Э.Энхрийлэн: Монгол улсаас анх удаа дэлхийн бяцхан миссийн тэмцээнийг шүүхээр болсонд баяртай байна


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-06-01

Yolo.mn энэ удаа загвар өмсөгч, “Биднийг сонс аян”-ыг санаачлагч, Монгол улсаас анх удаа дэлхийн бяцхан миссийн тэмцээнд шүүгчээр ажиллахаар болсон Энхрийлэн охиныг онцлон ярилцсаныг хүргэж байна.


YOLOСайн байна уу? Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулж өгөөч?

- Сайн байна уу, намайг Энхтайвангийн Энхрийлэн гэдэг. Одоо 13 настай, 23 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч.

YOLOЧиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- 6 цагаас босно. Усанд орж бэлдээд ахтайгаа хамт өглөө хичээлдээ явдаг. Хичээлээ тараад кафед найзуудтайгаа тоглож, хамт байх дуртай. Ингээд 3 цагийн үед гэртээ харьна. Гэртээ ирчихээд даалгавраа хийгээд үлдсэн цагтаа ихэвчлэн тэмцээний бэлтгэлээ хийдэг.

YOLO Хэзээнээс загвар өмсөж эхэлсэн бэ?

- Зургаан настайгаа загвар өмсөж эхэлсэн.

- YOLOАнх загварын салбарт хөл тавьж, миссийн анхны тэмцээндээ ороход хэн чамд хамгийн ихээр нөлөөлж байсан бэ?

- Ээж минь хамгийн их нөлөөг үзүүлсэн. Миний ээж энэ салбарт ажилладаг, тэмцээнд явж байгаа охидыг хараад би ч гэсэн оролдож үзмээр санагдсан. Тэгээд ээжтэйгээ ярилцаад анх Солонгос улсад зохион байгуулагдсан “Luxury brand model awards” гэх тэмцээнд оролцож байсан.

YOLOТус тэмцээнд ямар амжилт гаргаж байсан бэ?

- Шилдэг гурван моделийн нэгээр шалгарсан. Анхны шагнал болохоор хамгийн дурсамжтай шагнал мэт санагддаг. Шагнал авах тэр үед надаас гадна миний ойр дотнын бүх л хүмүүс баярлаж байсан.

YOLOЧиний хувьд бяцхан мисс байх хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

- Тэмцээнээр дамжуулан би маш олон гадаад найзуудтай болсон. Нэг хэвийн л өдөр хоногийг өнгөрүүлэхээс илүүтэйгээр өөрийгөө сорих сорилт болдог. Миний амьдралд олон сайхан дурсамж болон үлдсэн. Мөн хамгийн гол нь өөрийнхөө өсөж дэвжиж байгааг мэдэрч, өөрийгөө илүү таних боломж олддог нь хамгийн сайхан зүйл.

YOLOТэмцээндээ хэрхэн бэлддэг вэ?

- Тэмцээнээс 6 сарын өмнөөс бэлтгэлээ хийж эхэлдэг. Тэмцээнийхээ хөтөлбөрүүдийг харж хувцаснуудаа хийлгэдэг. Тэр дундаа Монгол үндэсний дээл хувцаст түлхүү анхаардаг. Саяхан Араб улс руу яваад ирсэн. Тэнд Монгол үндэсний хувцастайгаа нэгэн expo-д оролцсон. Хүмүүст миний хувцас их таалагдаж зургаа ч их даруулсан. Мөн Монгол хүмүүс ч цөөнгүй байсан ба тэр хүмүүс бид нараар бахархаж байгаа нь мэдрэгдэж байсан шүү.

YOLOСүүлийн үед ямар ямар тэмцээнүүдэд оролцсон бэ?

