Аз жаргалыг илүү их мэдрэхэд тань туслах 12 зуршил


О.Батхишиг | YOLO.MN
2023-09-25

Хагдрах навч, дэлбээлэх цэцэг шиг, будрах цас, шаагих бороо шиг өдрүүд амьдралд хэчнээн их билээ дээ. Тэр бүх элээх агшнуудад хамгийн ихээр нандигнан анхаарах зүйл бол бидний сэтгэл юм шүү.  Тиймээс аз жаргалыг илүү их мэдрэхэд тань туслах 12 зуршлыг хүргэе. 

Өдрийг талархалтай  эхлүүлэх 

Хийх ёстой зүйлс нүдний өмнө жирэлзэж маргааш яаж босно гэх асар их санаа зоволтоос ангижрах хамгийн сайн арга бол мэдээж хүлээн зөвшөөрөх явдал. Та өглөө орноосоо босохоосоо өмнө талархаж явдаг гурван зүйлийнхээ талаар бод. Энэ нь цонхоор тусах нарны гэрэл мэт дулаахан мэдрэмжийг өгнө. 

Одоо байгаадаа талархах 

Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, харин өнөөдөр бол бэлэг юм шүү. Аливаа зүйлд өөдрөг ханддаг сэргэлэн хүмүүс одоо байгаа бүхнийхээ үнэ цэнийг хамгийн сайн мэддэг. Өглөөний цайгаа уух, дуртай дуугаа сонсох, эсвэл зүгээр л сэвэлзэх салхийг мэдрэх нь дэндүү амттай. Гүнзгий амьсгалж, бясалгал хийн сэтгэлгээгээ чөлөөлөөрэй.

Эерэг хүмүүсээр хүрээлүүлэх 

"Та хамгийн их цагийг өнгөрөөдөг таван хүний дундаж нь" гэх  үг бий. Сөрөг хандлагатай, байнга гомдоллодог, хөндий хоосон хүмүүсээс зай барьж өөдрөг, эерэг найзуудтай болохыг зөвлөе. Одоо байгаа найз нөхөд, танилуудынхаа хүрээг үнэл. Таныг өөдрөг болгодог хүмүүстэй илүү их цагийг өнгөрөөхийг хичээж, хэт гутранги  хүмүүсээс зай бариарай.  

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх  

Судалгаагаар тогтмол дасгал хийдэг хүмүүс дасгал хийдэггүй хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь эндорфин буюу бидний биеийн байгалийн мэдрэхүйг сайжруулдаг. Тиймээс биеийн тамирын дасгал сургуулилт хийн, йогийн хичээлд сууж, дугуй унан аль болох идэвхтэй хөдөлгөөн хийж хэвшээрэй. 

Авахаасаа илүү ихийг өгөх 

Жинхэнэ аз жаргал нь эд хөрөнгө, хувийн ашиг сонирхол бус бусдад халуун дулаан эерэг мэдрэмжийг түгээхэд оршино. Зөрөн өнгөрөх хүмүүст инээмсэглэл бэлэглэх, настай өвөө эмээд хүнсээ цуглуулахад нь туслах, ямар ч нөхцөл шалтгаангүйгээр хайртай хүмүүсээ баярлуулах нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.   

Бүтэлгүйтлийг суралцах боломж гэж хүлээн зөвшөөрөх

Бодол бодит байдал хоёрын дунд алд дэлэм ялгаа бий. Өөрийн бүх хичээл зүтгэлээ дайчлан хийсэн ажил тань бүтэлгүйтэх мэдрэмж асар хүнд.  Харин бэрхшээлтэй тулгарах бүртээ түүнээс юу сурсан, цаашид тэр сургамжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бичиж тэмдэглээрэй 

Үгүй гэж хэлэхээс бүү  ай 

Өөдрөг жаргалтай хүмүүст “үгүй” гэж хэлэх нь тийм ч хэцүү зүйл биш. Тэд өөрсдийн цаг хугацаа, эрч хүчээ үнэлдэг учир сонголтод илүү хянамгай байдаг. Үгүй гэж хэлэх нь өөрийгөө болон бусдын цагийг хүндэтгэх явдал. Тиймээс итгэлтэйгээр бусадтай харилцахад анхаараарай.  

Харилцаагаа услах 

Хүчтэй, эерэг харилцаатай байх нь таны аз жаргалын түвшнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ. Харвардын их сургуулийн судалгаагаар гэр бүл, найз нөхөд, хамтрагчтайгаа нягт харилцаатай байх нь аз жаргалтай байх хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг гэжээ. Тиймээс гэр бүлийн гишүүнтэйгээ сар бүр оройн зоог барьж, долоо хоног бүр уулзаж ярилцах болзооны цаг товлоорой.

Өөртөө цаг зарцуулах 

Зүгээр л  чимээгүйхэн аяга кофе уун ном унших эс бөгөөс ганцаар алхаж ихийг эргэцүүлэх нь энгийн мэт боловч хамгийн үнэ цэнтэй цаг юм. Өөрийгөө халамжлахын ач холбогдол нь цэвэр агаарт гарсан мэт тайван амгалан байдаг. Унших, ургамал тарих, хөгжим сонсох гэх мэт дуртай хоббиндоо өдөрт дор хаяж 15 минут зарцуулж хэвшээрэй.  

Жижиг зүйлд бүү няц 

Санамсарггүй цагаан цамцан дээрээ кофе асгах, автобуснаасаа хоцрох, замын түгжрэл  таныг бухимдуулж байна уу?. Гэхдээ өчүүхэн эдгээр зүйлсэд бүү бухимдаарай. Өөрт үнэ цэнтэй, чухал зүйлсдээ эрч хүчээ зарцуул. Бага зэргийн бухим зүйлтэй тулгарвал " Зүгээр шүү дээ" гэж өөртөө хэл. 

Өөрийгөө бусадтай бүү харьцуул 

Харьцуулалт бол баяр баясгалангийн хулгайч юм. Цахим ертөнцөд хэт автаж бусадтай өөрийгөө харьцуулж өөрийгөө хангалттай сайн бишээр мэдрэх нь хамгийн хортой зуршил. Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй  хүч чадалтай гэдгийг ойлгох нь зүй. Тиймээс сошиал хэрэглээгээ хязгаарлаарай 

Аз жаргалаа сонго  

Тиймээ амьд байх амаргүй санагдам хүндхэн үйл явдлуудтай нүүрэлдэх нь хэн бүхний тулгардаг зүйл. Энэ үед өөрийн ухамсарт сэтгэлгээгээр эерэг өөдрөгөөр аливаа зүйлсийг хүлээн авахад суралцаарай. 

#нийтлэл