Зөөгчөөр ажилд авсан ч шөнийн клубт бүжиглэх шаардлага тавьжээ


Б.Чимэг | YOLO.MN
2023-10-09

Манай улсад хүүхэд залуучуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдлууд гарсаар байна.

2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1-т “Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно” гэж заажээ. Албадан хөдөлмөр гэдгийг аливаа торгууль шийтгэл оногдуулахаар айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг ажил үйлчилгээ эрхлүүлэх гэж хуульд тайлбарласан байна.    

Зөөгч ажилд авах зарын дагуу ажилд орсон ч шөнийн клубт нүцгэн бүжиглэх шаардлага тавьж, охид эмэгтэйчүүдэд хуурамч мэдээлэл өгч, хууран мэхлэх замаар ажилд аваад, удалгүй өөр ажил хийх шаардлага тавьсан нэг жишээг та бүхэнд хүргэе.

Албадан хөдөлмөр нь юуны өмнө хувь хүний эрх чөлөө, эрхэм чанарыг үгүйсгэж байгаагаараа хүний үндсэн эрхийн зөрчил юм. Мөн Эрүүгийн хуулийн 13.13-т Албадан хөдөлмөрлүүлэхийг гэмт хэрэгт тооцож, торгох, эсхүл найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлэхэд зуучилсан, зохион байгуулсан хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

                                                                    АЛБАДАН ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Албадан хөдөлмөрлүүлснээр тухайн хүнд учирч болзошгүй аюул заналхийлэл нь бие махбод, сэтгэл санаа, санхүү болон бусад хэлбэрээр илэрч болно. Цалин хөлс олгохгүй байх, хөдөлгөөнийг хязгаарлах, бие махбодын хүчирхийлэл хэрэглэх, хувь хүний эрх, боломжийг хясан боогдуулах, ажлын муу нөхцөлд шилжүүлэх, хууль бус цагаачлагчдыг холбогдох байгууллагуудад мэдээлэх зэрэг олон арга хэлбэрээр илэрдэг байна.

Түүнчлэн, сайн дурын үндсэн дээр ажиллахгүй байх, дарамт шахалт үзүүлэх, хуурч мэхлэх зэрэг нь албадан хөдөлмөрт тооцогдоно. Өрөөр барьцаалах, ажилтны бичиг баримтыг барьцаалах зэрэг бусад хэлбэр ч үүнд хамаарна. Эдгээр нөхцөл нь ажилд ороход (хохирогч өөрийн хүсэл зоригийн эсрэг ажиллах), эсвэл явцын дунд (хохирогч ажлаасаа гарч чадахгүй, эсвэл тодорхой хугацаанд цалин, хангамж хүртэж чадахгүй байх) үүсэж болно.

Тухайн ажлын мөн чанар нь бус, харин түүнийг гүйцэтгэж, гүйцэтгүүлж буй хүмүүсийн хоорондын харилцаа албадан хөдөлмөрийг бий болгодог. Хууль тогтоомжийн дагуу хууль ёсны гэж үзэх ердийн ажил үүргийг зөвшөөрөлгүйгээр, эсвэл шийтгэлээр сүрдүүлж гүйцэтгүүлсэн бол мөн л албадан хөдөлмөрт тооцно.

ОЛОН УЛСАД

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоолсноор дэлхий даяар 20 сая хүн албадан хөдөлмөр эрхэлж байна. Эдгээрээс 18 сая буюу 90 хувь нь хувийн хэвшлийн байгууллага, хувь хүний эрхшээлд хөдөлмөрлөж, бэлгийн мөлжлөгт өртжээ. Үлдсэн 2.2 сая буюу 10 хувь нь төрийн албадлагаар хөдөлмөр эрхэлж байна.

Дэлхий даяар албадан хөдөлмөр нь хувийн хэвшилд жил бүр 150 тэрбум ам.долларын хууль бус ашиг орлого авчирдаг. Албадан хөдөлмөр эрхэлсний улмаас ажилчдад төлөгдөөгүй цалин хөлсний нийт хэмжээг жил тутамд 19 тэрбум ам.доллар хэмээн тооцоолжээ.

                        ДАРААХ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ АЛБАДАН ХӨДӨЛМӨРЛҮҮЛЭХЭД ХАМААРАХГҮЙ

  • Cуурь боловсрол эзэмших
  • Хугацаат цэргийн албан хаагчийн хийж гүйцэтгэж байгаа цэргийн зориулалттай ажил, үйлчилгээ
  • Тухайн нутаг дэвсгэр, хот, тосгон, суурин газрын оршин суугчийн хувьд хийх тохижилт, цэвэрлэгээний хөнгөн ажил
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл ял эдлэх явцад төрийн байгууллага, албан хаагчийн удирдлага, хяналтын доор хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ. Ялтныг аливаа хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллуулах, тэдний мэдэлд шилжүүлэхийг хориглоно
  • Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгахтай холбоотой ажил, үйлчилгээ.
  • Хөдөлмөрийн хуулийн 8-р зүйл.Албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох

#мэдээ