"Фэйсбүүкийнхээ дагагчийг нэмэх гэж танихгүй хүний найзын хүсэлтийг бүү аваарай"


Г.Тэгшсүрэн | YOLO.MN
2023-09-29

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян үргэлжилж байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн кинон дээр гардаг шиг хүнийг хулгайлан гадаад улс руу авч явах, эд эрхтнийг наймаалах байдлаар явагддаггүй. Хүний хэрэгцээ, эмзэг байдал дээр нь тулгуурлан үйлдэгдэх зэргээр олон шат дамжлагатайгаар явагдаж байна. Сүүлийн үед сэтгэл татах аргыг ашиглаж хосын харилцаан дээр дөрөөлөх, өсвөр насны хүүхдүүдийн итгэлцлээр дамжуулан үйлдэх болсон.

Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгт насанд хүрээгүй хүүхдийг хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд эцэг эх, асран хамгаалагчид үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, таны насанд хүрээгүй охин, хүү хэнтэй, хаана, юу хийж явааг хянах, цахим хэрэглээг нь анхаарах шаардлагатай юм. Мөн сурагчид, өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэддэг, эрсдэлтэй нөхцөлд орсон бол мэдээлдэг, найз нөхдөдөө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөдөг, мэдээллээ хуваалцдаг байх хэрэгтэй.

Иймд АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр ХЗДХЯ, ХНХЯ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж буй “Мэддэг мэдээлдэг байя” аяны хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдыг хамруулан мэдээлэл өгөх уулзалт зохиолоо.

Энэ үеэр 2013 оноос хойш хүн худалдаалах гэмт хэрэг болон түүний эрэлтийн эсрэг сайн дурын гишүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй "Анбаунд Монгол" ТББ-ын мэргэжилтэн мэдээлэл танилцуулж, сурагчидтай санал бодлоо солилцов.

Нийслэлийн 124 дүгээр сургуулийн 11А ангийн сурагч Т.Мөнгөнцэцэг “Бэлгийн мөлжлөгт хэн ч өртөх боломжтойг энэ сургалтаас ойлгож авлаа. Бид мэдэхгүй ч гэсэн бэлгийн мөлжлөг гэдэг зүйл бидний хажууханд болж байдаг гэдгийг мэдэхэд надад тааламжгүй санагдлаа. Аав, ээж хоёр минь намайг дунд ангид ороход фэйсбүүк нээж өгч байсан. Тэр үед “Танихгүй хүнээс найзын хүсэлт ирвэл түүнийг хэн бэ, би таних бил үү гэдгийг эхлээд нягтлаарай. Үүний дараа аав, ээжтэй нь цахим найз, бид түүнийг таних эсэхийг асуусны дараа найзаараа нэмээрэй” гэж захиж байсан. Танихгүй хүнээс найзын хүсэлт авч үзээгүй хүүхэд манай ангийнхан дунд бараг байхгүй байх. Ер нь л нэг удаа ч гэсэн ирдэг юм билээ. Тэгээд чат бичсэн. Тэгэхээр нь “Аав, надад ийм чат ирлээ” гээд харуулсан чинь “Наад хүнээ шууд блоклочих” гэж хэлж байсан, би аавынхаа хэлснээр хийсэн.

Хэрэв хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, болох эрсдэлтэй нүүр тулбал эхлээд цагдаад хандана. Бас Итгэлийн утас гэж байдгийг өнөөдрийн сургалтаас мэдэж авлаа. Би ер нь аав, ээжтэйгээ нээлттэй байдаг. Тийм болохоор ямар ч асуудал тулгарсан би тэдэндээ түрүүлж ханддаг. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд фэйсбүүкийнхээ дагагчийг нэмэх гэж танихгүй хүний найзын хүсэлт авах биш өөрсдийнхөө аюулгүй байдлыг эхлээд бодоорой, ирээдүйд учирч болох эрсдэлээс болгоомжлоорой гэж захимаар байна” гэв.

Хэрэв та эсвэл танил, найз нөхөд тань хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, өртөх эрсдэлтэй нөхцөл, байдалд орсон бол дараах төрийн болон төрийн бус байгууллагуудын утсанд хандаж тусламж авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

  • ЦЕГ-ын утас 102
  • Хүүхдийн тусламжийн утас 108
  • Итгэлийн утас 1800-1903

АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

#мэдээ