YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал 1:Би нэг охинд атаархахаа больж чадахгүй байна
Сайн байна уу. Намайг 16 настай Т гэдэг. Би нэг охинд атаархахаа больж чадахгүй байна. Шаардлага өндөртэй сургуульд байдаг болохоор нэг хүүхэд дор хаяж сардаа хоёр, гурван уралдаанд оролцох хэрэгтэй. Би дандаа тэр охины доогуур орчихдог. Би интроверт тэр экстраверт болохоор бусдаас асууж байгаад дээгүүр орчихдог. Болихыг хичээсэн ч цаанаасаа өөрийгөө бусадтай харьцуулаад байна.
ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ анхаарч, өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлээрэй
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад бодол мэдрэмжээ анхаарч, өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэж ойлголоо. Өөрийн үнэлэмж гэдэг нь та өөрийгөө хэрхэн хүлээн авч, өөрийн үнэ цэнээ хэрхэн мэдэрдэг талаарх ойлголт юм шүү. Өөрийгөө бусадтай харьцуулах нь өөрийн үнэлэмж доогуур байгааг илэрхийлж байх магадлалтай. Мөн та өөрийгөө интроверт гэж бичжээ. Интроверт, экстраверт хүнийг энгийнээр тайлбарлавал бидний төрөлх онцлог бөгөөд өөр өөрийн давуу болон сул талуудтай байдаг юм шүү. Магадгүй интроверт хүн дотогшоо чиглэсэн гэсэн утгаар шинэ хүмүүстэй танилцах, бусадтай харилцахад хүндрэл гарах магадлалтай ч энэ нь доогуур гэсэн үгийг илтгэдэггүй шүү. Бүх хүнд давуу болон сул тал байдаг шүү дээ. Тэгвэл таны давуу тал юу вэ? Эргэцүүлж бодон өөрийн давуу талуудаа цаасан дээр буулгаад үзээрэй. Хэрвээ танд өөрийн давуу талаа нэрлэхэд хэцүү санагдвал бусад хүмүүсээс асуугаарай. Эргэн тойрны тань хүмүүс таны давуу талыг заримдаа танаас ч илүү анзаарч мэдсэн байдаг шүү. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач У. Цэцэнсанаа
Асуудал 2: Тэр найзынх нь дэргэд юу ч биш юм шиг санагддаг
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе! Би 19 настай энгийн л нэг охин байна. Найз залуутайгаа үерхээд жил гаран болж байна. Хэн хэнийхээ анхны хайр. Гэхдээ яагаад ч юм жаахан зүйл дээр л ам муруйчихдаг. Сая сүүлд бас л муудалцаад 4 хоног холбоо ч бариагүй. Тэр хугацаанд маш их санаж залгахыг нь маш их хүлээсэн. Гэхдээ надруу огт залгаагүй. Би л уйлж унжиж байж үерхэлээ авч үлдсэн гэх юм уу? Ингээд салчихъя гэж бодсон боловч цагаа тулахаар чаддаггүй юм байна лээ. Ямар их ганцаардсан мэдрэмж авсан гээч.
Гол асуудал нь энэ хугацаанд эмэгтэй найзтайгаа бүр нэлээн дотно болчихсон байна. Үнэхээр яаж ч хэлээд тэр найзаас нь холдуулж чадахгүй юм байна лээ. Instagram дээр unfollow хийсэн чинь буцаагаад дагачихсан байх юм. Асуухаар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй, ядаргаатай юм, тайван байлга, унтлаа гээд л ярилцахаас зугтна. Өмнөх шигээ байхаа болчихсон намайг үл тоогоод байх шиг санагддаг боллоо. Миний үерхэлдээ баримталдаг зарчим бол “би үнэ цэнтэй байх ёстой” өмнө нь муудалцахад дандаа л найз залуу минь уучлалт гуйж эвлэрдэг байсан. Саяны явдлаас болж өөрийгөө өчүүхэн амьтан шиг л мэдэрдэг болчихлоо. Тэр найзынх нь дэргэд юу ч биш юм шиг санагддаг. Сүүлдээ үнэхээр зүрх сэтгэл нь эргэсэн бол надаас сал гэж хэлмээр байв ч би салж чадахгүйшдээ. Тэгээд хэлчихвэл үнэхээр надаас салаад явчих юмшиг санагдаад байна. Эсвэл яг өөртөө нь адилхан хандаад эрэгтэй найзтай болъё ч гэж бодох юм. Миний асуух гэсэн зүйл бол:
1. Үнэхээр эрэгтэй эмэгтэй маш сайн хагацаж салахааргүй хоорондоо зүрхтэй чат бичдэг найзууд байх уу?
2. Ганцхан жил үерхээд надаас уйдна гэж байх уу?
3. Яаж харилцаагаа урт удаан аз жаргалтайгаар авч үлдэх вэ?
4. Миний хувьд “би” эготой гэх юм уу? энэ зангаа яавал дээр вэ? Энэ тэр хүнийг залхаагаад байгаа юм болов уу?
5.Үнэхээр салах хэрэгтэй бол сэтгэлзүйгээ яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ:Ярилцахдаа сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, тохиромжтой үеийг сонгох нь амжилттай ярилцахад туслалцаа үзүүлдэг шүү
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад өөрийн хосын харилцаагаа тодорхой болгох хүсэлтэй байгаа гэж ойлголоо. Харилцааны явцад үүсээд буй тодорхойгүй байгаа нөхцөл байдлууд нь “... байх уу?”, “.. болов уу?”, “... яах вэ?” зэрэг хариулт эрсэн асуултуудыг төрүүлж байгаа бололтой. Хүн өөрт ямарваа нэгэн эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцөл байдал тулгарвал бусдаас асуух, ярилцах нь тухайн нөхцөл байдлаа бодитоор хүлээн авах, шийдвэрлэх цаашлаад сэтгэл зүйн хувьд тайван байхад тусалдаг. Хосын харилцааны явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл хостойгоо ярилцаж, өөрийгөө илэрхийлж бодлоо цэгцлэх нь чухал байдаг юм шүү. Ярилцахдаа сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, тохиромжтой үеийг сонгох нь амжилттай ярилцахад туслалцаа үзүүлдэг шүү. Мөн хосынхоо юу таалагддаг талаар, хамт байхад таатай байдаг тухайгаа зэрэг өөрийн таатай бодол мэдрэмжийг хуваалцах боломжтой шүү. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач У. Цэцэнсанаа
Асуудал 3:Тал талаас маш их асуудлууд зулгааж, оршмооргүй санагдаж байна
Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Би 18 настай, эмэгтэй. Энэ жил өсвөр насны шилжилт ч гэх үү маш хэцүү байна. Тал талаас маш их асуудлууд зулгааж, оршмооргүй санагдаж байна. Надад дутагдаж гачигдсан зүйл ямар ч зүйл байхгүй байж яагаад ингээд ер аз жаргал мэдрэхгүй гуниглаад байгаа юм бэ гэж их өөрийгөө зэмлэдэг. Надад найз залуу, гэр бүл бүгд бий. Гагцхүү тэд бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй. 18 хүрэхээр манай үеийнхэн найз нөхөдтэйгөө уулзаж, нэгнийдээ хонож, элдэв фестивальд явж гадуур зугаалдаг. Харин надад тийм эрх байхгүй. Яагаад гэвэл би дүү нараа хараад хичээлүүд дээрээ 90-с доош үнэлгээ авч болохгүй. Сүүлийн шалгалтуудаа тааруу өгчихсөн юм л даа. Одоо хүртэл дүнг нь асууж шалгаагаад, би хэлэхээс айж байна. Бусадтай ихээхэн харицуулна. Харин жоохон оройтож орж ирэх, найз нөхөдтэйгөө гарахаар заавал хэрүүл хийдэг. Одоо хүртэл хэрэлдээд сууж байгаа болохоор өөрийгөө үзэн ядаж байна. Дэмий тэнэхээс өөр ажил байхгүй, ЭЕШ-ээ олигтойхон бэлдээч гээд л. Гэрийхэний нөхцөл байдал ийм байдаг. Харин надад ингэж гарч ордоггүй болохоор найз нөхөд маань тоохоо больчихсон. Найз залуу маань л намайг ойлгож, миний талд байдаг. Бид хоёр жил үерхэж байна. Мэдээж намайг гаргадаггүй болохоор нэлээн хэцүү байдаг. Шулуухан хэлэхэд уулзуулах аймар дургүй байдаг. Бид хоёр манай гэр бүлээс хамааралтай ийм асуудалтай одоо ч тулгарсаар л... Би түүнтэй уулзахдаа гэрийнхэнд дандаа худлаа шалтаг зохиож ярьдаг. Бүр найз залуугийнхаа хажууд нь. Тийм болохоор бид 2 гэрийнхэнтэй албан ёсоор танилцаж, найз залуу маань гэрийнхний итгэлийг олоод авчихвал хоёулаа үнэнчээр, асуудалгүй хүлээн зөвшөөрөгдөнө гээд танилцсан ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Сүүлдээ миний энэ байдлыг найз залуу маань ч ойлгохгүй болж найзууд шиг орхиод явчих вий гэсэн айдсыг төрүүлж байна. Энэ зун гэртээ байна гэхээр шууд л зугтах бодол орж ирдэг. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж ажил хийе гэсэн ч олдохгүй хэцүү байна. Зүгээр л оршиж, хэнтэй харьцахгүй, тусдаа гарах эсвэл алга болчихмоор маш хүнд байна. Үеийнхнээсээ тусгаарлагдсан болохоор надад маш хэцүү байна. Сэтгэл зүйчтэй ярилцаж үзэх оролдлого хийсэх боловч ер нь сайн бүтээгүй болохоор бас энд тэнд асуудлаа яриад явахыг хүсэхгүй байгаа болохоор дотроо бөглөрөөд байна. Ийм байдалтай удаж байна. Надад маш хэцүү байна. Хобби сонирхлоо хөгжүүлэх гэсэн ч надад боломж олгохгүй нь ойлгомжтой. Зөвлөгөө өгч буйд баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Магадгүй чиний бодож буй зүйлс бодит байдал дээр эсрэгээрээ ч байж болно шүү дээ
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад, өөрийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдлаа хангахын тулд урт хугацаанд олон зүйлсийг хийсэн гэдгийг ойлголоо. Өөрийнхөө төлөө хийсэн зүйлс бүр нь өөрийгөө хайрлаж буйн нэг илрэл юм шүү. Юуны өмнө гэрийнхэнтэйгээ үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж үзсэн болов уу? Хэрвээ үгүй бол тулгамдаж буй асуудлуудын талаар гэрийнхэнтэйгээ ярилцах боломжийг бий болгон, ярилцаад үзвэл ямар вэ? Энэ талаар нухацтай ярилцан, учир шалтгааныг тодорхой болгочихвол сэтгэл зүйн тайван тогтвортой байдал бий болж магадгүй юм. Мөн чи өөрийнхөө хувьд чамайг хамгийн ихээр стрессдүүлж буй асуудлаас эхлэн жагсаан бичиж, дарааллын дагуу асуудал бүрийн ард би юу хийж чадах вэ, энэ асуудалд нөлөөлж буй хүчин зүйлс юу болох, чамаас шалтгаалахгүй зүйлс юу вэ гэдгийг ард нь бичиж болно. Үүний дараа чамд шийдвэрлэж болох зүйлс тодорхой болох боломжтой. Гэхдээ зарим асуудлууд цаг хугацаанаас шалтгаалан шийдэгддэг шүү дээ. Бид бүхний зохицуулж чадахааргүй гадны хүчин зүйлээс шалтгаалах асуудлуудыг бид хэсэг хугацааны дараа мартчихсан байдаг. Тиймээс өөрт тулгамдаж буй асуудал бүрийг хүндээр тусгаж авах болон өөрийгөө хэт буруутгах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шүү. Аль болох бодож буй зүйлсээ тэмдэглэн, тэдгээрийг нөгөө талаас нь харах боломжийг өөртөө олгоорой. Учир нь хийж буй үйлдэл болгон маань бодлоос үүдэлтэй бөгөөд магадгүй чиний бодож буй зүйлс бодит байдал дээр эсрэгээрээ ч байж болно шүү дээ. Энэ бүх зүйлсийн талаар итгэж болох хэн нэгэнтэй хуваалцаж, өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаараарай гэж зөвлөе. Мөн гэр бүлийнхэнтэйгээ аль болох маш сайн ярилцахыг хичээгээрэй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал
Асуудал 4:Хоёр ойрхон төрсөн. Ааш зан минь өөрчлөгдөж уур бухимдалтай нэгэн болжээ
Сайн байна уу? Намайг А гэдэг. Би 25 настай. Хоёр ойрхон төрсөн. Ааш зан минь өөрчлөгдөж уур бухимдалтай нэгэн болжээ. Яавал стресс уур бухимдлаа удирдаж сурах вэ? Жаахан зүйлд л уурлаад бухимдаад байх юм. Ойр дотнынхоо хүмүүсийг гомдоож, өөрт нь дургүй мэт санагдуулж байна. Яаж засах вэ???
ЗӨВЛӨГӨӨ: Юунаас болж уур бухимдал төрж буйгаа анзаарахыг хичээгээрэй
Сайн байна уу? Бидэнд хандан захидалд илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад стресс, уур бухимдлаа удирдаж, зохицуулж сурах хүсэлтэй байна гэж ойлголоо. Уур бухимдал гэдэг нь төрөлхийн зөн буюу ухамсаргүйгээр хар аяндаа төрдөг. Гэхдээ үүнийг удирдан зохицуулах боломжтой. Тэгэхийн тулд та хамгийн түрүүнд тайвшрах дасгалыг хийх хэрэгтэй. Ингэхдээ хэвлийн хэсгээр гүнзгий амьсгалах, таныг тайвшруулж, амар амгаланг бүрдүүлдэг зүйлийн талаар төсөөлөх, иог хийх зэрэг байж болно. Үүний дараагаар юунаас болж уур бухимдал төрж буйгаа анзаарахыг хичээгээрэй. Сүүлийн үед танд ямар асуудал тулгарч байна вэ?, бие махбодын хувьд өвдөж тухгүй байгаа зүйл бий юу? юу таныг санааг зовоож байна вэ? юу хэрэгтэй байна вэ? юу хүсэж байна вэ? гэх мэт асуултад хариулаарай. Дараагаар нь тухайн асуудлыг та шийдвэрлэх боломжтой юу? Цаг хугацаа хэрэгтэй юу? Эсвэл бусдад хэлж тусламж асуух хэрэгтэй юу? Гэх мэт асуудлын шийдэлд төвлөрөөрэй. Эдгээр үйлдлүүд бол уурыг удирдан зохицуулах арга юм шүү. Мөн хүн бүрийн стресс тайлах арга ялгаатай байдаг. Тиймээс та юу хийвэл тайвширч стресс буурч буй мэдрэмж авдаг вэ? тэр зүйлээ олж цаг гаргаарай. Жишээлбэл, зарим хүмүүс өөрийн дуртай зүйлээ хийх, сонирхлоо хөгжүүлэх, шинэ зүйл туршиж үзэх гэх мэт аргуудыг хэрэглэдэг. Стресс, уур бухимдлыг бууруулах аргыг маш энгийнээр тайлбарлавал та өөрийгөө халамжилдаг байх юм шүү. Өөртөө цаг гаргадаг, өөрийнхөө мэдрэмжийг анхаардаг, өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө баярлуулдаг, өөртөө зориулж хоол хийх, агаар салхинд гарах зэргээр өөртөө зориулж үйлдэл хийдэг байгаарай. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал
Асуудал 5: Өөрийнхөө дуртай зүйлсийг олох гэхээр хаанаас эхлэхээ мэдэхгүй таг зогсчхоод болдоггүй
Сайн байна уу? Би 15 настай эмэгтэй сурагч юм аа.
