"Шилжиж ирсэн хөөрхөн охинд СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛМЭЭР байна"


Сондор | YOLO.MN
2016-11-02

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Шилжиж ирсэн хөөрхөн охинд сэтгэлээ илчилмээр байна

Асуудлын гол учир нь би түүнд сайн. Гэтэл тэр намайг нэг нүдээрээ ч тоож харах нь байтугай нэрийг минь ч өдийд тогтоогоогүй байх. 17 настай Г...

Намайг Х гэдэг. Би 17 настай, эрэгтэй

Манай ангид энэ жил нэг хөөрхөн охин шилжиж ирсэн юм. Ангийн бүх л хөвгүүн түүнд сайн хандаад л хэхэ. Тэр өөрөө их хөөрхөн ч ааштай, эелдэг гэж жигтэйхэн. Бас хичээлдээ сайн. Багшийн асуусан асуулт болгонд мундаг хариулж ангийнхны амыг нь ангайлгана гээч. Асуудлын гол учир нь би түүнд сайн. Гэтэл тэр намайг нэг нүдээрээ ч тоож харах нь байтугай нэрийг минь ч өдийд тогтоогоогүй байх. Нэг удаа би санаандгүй (үнэндээ санаатайгаар хэхэ) хөлөн дээр нь гишгээд гар барьж л тэр намайг нэг харсан байх. “Уучлаарай” гээд гарыг нь атгахад “Зүгээр дээ, ямар албаар гишгэсэн юм биш” гэж инээмсэглэж хэлэхэд нь баярласандаа золтой л “Чи надад таалагддаг” гэдэг үгийг амнаасаа унагачихаагүй шүү.

Түүнийг бодохгүй өдөр хоног, цаг минут гэж алгаа яах вэ. Уг нь би давгүй шт, нуруулаг бас сагс сайн тоглодог. Охид надад гайгүй л байх шиг санагдаад байдаг юм. Эсвэл намайг огт тоохгүй нэгнийг заавал өөртөө дурлуулах гээд шар хөдлөөд байгаа юм болов уу, сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо байлаа. Түүнийг найз залуугүй л гэж итгэж байна. Гэхдээ нэг өдөр хичээл тарахад түүнийг мотоцикльтэй залуу ирж аваад явахад нь миний уур хүрсэн. Тэр ангийн найз охиндоо хэлэхдээ түүнийг ах нь гэж хэлсэн гэсэн. Тийм л гэж найдахаас. Өглөө сэрүүлгээ дараад л унтчихаад хичээлээсээ хоцордог байсан бол одоо сэрүүлэг дуугарахаас өмнө босоод л сургууль руугаа яардаг болсон доо. Яагаад гэж үү. Хөөрхөн түүнийгээ харах гээд л хэхэ. Гол нь түүнийг найз залуутай байх вий, үгүй байсан ч би сэтгэлээ илчиллээ гэхэд намайг хүлээж авахгүй, онигоо болох вий гэхээс эмээгээд байна. Би яах вэ, надад туслаач.

Зөвлөгөө: Түүнтэй нөхөрлөж өөрийгөө таниулах болон түүнийг таних цаг хугацааг гаргаарай

Хэрэв өөрийгөө бэлэн гэж бодож байгаа бол сэтгэлээ илчилж болох юм. Гэхдээ түүнийг хүчлэх эсвэл яаруулах хэрэггүй. Учир нь тэр энэ талаар огтхон ч төсөөлөөгүй байгаа. Сэтгэл судлаач Б.Ганзул

Сайн уу? Юун түрүүнд чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүх л цаг үед бас бүх хүнд тохиолддог энэ сэдвийг хөндөн захиагаа илгээсэнд баяртай байна. Бидний дотор маш олон шинэ мэдрэмж, туршлагууд бий болсоор байгаа. Тэдгээрийн нэг нь хайр юм. Хамгийн түрүүнд өөрийгөө сайн сонсоод үзээрэй гэж чамаас хүсч байна. Чиний үеийнхний гаргадаг нэг том алдаа бол өөрийнхөө юу хүсээд байгаагаа мэдэхгүй байх буюу зүгээр л хэн нэгэнтэй үерхэхийг хүсэх хүсэл юм. Чи өөрөө хэлсэн шүү дээ “Эсвэл намайг огт тоохгүй нэгнийг заавал өөртөө дурлуулах гээд шар хөдлөөд байгаа юм болов уу” гэж. Тэгэхээр энэ үнэхээр хайр эсвэл алдаатай бодол эсэхийг чи өөрөө л бодож олж чадна. Ингэхийн тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.

  • Би түүний тухай хангалттай сайн мэдэх бил үү?
  • Тэр үнэхээр миний үерхэхийг хүссэн охин мөн үү?
  • Би түүнд анхаарал халамж тавьж чадах уу?
  • Хэрэв тэр надад үгүй гэж хариулбал би үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрч чадах уу?
  • Би тэр охинд үнэхээр сайн болсон уу эсвэл зүгээр л түүний анхаарлыг татахыг хүсч байна уу?

Дээрх асуултуудын аль нэгэнд нь эргэлзэж байвал энэ тухай дахиад сайтар бодоод үзээрэй. Хэрэв өөрийгөө бэлэн гэж бодож байгаа бол сэтгэлээ илчилж болох юм. Гэхдээ түүнийг хүчлэх эсвэл яаруулах хэрэггүй. Учир нь тэр энэ талаар огтхон ч төсөөлөөгүй байгаа. Тиймээс эхлээд түүнтэй нөхөрлөж өөрийгөө таниулах болон түүнийг таних цаг хугацааг гаргаарай. Яарснаасаа болоод түүнийг эвгүй байдалд оруулж болзошгүй.

sЭцэст нь хэлэхэд хэн нэгэн чамайг тоохгүй байх, чамд “үгүй” гэж хэлэх нь огтхон ч ичмээр зүйл биш юм. Харин чиний түүнтэй харилцах харилцаа болон түүнд тавьж буй анхаарал халамж л чухал юм шүү.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Асуудал #Найз #Итгэл #Шохоорхол #Хайр