- Сарын өмнө Араб, Туркийн Анатали хотод тэмцээнд оролцоод ирсэн. Уг тэмцээнд би өөрийн насны ангилалдаа Супер гран-при шагнал авч есдүгээр сард Нью Йорк хотноо болох загварын шоунд уригдсан. Гранпри шагнал авсан болохоор аравдугаар сард Дубайд болох олон улсын бяцхан миссийн тэмцээнд шүүгчээр суух эрхээ мөн авсан. Шүүгчээр сууна гэдгийг анх сонсоод их гоё санагдсан. Байнга л хүмүүст шүүгдэж байсан бол одоо өөрөө шүүнэ гэхээр сэтгэл догдолж байна. Саяхан бас “Little miss of the world” тэмцээн болж өнгөрлөө. Хүүхдүүд өөр өөрсдийнхөө насны төрөлд их амжилт үзүүлсэн. Миний хувьд “Шилдэг үндэсний хувцас” шагналыг хүртсэн. Мөн 2019онд Италийн Милан хотод болсон Best Kids Model Of The Universe тэмцээний Best Kids Model Of The World титмийн эзэн, 2018 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон Junior Model International тэмцээний Super Cute номинаци зэрэг олон тэмцээнд амжиллттай оролцоод байна.

YOLOБаяр хүргэе. Бяцхан миссүүдийг шүүхээр болсон гэлээ. Анх удаа шүүгчээр ажиллахаар болсон учир их сандарч байгаа байх. Хэрхэн шүүхээ төлөвлөж амжсан уу?

- Тэгэлгүй яахав. Олон улсын бяцхан миссийн тэмцээнийг Монгол улсаас шүүх гэж буй анхны тохиолдол. Иймээс өөрийгөө хэр сайн илэрхийлж байна вэ гэдгийг нь голчлон харж сайн шүүхийг хичээх болно. Миний хувцас ийм сайхан шүү гэдгийг илэрхийлж чадвал нүдэнд ч өртөх байх.


YOLOЯмар нэгэн агентлагт харъялагддаг уу?

- Одоогоор “U models” агентлагт топ Уранцэцэг багшийнхаа шавиар 4 сар гаран хичээллэж байна. Өмнө нь “Охидын мисс”, “Азийн модель” агентлагт явдаг байсан. 

YOLOҮлгэр дуурайлал авдаг хүн?

- Манай багш Уранцэцэг,  Models нэвтрүүлгийн ялагч Ханна багш, загварын Долгион багш. Загварын тал дээр энэ гурван хүнээс үлгэр дуурайлал авдаг. Харин загвараас бусад бүх л зүйл дээр хамгийн том үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл ээж маань. Ээжтэйгээ адилхан хүн болохыг л хүсдэг. 

YOLOМонгол улсад зохион байгуулагддаг бяцхан миссийн тэмцээний талаар уншигч охиддоо мэдээлэл өгч болох уу?

- Олон насны ангилалтай. Яг л өөр олон улсад болдог тэмцээнүүдтэй адил гран-при, 2-р байр гэсэн шагналуудтай. Мөн оюунлаг мисс, дуучин мисс гэсэн олон төрлийн номинацитай байдаг.

YOLOНоминаци, гран-при хоёр юугаараа ялгардаг вэ?

- Бүх насны ангилалд гран-при шагнал байдаг. Гран-при тэмцээнийхээ шилдэг ялагч гэсэн үг. Харин нэг талын чадвар илүү байвал номинаци шагнал авна. 

YOLOЗагварын салбарын хүмүүсийг дийлэнхдээ жингээ барьдаг гэдэг ойлголт байдаг шүү дээ. Чиний хувьд жингээ хэрхэн барьдаг вэ?

- Би өөрөө их хөдөлгөөнтэй хүүхэд. Заалнаасаа гараад гэр лүүгээ алхчихдаг. Автомашинаар их явдаггүй. Шатаах ёстой калорио хөдөлгөөнөөрөө шатаачихдаг болохоор дэглэм барьдаггүй, зөв хооллохыг хичээдэг. Өдөрт авах ёстой нүүрс ус, илчлэг зэргээ тодорхойлж чихэртэй зүйл бага идэж ногоо түлхүү идэх зэргээр хоолоо зохицуулдаг.

