Дуг хийхийн талаар мэдэх ёстой бүх зүйлс


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-09-06

Их ажил, хичээлтэй өдрүүдэд дуг хийх шиг жаргал үгүй. 10 минут ч болов дуг хийх нь сонор сэрэмжийг нэмэгдүүлж, суралцах чадварыг сайжруулахаас гадна цусны даралтыг бууруулдаг байна. 

ДУГ ХИЙХ, УНТАХ ХОЁР ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ? 

10-20 минут унтахад хүний бие нойрны эхний болон хоёр дахь шатанд очиж сэргэг мэдрэмжээр цэнэглэгддэг. Харин үүнээс илүү хугацаагаар унтах үед хүний бие нойрны мөчлөгийн таван үе шатыг хэд хэдэн удаа дуусгах боломжтой. Тэр дундаа насанд хүрэгчдэд энэ нь 90-110 минут тутамд давтагддаг аж. Гүн нойронд ороход тархи гаднын өдөөлтөд хариу үйлдэл үзүүлэхээ больж, сэрэхэд хэцүү болж, ядрах магадлал улам нэмэгддэг гэжээ. 

ДУГ ХИЙХИЙН АЧ ТУС 

Суралцах чадварыг нэмэгдүүлнэ 

Судалгаагаар өдрийн цагаар дуг хийх нь суралцах чадвар, анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулдаг бөгөөд энэ нь аливаа мэдээллийг сурч, хадгалахад тусалдаг болохыг тогтоожээ. 

Цусны даралтыг бууруулна 

Үд дундын үед дуг хийх нь цусны даралтыг эрс бууруулдаг аж. 2019 оны Америкийн Кардиологийн коллежийн эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан нэгэн судалгааны үр дүнд үд дундын үед дуг хийх нь цусны даралтыг 5 мм м.у.б-ээр бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ нь цусны даралт бууруулдаг эм уусантай тэнцэхүйц юм. Мөн цусны даралт 2 мм м.у.б буурахад л зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл 10 хувиар багасдаг байна. 

Сэтгэл санааг дэмжинэ 

Богино хугацаанд дуг хийх нь эрч хүчийг нэмэгдүүлж, үдээс хойших асуудлыг даван туулахад тусална. Мөн эерэг хандлага нэмэгдэж, бухимдлыг тэсвэрлэх чадвартай болдог байна. 

ДУГ ХИЙХИЙН ГАЖ НӨЛӨӨ 

Хэдийгээр эрүүл мэндэд олон талын ач тустай болох нь тогтоогдсон ч хугацаагаа зөв тохируулаагүй үед гаж нөлөө үүсдэг. 20 минутаас дээш хугацаанд унтвал нойрны инерц нэмэгддэг бөгөөд энэ нь чиг баримжаагаа алдахад хүргэдэг. Өдрийн цагаар хэт удаан унтаж эсвэл оройтож унтах нь нойргүйдэлд ч хүргэж болзошгүй.

ЯМАР ХУГАЦААНД ДУГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

10-20 минут унтсанаар нь илүү сэргэг болдог байна. Үүнээс илүү, ялангуяа 30 минутаас дээш хугацаа нь хүнд  сул дорой, уйтгартай, ядарсан мэдрэмж төрүүлдэг. 

ХЭЗЭЭ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ? 

Ихэнх хүмүүсийн хувьд үдээс хойш цаг бол хамгийн тохиромжтой цаг юм. 15:00 цагаас хойш цаг шөнийн нойронд саад учруулж болно. 

Эх сурвалж: healthline.com 

#нийтлэл