Дэлхий дулаарснаар "зомби вирусүүд" 50 мянган жилийн дараа сэрцгээж байна


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-10-12

Уур амьсгалын өөрчлөлтөөс олны эрүүл мэндэд учирч буй өөр нэгэн аюул нь "зомби вирусүүд" болж байна

Вирологч Жан-Мишель Клаверигийн нээлтүүд хэдэн мянганы турш хөлдүү байсан газрыг гэсгээж эхэлсэн дэлхийн дулаарлын таагүй бодит байдлыг тодотгон харуулж байна. Өдгөө 73 настай Жан-Мишель Клавери "эртний" вирусүүдийг судлахад амьдралынхаа 10 гаруй жилийг зориулсан бөгөөд тэдгээрийн дунд Сибирийн мөнх цэвдгийн гүнээс олдсон 50 мянган жилийн настай вирус ч байгаа аж.

Манай гараг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс аль хэдийн цельсийн 1.2 хэмээр дулаарч, эрдэмтэд 2030-аад он гэхэд Хойд мөсөн далай зундаа мөсөн бүрхүүлгүй болно гэж таамаглаж байгаа юм. Тус бүс нутгийн цэвдэг хайлснаар доор нь хуримтлагдсан метан зэрэг хүлэмжийн хий агаар мандалд ялгарах нь олон судалгаагаар баталгаажсан бол харин унтаа байдалд буй патогены аюул төдийлөн сайн судлагдаагүй хэвээр байна.

Өнгөрсөн онд Жан-Мишель Клаверигийн баг Сибирийн мөнх цэвдгээс олон тооны эртний вирус гаргаж авсан тухай, мөн тэдгээр нь бүгд халдварлах чадвартай хэвээр байсан тухай судалгаагаа хэвлүүлжээ.

"Уур амьсгалын өөрчлөлтийн энэ үед аюул зөвхөн өмнө зүгээс ирнэ гэж бодоод байдаг. Харин одоо мөнх цэвдэг гэсэж, нян, бактери, вирусүүдийг чөлөөлснөөр хойд зүгээс ч мөн аюул ирж болохыг бид ухаарч байна" хэмээн Жан-Мишель Клавери "Bloomberg"-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Эртний вирусүүд хэрхэн аюул учруулж болох хувилбарууд нэмэгдсээр байна. Тухайлбал: 2016 оны зун Сибирийн хэт халалт боом өвчний спорыг идэвхжүүлснээр 10 гаруй хүн өвчилж, нэг хүүхэд амиа алдаж, хэдэн мянган цаа буга зүй бусаар хорогджээ. Энэ оны долоодугаар сард эрдэмтдийн өөр нэгэн баг мөнх цэвдгийн орчинд олон эст организмууд ч идэвхгүй бодисын солилцоо буюу криптобиозис байдалтайгаар амьд үлдэж чаддагийг илрүүлсэн судалгаа хэвлүүлж байв. Тэдгээр эрдэмтэд зөвхөн бие дэх усыг нь нөхөх замаар Сибирийн мөнх цэвдгээс олдсон 46 мянган жилийн настай туузан хорхойг амилуулж чадсан байна.

Жан-Мишель Клавери эхлээд Сибирийн мөнх цэвдгээс "амьд" вирусүүд гаргаж авах боломжтой гэдгийг харуулж, дараа нь 2014 онд вирусийг амжилттай  амилуулжээ. Аюулгүй байдлын үүднээс түүний судалгаа хүний төрөл зүйлээс хол, зөвхөн амёбуудад халдварлах чадвартай вирусүүдэд төвлөрсөн байна. Хэдий тийм боловч эдгээр вирусийн дэлхий нийтийн эрүүл мэндэд учруулах аюулын цар хүрээ нь дутуу үнэлэгдсэн, эсвэл дэндүү ховор тохиолдол гэж буруу ойлгогдохоор санагдаж байснаа тэрбээр илэрхийлжээ.

Ингээд 2019 онд түүний баг Сибирийн эртний мөнх цэвдгийн долоон өөр дээжээс 13 шинэ вирусийг тусгаарласан нь тэдгээр вирусүүд элбэг тархсаны баталгаа болсон байна. Шинэ нээлтээ 2022 оны судалгааны ажилдаа дурдахдаа тэрбээр эртний, үл мэдэгдэх патогеноос хүн, амьтан, ургамалд вирус халдварлах нь "гамшгийн" үр дагавартай болохыг тодотгожээ.

"50 мянган жилийн өмнө тухайн бүс нутгаас неандерталчууд устаж үгүй болсон. Хэрэв тэд тодорхойгүй вирусийн халдвараас болж мөхсөн бол, мөн тэр вирус нь дахин гарч ирлээ гэхэд бидэнд том аюул учрах болно" хэмээн тэрбээр онцолж байна.

 

#мэдээ