"Ээж аавын ЭРХ ОХИН БАЙСАН үеэ санаад байна"


Сондор | YOLO.MN
2017-12-04

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ээж аавын эрх охин байсан үеэ санаад байна

Дүүгийн тараасан тоглоомыг хурааж, заваартуулсан хувцсыг нь угааж, бантанг нь чанаж, бүүвэйлж унтуулан би энэ айлд яг л асрагч шиг байдаг боллоо. Тэд дүүд л хамаг мөнгөө зориулж миний өдрийн халаасны мөнгө хоёр дахин багассан. 14 настай Э...

Сайн байна уу. Намайг Э гэдэг. 14 настай эмэгтэй

Би өнгөрсөн жилийн зургадугаар сар хүртэл ээж аавын эрх охин байлаа. Нэг үгээр, дүүтэй болох хүртлээ би ээжийнхээ энгэрт эрхэлж, аавынхаа мөрөнд зүүгдэж, санасан бүхнээ гүйцэлдүүлж, сарвайсан болгоноо авдаг ээж аавын эрх гүнж байлаа. Харин дүү минь төрсөн цагаас л ээж аав минь намайг тоохоо байж хамаг анхаарлаа дүүд хандуулах боллоо. Би дүүтэй болсондоо баяртай байгаа л даа, гэхдээ л бас гомдоод байх юм. Өмнө нь аав намайг өглөө сургуульд машинаараа хүргэж өгч үнсээд үддэг байсан бол одоо “өөрөө яв” гэдэг боллоо. Ээж намайг хичээлээ тараад гэртээ ирэхэд заавал үнсээд, өдөр хэр өнгөрснийг минь асуун ярилцдаг байсан бол одоо “дүүгээ ав” гэж загнаад ч байгаа юм шиг зандраад ч байгаа юм шиг хэлдэг боллоо.

Дүүгийн тараасан тоглоомыг хурааж, заваартуулсан хувцсыг нь угааж, бантанг нь чанаж, бүүвэйлж унтуулан би энэ айлд яг л асрагч шиг байдаг боллоо. Тэд дүүд л хамаг мөнгөө зориулж миний өдрийн халаасны мөнгө хоёр дахин багассан. Тэгээд ч зогсохгүй ээж аав орой ажлаасаа ирэхдээ дүүд л гоё юм авчирч өгдөг. Би үнэхээр их гомдоод байна. Нэг шөнө бүр тэсэлгүй орондоо уйлахад аав “яасан юм бэ” гэж асуухад нь “гэдэс базлаад байна” гэж худал хэлээд гэдэсний эм уучихсан, инээдтэй ч юм шиг. Би дүүдээ хайртай л даа, гэхдээ дүүтэй болох надад таалагдахгүй байна. Ээж аавдаа би энэ талаар хэлэх гэхээр санаа зовоод байна. Найз нартаа хэлсэн чинь намайг элгээ хөштөл шоолоод байсан. Тэд ч над шиг эрх охин байгаагүй болохоор л мэдэхгүй байгаа байх. Эцэг эхдээ хэлбэл “Хөгшин зөнөг царайлчихаад сонин юман дээр гомдлоо” гэж загнах байхдаа, тэр хоёр минь. Би яах вэ.

ЗӨВЛӨГӨӨ: Чи дүүгийнхээ хувьд маш чухал хүн

Хэрэв энэ асуудлыг ганцаараа шийдэж чадахааргүй бол ээж аавтайгаа ярилцаад үзээрэй. Тэд чамайг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэл судлаач Б.Ганзул

Сайн байна уу

Яг л бусад айлын том хүүхдүүдэд тулгардаг бэрхшээл чамд тохиолдсон байна. Мэдээж өмнө нь байсан сайхан үеэ дурсах нь тийм ч буруу зүйл биш. Гэхдээ өөрчлөлтөд дасан зохицох нь бидний нэг үүрэг хариуцлага юм шүү. Чиний захиаг уншаад чамайг ээж аав болон дүүдээ их хайртай гэдгийг ойлголоо. Тийм болохоор энэ нөхцөл байдлыг даван туулахад чамд тийм ч хэцүү биш байх болно гэж бодож байна. Хамгийн түрүүнд чи дүүгийнхээ болон ээж аавынхаа оронд өөрийгөө тавиад дараах асуултуудад нэг хариулаад үзээрэй.

-Ээж аав хоёр чинь чамд хайртай хэвээрээ болов уу?
-Энэ бүхэнд дүүгийн чинь эсвэл хэн нэгний буруу байгаа юу?

Дээрх хариултуудад хариулж дууссан бол миний юу хэлэх гээд байгааг ойлгосон байх гэж найдаж байна. Ээж аавыгаа илүү сайн ойлгож дүүгээ илүү ихээр хайрлаж түүнд туслаарай. Учир нь дүүгийнхээ хувьд чи үлгэр дууриалал болох хүн юм шүү гэдгийг сайтар санаарай.

Хэрэв энэ асуудлыг ганцаараа шийдэж чадахааргүй бол ээж аавтайгаа ярилцаад үзээрэй. Тэд чамайг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Асуудал #Ганцаардал #ЭцэгЭх