“ Хамгаалагч” байя уриатай Хүүхдийн төлөөх итгэл найдварын алхалт боллоо


YOLO.mn | YOLO.MN
2023-09-29

2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нь Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хувьд түүхэн өдөр болж өнгөрлөө. “Хүүхдийн Төлөөх Итгэл Найдварын Алхалт” арга хэмжээг анх удаа Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Цагдаагийн Ерөнхий Газар, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газартай хамтран хүүхдийн бие махбодын хүчирхийллийн эсрэг “ХАМГААЛАГЧ” ах, эгч байя уриа дор зохион байгууллаа. “ХАМГААЛАГЧ” гэдэг нь аливаа хүчирхийллийг үл тэсэж, цаг тухай бүрт нь таслан зогсоож, урьдчилан сэргийлэхийг нэн тэргүүнд эрхэмлэдэг, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсралдаг хүмүүс юм. 

Энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа гэр бүл төвтэй буюу нийгмийн сайн сайхны төлөө гэр бүлээрээ оролцож, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүддээ “ХАМГААЛАГЧ” байхын ач холбогдол, хүчирхийлэл гэж юу болох талаар ярилцсан нь онцлог байлаа. Нийтдээ 628 хүн тус өдөр хүүхдийн бие махбодын хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, 1.5, 3.0 болон 5.0 км-ын зайд гүйсэн юм. 
Нийгмийн хариуцлагын хүрээнд манай сангийн арга хэмжээг дэмжиж ерөнхий спонсороор Оюу Толгой ХХК, алтан спонсороор Австрали Улсын Элчин Сайдын Яам, Макс Групп ХХК, мөнгөн спонсороор Грийн Гэйт Интернэйшнл ХХК, Нано Интернэйшнл ХХК, Тяньши Монгол, хүрэл спонсороор Вояж брэнд оролцож хүүхдийн бие махбодын хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн бусдадаа үлгэр дуурайлал боллоо. Та бүхэнд нийт сангийн хүүхдүүд, ажилтнуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье! 

Мөн сүүн цагаан сэтгэлтэй сайн дурын ажилтнуудаа дурдахгүй байхын аргагүй. Ерөнхий боловсролын Сингапур сургууль, "Нэст Эдүкэйшн" сургууль, Улаанбаатар Элит ОУ-н сургууль, ШУТИС-н харьяа Ахлах сургууль, Хобби сургууль, Бритиш сургууль, СЭЗДС-ийн оюутнууд болон Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрийн хүүхдүүд хүүхдийн төлөө тус өдөр хуран цуглаж, арга хэмжээг зохион байгууллахад гар бие оролцсон нь бахархууштай байлаа. 
Бид цаашид энэхүү арга хэмжээг жил болгон хүүхдийн төлөө зохион байгуулах болно. Дараа жил та ч гэсэн бидэнтэй нэгдэж Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө нэг өдрийг өнгөрүүлээрэй. 

Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлд тань баярлалаа.

Кристина Ноблийн Хүүхдийн Сан

#мэдээ