Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь 2015 онд Сэтгэлзүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг Англи улсын хүүхдийн сэтгэл засалч Миранда Марштай хамтран боловсруулсан. Энэ хүрээнд 2022-2023 онд Нелумбо сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсад анх удаа асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт сургуулийн 37 мэргэжилтнийг сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй болон урлагийн сэтгэл заслын практик арга зүйгээр чадавхжуулах “Баяртай” Хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлжээ.
Хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтнүүдээр дамжуулан 6-10 насны хүүхдүүдэд хүрч ажиллах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойгоор 1000 гаруй хүүхдүүдэд шууд болон шууд бус байдлаар хүрч ажиллажээ.
“Баяртай” хөтөлбөрийн эхний шатны хаалтын үйл ажиллагаа болох олон улсын сэтгэл зүйчдийн бага хурлыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хүүхэд нас бол амьдралын үндэс” сэдвийн хүрээнд 300 гаруй зочид төлөөлөгч, сэтгэл зүйч мэргэжилтнүүдтэйгээр зохион байгуулав.
Хөтөлбөрийн оролцогчид эзэмшсэн арга зүйгээ гурван сарын хугацаанд өөрийн байгууллагын хүүхдүүд дээрээ практик дадлага ажлыг хэрэгжүүлж ажиллажээ. Хөтөлбөрийн оролцогчид байгууллагынхаа хүүхдүүдээс “Би үзэл баримтлалыг судлах, хандлагыг тодорхойлох” гараа болон барианы судалгааг авч, үр дүнг боловсруулж, тайлагнасан нь тус хөтөлбөрийн онцлог байв. Цаашлаад хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтнүүддээ зориулан “6-10 насны хүүхдэд урлагийн сэтгэл заслыг ашиглах нь” гарын авлага, “Би бол нар” 6-10 насны хүүхдийн дасгалын номыг боловсруулан гардуулав.
Хөтөлбөрийн оролцогчдод хүн төвт хүүхэд заслын арга зүй, математик статистик тооцоолол, сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн чиглүүлэг гэх ахисан түвшний мастер класс сургалтыг 3 өдрийн турш явуулжээ. Сургалтыг Англи улсын хүүхдийн сэтгэл засалч Миранда Марш, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул, Хонг Конг дахь Хүүрнэл зурган заслын холбоог үүсгэн байгуулагч урлагийн сэтгэл засалч, доктор Моника Вонг нар удирдан зохион байгуулсан аж.
Мөн түүнчлэн нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн олон сэдвүүдээр олон нийтийн сүлжээнд компанит ажлыг зохион байгуулж, нийт 10,000 гаруй хүнд хүрч ажилласан байна.
Харин хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд Австрали, Өмнөд Африк болон Их Британи улсын мэргэжлийн сэтгэл засалчид сэтгэл судлалын онол, туршилт судалгаа, клиник туршлага дээрээ үндэслэн практик арга зүйд чиглэсэн 2 өдрийн танхимын сургалтыг хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйч, мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулжээ.
Мөн бага хуралд КНХС-ийн боловсролын түншүүд болох Хо Ши Мин хотын Үндэсний их сургууль, Вьетнамын сэтгэл судлалын нийгэмлэгийн 10 тэргүүлэх сэтгэл судлалын профессорын төлөөлөл оролцжээ. Бага хурлын үеэр Вьетнамын сэтгэл судлалын нийгэмлэг, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
“Хүүхэд нас бол амьдралын үндэс” бага хурал нь хүүхэд насны суурь асуудлуудыг хөндөж, хүүхэд бүрд гэрэлт ирээдүйг цогцлооход сэтгэл зүйн салбар анхааран ажиллахын эхлэл гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх