар тусгахыг хичээн бусдаас өвөрмөц байдлаар хийхийг зорьсон гэлээ.


Тэд мөн энэхүү өдөр дуу дуулж, бүжиг хийн, загвар үзүүлж эцэг эх, багш нартаа сонирхуулсан юм.

 










Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль нь 20 гаруй улс үндэстний 310 гаруй сурагчид суралцаж байгаа Олон Улсын Статус бүхий сургууль юм. Тус сургууль нь сурагчдынхаа авъяас чадвар, хувь хүний төлөвшил, нийгмийн идэвхи, эерэг хандлагыг дэмжих зорилготой "Усны төлөө Гүйцгээе”, “Монгол Хэл, Уран Зохиолын Баяр", "Олон Улсын Долоо Хоног", "Хэл, Уран Зохиолын Долоо Хоног", ахлах ангийн сурагчдын "Уран Бүтээлийн Үзэсгэлэн", Сурагчдын Жүжигчилсэн Тоглолтууд, Спортын Тэмцээн Уралдаанууд зэрэг олон арга хэмжээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж. "Уран Бүтээлийн Үзэсгэлэн" нь энэ удаад 7 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.

#Сурагч #Student #Hobby #Art