YOLOБүжиглэхээс өөр чөлөөт цагаараа хийх дуртай зүйл байгаа юу?

- Би зураг зурах дуртай. Өдөр болгон тогтмол хийдэггүй ч өөрийнхөө сонирхол болгож зурдаг. Гэхдээ зурсан зургаа хүмүүст үзүүлдэггүй ээ./Инээв/

YOLOЧиний бодлоор ямар эмэгтэйг хөөрхөн эмэгтэй гэх вэ?

- Би нөхөрсөг хүмүүст дуртай. Эелдэг, зөөлөн, харилцахад ч амар байдаг. Хурдан шуурхай эмэгтэйчүүд байдаг шүү дээ, тийм эмэгтэйчүүдэд их дуртай. Өөрийнхөө ажил, мөрөөдлийн төлөө шуурхай ажиллаж чаддаг болохоор би ч тийм эмэгтэй болохыг хүсдэг. Бас хөгжилтэй хүмүүс их таалагддаг. Хамт байхад уйдахгүй, ярианы сэдэв байнга олддог. Ийм гурван зан чанар байдаг эмэгтэйг хөөрхөн эмэгтэй гэх байх.

YOLOЗагварын салбар хэцүү салбар, олон зүйлийг чамаас шаардана. Шантрах үе гарч байсан уу?

- Маш их ядардаг. Өндөр өсгийт дээр олон цаг алхдаг. Өдөр болгон бэлдэж байгаа болохоор шантрах үе их гарсан. Найзуудынхаа хичээл зүтгэлийг хараад, найзуудынхаа надад хэлсэн урмын үгийг сонсоод энэ салбартаа бүрэн дурласан. 7 настайдаа анх загвар өмсөж эхлээд яасан ч орхихгүй гэсэн зорилго өмнөө тавиад урагшилж эхэлсэн.

/Бичлэгийг Academy -16 фэйсбүүк хуудаснаас авав/

YOLOОйрын зорилго, ирээдүйн мөрөөдлөөсөө хуваалцаач.

- Нью Йоркд загварын ахлах сургууль байдаг. Тэр сургуульд суралцаж заавал өөрөө загвар гаргаж хувцас хийж сураад өөрийнхөө хувцсыг өөрөө өмсөөд, бусдад ч өмсгөхийг, тэдэнд харуулахыг хүсэж байна.

YOLO“Биднийг сонс” аяны тухай мэдээлэл өгөөч.

- Академи -16 гэдэг аян бий. Намайг сонс, биднийг сонс, тэднийг сонс гэсэн гурван урианы дор уг аян маань явагдаж байна. Өсвөр насны хүүхдүүдэд тэр бүр өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй шүү дээ. Ингээд тэдний дуу хоолой болохоор аяныг санаачилсан. Мөн бид энэ аяны хүрээнд дуу хийе гэж шийдсэн. Ингээд бусад хүүхдүүдтэй хамтарч дуу гарсны дараа өөр олон хүүхдүүд аянд маань нэгдэж шинээр олон найзтай ч болсон. Хүмүүс ч биднийг сонсож, анзаарсан гэж бодож байна.

/Бичлэгийг Academy -16 фэйсбүүк хуудаснаас авав/

YOLOАрван жилийн дараа чи өөрийгөө хэрхэн төсөөлж байна?

- Тэр үед би олон улсын модел, дизайнер болчихсон өөрийнхөө шоуг хийгээд, өөрөө шоундаа алхана гэж төсөөлж байна.

YOLOЯрилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсэе.

-Та бүхэнд бас баярлалаа. Бүгдээрээ сайхан баярлаарай.

 

 

#Баярын өдөр