Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян үргэлжилж байна. Аяны хүрээнд хөдөлмөрийн мөлжлөг болон бэлгийн мөлжлөгийн бодит жишээг видео хэлбэрээр хүргэхээр бэлтгэлээ.
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1039435660406559
Хэрэв та эсвэл танил, найз нөхөд тань доорх видеонд үзүүлсэнтэй адил нөхцөл, байдалд орсон бол дараах төрийн болон төрийн бус байгууллагуудын утсанд хандаж тусламж авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
1. Бэлгийн мөлжлөгийн бодит жишээ
Ээж, аав нь ажилдаа яваад охин (14 настай) гэртээ ганцаараа үлдэнэ. Цаг өглөө 07:00 болж байна. Охин хичээлдээ яваад эргээд ирэхэд гэрт хэн ч байхгүй охин мөн л ганцаараа байна, цаг оройн 23:00 болж байна. Аав, ээж гаднаас орж ирэхэд охин өнөөдөр сургууль дээр нь болсон явдлын тухай ярих гэхэд “Ядраад байна, унтлаа” гэж цааргална.
Ганцаардсан охин гар утсаараа цахим фэйсбүүк, инстаграмм ашиглана. Түүнд зурвас ирнэ. “Чамайг би сургууль дээр харж байсан, би танай нөгөө бүлэгт сурдаг. Чи намайг танихгүй байх аа. Хоёулаа зүгээр л ярилцдаг найзууд байж болох уу? Хэцүү, ганцаардсан үедээ чам руу бичиж байж болох уу?” гэх мэт зурвас байна.
Хоёр сарын дараа
Хэсэг хугацаа өнгөрөхөд тэдний харилцаа дотноссон байна. Охин э
эж, аав нь оройтдог, түүнийг үл хайхардаг тухайгаа, гэрийн хаяг, ганцаарддаг тухайгаа гээд хувийн мэдээллүүдээ түүнд өгсөн байна. Охины хамгийн дотнын хүмүүсийн нэг нь одоо тэр үл таних этгээд болжээ. Залуу түүнд уулзах санал тавина. Үдшийн 19:00 цаг болж байна. Охиныг гэрийнхээ хаалгаар гарахтай зэрэгцэн аав нь гаднаас орж ирнэ. “Би найзтайгаа уулзчихаад ирье” гэхэд аав нь үл тоосон байдалтайгаар, гар утсаа оролдонгоо “Тэг ээ, тэг миний охин” гэнэ. Ингээд охин уулзахаар болзсон газраа очоод, үеийн хөвгүүнээ ирнэ хэмээн догдлон хүлээсэн ч зургаасаа өөр ахимаг насны, хүйтэн харцтай хүн ирнэ. Охин хэдий эргэлзсэн ч тэрбээр охины итгэлийг хэдийн олсон тул автомашинд суухыг завдаж хаалгыг татна.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн кинон дээр гардаг шиг хүнийг хулгайлан гадаад улс руу авч явах, эд эрхтнийг наймаалах байдлаар явагддаггүй. Харин хүний хэрэгцээ, эмзэг байдал дээр нь тулгуурлан үйлдэгддэг бөгөөд олон шат дамжлагатайгаар явагдаж байна. Сүүлийн үед сэтгэл татах аргыг ашиглаж хосын харилцаан дээр дөрөөлөх, өсвөр насны хүүхдүүдийн итгэлцлээр дамжуулан үйлдэх болсон. Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгт насанд хүрээгүй хүүхдийг хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд эцэг эх, асран хамгаалагчид үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, таны насанд хүрээгүй, таны охин, хүү хэнтэй, хаана, юу хийж явааг хянах, цахим хэрэглээг нь анхаарах шаардлагатай юм.
2. Хөдөлмөрийн мөлжлөгийн бодит жишээ
Их сургуулийн нэгдүгээр дамжаанд орсон хоёр найз ярилцана.
-Оюутны амьдрал ч сайхан юм аа. Гэхдээ сургалтын төлбөр, өдөр тутмын хэрэглээний мөнгө гээд бодох асуудал их байна аа.
-Харин тийм ээ. Хичээлийнхээ хажуугаар ажил хийхгүй бол аав, ээж хоёр хамаг мөнгөө шавхаад зээл хүртэл тавиад сургалтын төлбөр төлчихсөн байдаг. Ажил олж хийхгүй бол тэр хоёрыгоо харахаар л хэцүү санагдаад байх юм.
-Найз нь дээр нэг ажилд орсон юм. Тэгсэн эхний 7 хоног цалингүй дагалдуулна, тэгээд сайн байвал ажилд авна гэсэн. Гэтэл, яасан гээч 7 хоног ажилласан ч чи тэнцэхгүй юм байна гээд ажилд аваагүй шүү дээ. Манай ангийн хоёр ч хүүхэд бас очсон байсан, хоёулаа тэнцээгүй.
-Өө тийм үү, тэгээд долоо хоног ямар ч цалингүй ажилласан хэрэг үү?
-Харин тийм ээ.
Танд ч бас ийм асуудал тулгарсан юм биш биз. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. Туршилт нэрийдлээр таныг ажиллуулаад түүндээ тохирсон цалин өгөхгүй байгаа нь таны хөдөлмөрийг мөлжиж байна гэсэн үг юм. Хөдөлмөрийн тухай хуульд “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Ингэхдээ туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл цалин хөлс, шагнал урамшууллыг олгоно” гэж заасан байдаг. Тиймээс, та дадлага, туршлагагүй байсан ч ажил, хөдөлмөр эрхэлсэн л бол түүндээ тохирсон цалин, урамшуулал авах ёстой.
АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. |
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх