Өргөст торонд эндсэн зээрийн сүргийн амь гэрэл зургийн хальснаа


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-06

Тэнгэр нь газартайгаа шүтэлцсэн Дорнод Монголын их талыг эрх дураараа эмжин идээшиж хүй байгалийнхаа унтаахай нахайг сэрээн давхидаг амьтан бол цагаан зээрийн сүрэг билээ. Жилийн дөрвөн улирал өнгө төрхөө хувиргаж, зээрийн сүргийн тоо жилээс жилд цөөрөх болж. Одоогоос 50 жилийн өмнө 4 саюулаа идээшдэг байсан цагаан зээр өдгөө сая хүрэхгүй бүртийж байна. Байгальд ээлгүй дэд бүтэц, хууль бус ан агнуур зэрэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж зээрийн сүргийн тоо толгой хорогдсоор...

2021 онд гэхэд 10 мянга цагаан зээр идэш тэжээл ирэн явахдаа хилийн торонд амь эрсэдсэн гэх судалгаа бий. Цагаан зээр төмөр тор хоёрыг олон жил ярьсан ч дорвитой шийдэл гаралгүй өнөөдрийг хүрчээ. Харин эл асуудлыг онцгой тусгасан “ Байгальд ээлтэй Монгол” үзэсгэлэн олны хүртээл болж өндөрлөлөө. 

Амьтны гэрэл зурагчин Л.Жаргал: Байгаль амьтан хоёр зэрэгцэн орших ёстой. Гэтэл дан ганц цагаан зээр гэлтгүй олон амьтад төмөр тор, цахилгааны шугамаас болж эндэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Чойрыг зорьж зураг авсан. Тэр үед зээрийн сүрэг их өрөвдөлтэй орж  гарах гэж үймээд сэтгэл эмзэглэмээр байсан. Зураг дарахад ч халгам үе бий. Цаашид амьтдад тулгамдаж буй асуудлыг гэрэл зургаар дамжуулан ийн олны хүртээл болгох нөлөөлийн ажлыг хийх шаардлагатай гэв. 

"Өргөсгүй тор" уриатай тус үзэсгэлэнд 44 сайн дурын оюутан сурагчид оролцож, 2400 хүн үзэж сонирхжээ.

Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж
Хэвгий заяа тэгшилэн сэрвээндээ галтай дүүлсэн
Хал үзсэн мичин жилийн зуднаар хар зам татуулж
Мэнэнгийн их хээрээр хялгана цөрмөж цувсан хөрч үзсэн
Шар талын шаналан
Ээрэм газрын энэлэн
Би-Цагаан зээр
Бүргэдийн сүүдэр дор янзага минь бүртийж
Бүхний нүдэн дээр яс минь хэрзийж
Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж
Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад
Сүргээр минь авла энэ амьтныг гэж
Сүх шиг далайсан тушаалын
Гайтай хөөтэй үг болгон
Галт сумнаас урьтаж намайг оносоон
Харлаг шөнөөр гэрэл тавихад нь
Хар саналгүй бүлтэгнэн дөхөөд
Халуун тугалгаар дал хавсарч
Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан
Газар хөдөлтөл дэрэлздэг ооноо үгүйлэн
Ганц хоёр шарагчин хомоол үнэрлэн холхиж
Хядуулсан сүргийн минь гэгээн сүнс
Хялганат талаар зүүдийтэл гэлдрэн
Шүүрхий мах шиг улаан номыг
Шөргөн эврээрээ сэжилж байхад
Хүний гарт орж хүзүүгээ мушгиулсанаас
Хөх чонын хоол болсон нь дээрээ...
Би
Цуутай дорнын цагаан зээр
Би цусаа үзсэн улаан зээр

Цэндийн Чимэддорж СГЗ яруу найрагч

 

#мэдээ