Google-ийн эсрэг монополын тэмцэл: Интернэт хайлтын титан эрсдэлд орох уу?


Б.Отгонбаатар | YOLO.MN
2023-09-11

Google компанийг интернэт хайлтын системд “монополын” эрхээ эдлэн, зөрчил гаргасан гэж АНУ-ын Засгийн газар шүүхэд өгчээ. Шүүх хурал энэ мягмар гарагт болно. Ингэснээр интернэтийн хамгийн том платформуудын нэгийг өөрчлөх боломжтой хуулийн тэмцэл эхлэх юм.

Энэ шүүх хурал нь Трампын засаглалаас эхлэлтэй, Google-ийн эсрэг үргэлжилж буй хоёр дахь нэхэмжлэл. Хуулийн мэргэжилтнүүд энэ үйлдлийг 1990 оноос хойш АНУ-ын засгийн газар “Microsoft” компанийг ялснаас хойших хамгийн том монополчлолын хэрэг гэв. Шүүх хурал Вашингтон хотод болно.

Тус гомдолд Хууль зүйн яам болон олон арван мужууд 2020 онд Google сүлжээний операторууд болон гар утас үйлдвэрлэгчидтэй тохиролцон цахим хайлтыг урвуулан ашиглаж, Google хайлтыг маш олон хүний утасны хайлтын систем дээр шууд эхний болон онцлох сонголт болгосон гэж буруутгажээ. Эцэст нь эдгээр гомдлууд шүүхэд  шилжсэн байна. 

Энэ хэрэгт Google, Samsung-ийн хуучин ажилчид, тэр дундаа Тэргүүн дэд ерөнхийлөгч Эдди Кью тэргүүтэй Apple компанийн удирдлагууд зэрэг нэр хүндтэй гэрчүүдийн мэдүүлгийг авах төлөвтэй байна. Энэ нь технологийн томоохон платформуудын нэгийг шүүх шалгаж байгаа анхны хэрэг юм.

Google-ийн Олон улсын асуудал хариуцсан ерөнхийлөгч Кент Уолкер "Энэ бол өмнө нь хэзээ ч байгаагүй инновацын хоцрогдсон асуудал юм. AI-ийн амжилт, шинэ аппликейшнууд, шинэ үйлчилгээ хэрэглэгчдэд илүү их өрсөлдөөн, олон сонголтыг үүсгэж байна. Хүмүүс Google-ийг заавал ашиглах ёстой учраас ашигладаггүй, тэд өөрсдийн хүслээр хэрэглэдэг. Хайлтын системийг солиход хялбар. Утастай интернэт болон CD-ROM-ийн эрин үе аль эрт өнгөрсөн” гэжээ.

Эхний гомдолдоо АНУ-ын Засгийн газар Google-ийг Apple, LG, Motorola, Samsung зэрэг үйлдвэрлэгч компаниуд болон “Mozilla, Opera” зэрэг веб хөгжүүлэгчдэд эхний хайлтын систем болгохын тулд жил бүр тэрбум доллар төлдөг гэж буруутгажээ.

Мөн уг нэхэмжлэлд Google-ийг андроид үйлдлийн системийн үйлдвэрлэгчидтэй хамтарч ажилладаг нь гар утасны зах зээлийн өрсөлдөөнд сөрөг нөлөөтэй гэсэн юм. Тэд  гар утасны үйлдвэрлэгчдэд Gmail, Chrome, Maps зэрэг Google-ийн эзэмшдэг бусад программуудыг урьдчилан суулгахыг шаарддаг гэжээ.

Колорадо тэргүүтэй зарим муж “Google”-ийн эсрэг нэмэлт гомдол гарган, “Google”-ийн хайлтын хуудасны бүтцэд веб хуудас, линк, тойм, контентоос илүүтэй компанийн өөрийн аппликэйшн, үйлчилгээнд давуу эрх олгох замаар өрсөлдөөнд сөрөг нөлөө учруулдаг гэж мэдэгджээ.

Энэ хэргийг хянаж байсан шүүгч, АНУ-ын Колумбиа дүүргийн шүүгч Амит Мехта өнгөрсөн сард гаргасан шийдвэрээрээ эдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэрээр Google-ийг буруутгаж буй хүрээг багасгаж, үүнийг нотлохын тулд хангалттай нотлох баримт хэрэгтэй гэжээ.

Маргааш болох шүүх хурал Байдэний засаг захиргааны монополын эсрэг илүү бат бөх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц болж магадгүй юм.

Нэгдүгээр сард Байдэний засаг захиргаа Google-ийн зар сурталчилгааны технологийн бизнесийг эсэргүүцэж, түүнийг хууль бус монопол эзэмшиж байна гэж буруутгасан. Энэ хэрэг Виржиниа мужийн зүүн дүүргийн АНУ-ын дүүргийн шүүхэд эхний шатандаа байна.

Төгсгөлд нь хэлэхэд Google компани 2022 онд 283 тэрбум ам.долларын орлого олжээ. Мөн 76 тэрбум долларын цэвэр орлогын талаас илүүг Google-ийн толгой компани болох “Alphabet” хангадаг. Мөн Googlе 1.7 их наяд ам.долларын үнэлгээтэй байна.

Эх сурвалж: CNN

 

#мэдээ