Л.Нямгэрэл: Сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон


Б.Чимэг | YOLO.MN
2023-09-18

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян эхэллээ.

Энэ гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Мэддэг мэдээлдэг байя” аяныг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр ХЗДХЯ, ХНХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба,  Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон гэв. Мөн тэрээр “Монгол Улсын Засгийн газар, АНУ хооронд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгтэй (ХХГХ) тэмцэх чиглэлээр хамтарсан тодорхой зорилгод хүрэх амлалтыг баримтжуулан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-нд 2020 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан. Энэ гэрээг Дэлхийн зөн Монгол, Азийн сан хамтран хэрэгжүүлж байна. Гэрээний хүрээнд бид төрийн албан хаагчдыг чадавхжуулах, цагдаагийн байгууллагууд дахь хүүхдээс мэдүүлэг авдаг өрөөнүүдийг тохижуулах, олон нийтэд энэ гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх гэх мэт  ажлуудыг хийнэ. Мөн хохирогчид үзүүлдэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч байна.

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд зөв мэдээлэлтэй байх нь чухал. Иргэд, хүүхдүүдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх ажил зохион байгуулна. “Мэддэг, мэдээлдэг байя” аян нэг сар үргэлжлэх юм. Энэ хугацаанд бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн сүлжээгээр дамжуулан энэ гэмт хэрэгт өртөхгүй байх зөвлөгөөнүүд, сэрэмжлүүлэг, ХХГХ-ийн хор уршгийн талаарх цогц мэдээллийг хүргэнэ.

Ингэхдээ хүүхдүүдийн оролцоог хангахын тулд алслагдсан дүүргийн сургуулиудыг сонголоо. “Анбаунд Монгол” ТББ олон сургуульд үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлдсэн. Энэ ажил өнөөдөр үргэлжилж байна. Хүүхдүүдээр дамжуулан бусдад нь мэдээлэл өгөх нь үр дүнтэй байдаг. Хүүхдүүд нэгнээ сонсдог, найз нарынхаа үгэнд ордог” гэсэн юм.   

Хүн худалдаалах гэмт хэргийг үндэстэн дамнасан, зохион байгуулалттай бүлэг үйлддэг, маш их хор аюултай гэмт хэрэг юм. Хэдийгээр манай улсад үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад тоогоор цөөн (сүүлийн гурван жилд 49 хүүхэд хохирогч болсон) боловч бид тайвширч болохгүй юм. Хэргийн тоо өсөх магадлалтай.

Учир нь иргэдэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар буруу, дутуу ойлголт байсаар байна. Жишээ нь хэн нэгнийг хулгайлж авч яваад эд эрхтнийг худалдаалах нь л хүн худалдаалах гэмт хэрэг гэж олон хүн боддог.

Хүн худалдаалах гэмт хэргийг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг хэлбэрээр манай улсад үйлдэх нь түгээмэл байна. Хүүхэд эрхлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт бий. Мөн хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх нь хөдөлмөрийн мөлжлөгт тооцогдоно.

Гадаадад эдгээр хэргийн хохирогч болсон Монгол Улсын иргэд олон байдаг тул тэднийг эх оронд нь авчрах ажлыг ч төрийн, төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулдаг байна. Өндөр цалинтай ажилд зуучилна, амар хялбар аргаар мөнгө олно гэсэн зарын цаана хэн байгааг сайтар нягталж, шалгаж байхыг иргэдэд анхааруулав. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хааш нь ямар ажил хийлгэхээр явуулж байгаагаа маш сайн мэддэг, судалсан байх шаардлагатай юм.

 

#мэдээ