Жилийн өмнө дотнын хүн маань өөд болоод гэнэт цочирдож байтал гэр бүл салалтын хэрэг гараад ядаж байхад яг 9-р анги төгсөх гээд хичээл номоо хийх ёстой гээд өнгөрсөн жил огт шаналахгүйн тулд хичээл номоор өөрийгөө булаад 5,6-н давтлагад зэрэг яваад өөртөө огт гуниглах боломж өгөөгүй юм аа. Нэг их гуниглахгүй байх гэж бодоод тэгсэн хэрэг. Харин энэ жил давтлагаа болиод өөртөө цаг гаргая гэтэл байнга ядраад унтмаар санагдаад болдоггүй ээ. Би экстраверт төрлийн хүн байсан юм л даа гэтэл одоо интроверт болчихсон. Надад энэ жил хэт унтах,бага хооллох, шөнө цочиж сэрэх, толгой эргэх, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрээд эмчид үзүүлэхээр зүгээр байна гэх юм. Тэгээд сэтгэцийн асуудал юм болов уу гэж бодоод сэтгэл гутрал, сэтгэл түгшилт,сэтгэц хуваагдах эмгэг гээд нэлээн олон төрлийн сэтгэцийн тест өгч үзсэн. Тэгтэл сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, сэтгэц хуваагдах дээр миний хариу нэлээн өндөр гарсан. Дээр нь би нэлээн шударга болохоор хүмүүст шууд үнэнийг нь хэлчих гээд байдаг. Энэ зангаасаа болж ганцхан л сайн найзтай. Гэхдээ тэр энэ зун надтай хамт байхгүй өөр газар байх учраас огт ярилцаж чадахгүй. Өдөржин гэртээ хэвтээд байхаар ээж гарч орж найзуудтайгаа уулз гэх юм. Би шинэ ангынхаа хүүхдүүдтэй нээх сайн дотносоогүй болохоор ганцаардаад тэгээд би зөвлөгөө авах гээд захидал илгээж байна аа. Яавал хуучны өөрийгөө дахин олж чадах бол?. Одоо ахлах анги болохоор ЭЕШ-нд бэлдэх гэхээр энэ сэтгэл зүйн асуудлууд саад болоод хичээлдээ огт төвлөрч чадахгүй байх юм аа. Би яг яах ёстойн бол? Дээрээс нь би өөрийгөө таньж мэдэх гээд нэлээн хичээж байгаа өөрийнхөө дуртай зүйлсийг олох гэхээр хаанаас эхлэхээ мэдэхгүй таг зогсчхоод болдоггүй. Одоо ахлах ангиа төгсөхөөсөө өмнө өөрийн хүсдэг зүйлээ олох гэтэл дээрх асуудлууд төвөг болоод яах ёстойгоо мэдэхгүйн яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ:Эхлээд өөрийн сэтгэл зүй мэдрэмждээ анхаарал хандуулаарай
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд дотнын хүнээ алдсанд нь харамсаж буйгаа илэрхийлж байна. Захидлаас уншихад өөрийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдлыг бий болгох, 1 жилийн өмнөх үе шигээ болох хүсэлтэй байна гэж ойлголоо, зөв үү? Танд илэрч буй эдгээр шинж тэмдгүүд, сэтгэл зүйн асуудлууд бий болсон нь 1 жилийн өмнө дотны хүнээ алдсаны дараах уй гашууг зөвөөр даван туулаагүйтэй холбоотой байх магадлалтай юм шиг санагдлаа. Учир нь тухайн үед завгүй байж мэдрэх ёстой уй гашуу, харамсал, гомдол зэрэг мэдрэмжүүдээ дарсан юм болов уу? Тухайн үед хүмүүстэй хэр ярилцаж сэтгэл санаагаа хуваалцсан бэ? Хэр уйлсан бэ? Тэр хүнийг явсанд харамсах, өөрийгөө буруутгах ч юм уу өөр лүү чиглэсэн таагүй мэдрэмж бий юу? Эдгээр асуултад хариулж уйлмаар байвал уйлж, тэр хүний талаар юу гэж боддог байсан болон одоо юу гэж бодож байгаагаа бусадтай ярилцаарай. Өмнө нь гадагшаа чиглэсэн экстраверт төрлийн хүн байсан гэж ойлголоо. Харин одоо интроверт болсон нь муу зүйл биш шүү. Жил ирэх тусам хүн болгон өөрчлөгддөг. Энэ өөрчлөлт нь түр зуурынх ч байж мэднэ. Эхлээд өөрийн сэтгэл зүй мэдрэмждээ анхаарал хандуулаарай. Бусадтай сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцдаг байх нь сэтгэл зүйн асуудалд өртөхгүй байх боломжийг бүрдүүлдэг юм шүү. Тэгэхээр гэр бүлийнхэн, найз нөхөд, бусад хүмүүстэй сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцдаг байгаарай. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх