Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр 2023: Уур амьсгалын түгшүүр гэж юу вэ?


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-10

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй уур амьсгалын түгшүүр нь нийгэм судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Бид энэхүү нийтлэлдээ уур амьсгалын түгшүүрийг хэрхэн тодорхойлдог, энэ нь ямар үр дагавартай, хамгийн чухал нь бид үүнийг хэрхэн даван туулах талаар хүргэнэ.

Уур амьсгалын түгшүүр гэж юу вэ?

1970-аад оны байгаль орчны тэнцвэргүй байдлаас хойш уур амьсгалын өөрчлөлт нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, аж амьдралд нь дамаар нөлөөлж олон нийтийн дунд чухал сэдэв болсон. Уур амьсгалын түгшүүрийн судалгаа нь клиник, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаантай огтлолцон салбар дундын судалгааг бий болгожээ. Байгаль орчны асуудал, сэтгэцийн эрүүл мэндийг холбосон судалгаанд уур амьсгалын түгшүүр, эко түгшүүр, эко гэм буруу, эко уй гашуу зэрэг нэр томьёог нэвтрүүлсэн.

Судалгаагаар түгээмэл илэрдэг уур амьсгалын түгшүүрийн хэд хэдэн тодорхойлолтыг гаргажээ. Үүнд: Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг (APA) уур амьсгалын түгшүүрийг "байгаль орчны сүйрлийн архаг айдас" гэж тодорхойлсон байдаг. Австралийн байгаль орчны философич Гленн Альбрехт уур амьсгалын түгшүүрийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнийг "оршихуйн экологийн үндэс нь сүйрлийн шатанд байна" гэсэн ерөнхий ойлголтыг бий болгожээ. 

Нас насныхны айдас...

Геронтологийн чиглэлээр салбар дундын судалгаа хийдэг Ютагийн их сургуулийн профессор Скотт Райт 2003 онд бичсэн нийтлэлдээ " Хижээл үеийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн богино хугацааны нөлөөлөлд санаа зовж илүү эмзгээр мэдэрдэг гэжээ. Тухайлбал ахмад үеийнхэн хойч үедээ онгон дагшин байгалийг үлдээж чадаагүйдээ  түгшдэг байна.

Байгаль орчны ашгийн бус "Дэлхийн андууд" байгууллагын 2022 оны тооцооллоор  18-24 насны залуучуудад уур амьсгалын түгшүүрийг мөн  илүүтэй мэдэрдэг гэжээ. 

2021 онд байгаль орчны хэсэг бүлэг судлаачид дэлхийн 10 орны  залуучуудын уур амьсгалын түгшүүрийн цар хүрээг тодорхойлохоор судалгаа эхлүүлжээ. Судалгаанд Австрали, Бразил, Финланд, Франц, Энэтхэг, Нигери, Филиппин, Португал, Их Британи, АНУ зэрэг улсын 16-25 насны 10,000 залуучууд хамрагдсан.  Судалгааны дүнд бүх улсын залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа зовдог гэж хариулжээ. 

  • 59% нь маш их санаа зовдог
  • 84% нь дунд зэрэг санаа зовсон

Үр дагавар нь юу вэ? 

Өмнө дурдсанчлан, уур амьсгалын түгшүүр нь нарийн төвөгтэй ойлголт юм. Учир нь хүмүүс тухайн нөхцөл байдалд өөрийгөө огт өөр хэлбэрээр илэрхийлж болно. Зарим хүмүүсийн хувьд уур амьсгалын түгшүүр нь хүрээлэн буй орчны идэвхжил, мэдлэгээ дээшлүүлэхэд түлхэц болдог. Грета Тунбергийг авч үзье: Тэр бол дэлхийн оюутнуудын нэлээд хэсгийг улс төржүүлж “Ирээдүйн төлөөх Баасан гараг”- ийн хөдөлгөөнийг эхлүүлсэн байгаль орчны идэвхтэн юм. Уур амьсгалын түгшүүр нь хүн байгалийн харилцаанд сөргөөр нөлөөлж хувь хүнийг хариуцлагын мэдрэмжид хэт автуулж , бодит өөрчлөлтийг хэрэгжүүлэх тэмцэлд өдөөж өгдөг.

Хэрхэн даван туулах вэ?

Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон мэдээ, яриа сүйрлээр дүүрэн мэт санагдаж болох ч уур амьсгалын эерэг мэдээг хайх нь сэтгэлийн түгшүүрийг арилгахад тусална. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ дэвшилтэд технологийг бий болж буйг мартаж болохгүй.

Эх сурвалж: earth.org

#мэдээ