Шинэ он, шинэ жилд хүмүүс яагаад дуртай байдгийг чи мэдэх үү. Өнгөрсөнд гаргасан алдаан дээрээ суралцаад бүхнийг шинээр эхэлж болдогт байгаа юм. Шинэ зорилго, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ... гээд юуг ч эхлүүлж болно. Харин өдий хүртэл дотор чинь цухалзсаар ирсэн тэр хүсэл мөрөөдөл, зорилгоо одооноос эхлүүлэх алхмаа тавиарай. Тиймийн тулд зорилго болон түүндээ хүрэх төлөвлөгөө гаргах дараах хэд хэдэн арга чамд тус болно.
1. Бүхий л зүйлийг бичиж тэмдэглэх
Бодож байгаа болон хийх гэж төлөвлөж буй бүхий л зүйлээ тэмдэглэ. Ингэхдээ өөрт арай цэгцтэй харагдахаар болгож хувиарлаж болно.
- Хийх зүйлсийн санаанууд
- Өдөр тутам хийх
- Сар тутам хийх
- Энэ жилдээ багтааж хийх
- Хэтийн зорилго гэх маягаар хийх зүйлсээ гаргаж болно. Ингэхдээ хийж дуусгах хугацаа болон хэрхэн хийх талаарх шат дарааллыг нь нарийн гаргаж өгч болно. Санхүү мөнгөний хувьд хэдэн төгрөг шаардлагатай эсвэл зорилгоо биелүүлэхэд хэн нэгэн тус болох хүнийг ч дурдсан болно. Ямар ч байсан чиний зорилго болон хүрэх зам маш ойлгомжтой бөгөөд тодорхой байх хэрэгтэй.
2. Төрлөөр нь ангилж төлөвлөх
- Хичээл, мэдлэг боловсрол (дүнгээ ахиулах, шалгалтаа онц өгөх, сард ... ном унших г.м)
- Найз нөхөд (найзын хүрээгээ тэлэх, найзуудыгаа баярлуулах г.м)
- Гэр бүл (сайн охин/хүү байх, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх, аав ээжийгээ 7 хоногт нэг удаа баярлуулах г.м)
- Мөнгө санхүү (мөнгө цуглуулах, хадгаламж нээх г.м)
- Хувь хүний хөгжил (шинэ гадаад хэл үзэх, спортоор хичээллэх г.м)
- Зан араншин (огцом уураа засах, хүлээцтэй байх, хэт даруу зангаа засах г.м) гэх байдлаар ангилж төлөвлөж болно.
Гэхдээ дээрх байдлаар төлөвлөгөөгөө гаргасан тохиолдолд хэрхэн яаж биелүүлэх талаараа мөн дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдгээр жагсаалтынхаа ард “Хэрхэн биелүүлэх вэ?” гэсэн дахин нэг багана нэмж өгөөрэй. Жишээ нь шалгалтаа онц өгөх, улирлын дүнгээ сайжруулах гэдгийн ард “Өдөрт хичээлээ хоёроос доошгүй цаг давтах, нэмэлт давтлага авах, 7 хоногт ... удаа номын санд суух” гэх мэтээр төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлэх аргаа мөн дурдана гэсэн үг юм.
3. Чухам яг юу хийхээ сайн мэдэж байх
Цээжний пангаар төлөвлөгөөг шууд гаргаж болохгүй. Учир нь хүн хэт хэцүү зорилго тавьчихаад хүрч чадахгүй, төлөвлөгөө нь биелэхгүй тохиолдолд урам хугарах, дахин төлөвлөгөө гаргахаас цааргалах магадлалтай байдаг. Тиймээс яг юу хийх, юуг чин сэтгэлээсээ хүсч байна, юуг мөрөөдөж байна гэдгээ чи өөрөө яг таг мэдэж байгаа тохиолдолд төлөвлөгөөгөө гаргаарай.
4. Эхлэх болон дуусах хугацааг нарийн бөгөөд бодитой гаргах
Хэзээ биелүүлэх нь мэдэгдэхгүй баахан жагаалт гаргаад байгаа юм биш биз. Тиймээс тухайн зорилгоо биелэх цаг хугацааг нарийн гаргаж өгөх хэрэгтэй. Мөнгө санхүү болон жилийн улирлын байдлыг харгалзан биелүүлэх өдрийг "зоогоорой". Жишээ нь хүйтний улиралд элдэв спортоор хичээллэхээс илүү урин дулаан цаг хичээллэх нь илүү үр дүнтэй. Мөн шинэ гадаад хэл үзэх эсвэл гадаад хэлээ сайжруулах курст суухаар бол зуны амралтаар байвал илүү давуу талтай гэх мэтчилэн боломжит нөхцөл байдлаас нь шалтгаалж биелүүлэх цагаа заавал бичээрэй.
5. Хэт том зорилго төлөвлөхөөс зайлсхийх
Дээр дурдсанчлан биелэгдэшгүй том зорилго тавихаас зайлсхий. Түүнийгээ харах болгонд өөрөө сүрдсээр юун зорилго манатай болж сэтгэл санаагаар унаж мэднэ. Тиймээс түүндээ хүрч болох нарийн зорилгуудыг харин тавьж болох юм. Жишээ нь, улирлын дүнгээр бүх хичээлдээ онц гарах гэсэн зорилгоос илүүтэй мэрийх шаардлагаай байгаа хичээлүүддээ илүүтэй шамдан хичээх, нэмэлт давтлага авах, явцын шалгалтаа онц өгөх гэх мэтээр багаас нь эхлэх хэрэгтэй.
6. Хийх зүйлсийн жагсаалт гаргаарай
Заримдаа өчнөөн хийх зүйл байгаа мэт хэрнээ хаанаас нь эхлэх, юуг нь амжуулахаа мэдэхгүй самгардах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс ингэхээс сэргийлж тухайн нэг өдөрт хийх зүйлсийн жагсаалтаа гаргаж хэвшээрэй. Үүнийг урд өдрийн орой нь унтахаасаа өмнө гаргасан ч болно. Тэгээд өдөр нь хийсэн зүйлсээ дараад, хийгээгүй үлдсэн зүйлсээ өөртөө сануулж дахин нэг харах боломжтой юм. Ингэснээр чи өөрийн зорилгоо биелүүлэхэд ямх ямхаар ойртож байна гэж бодоорой.
7. Зорилгоо тодорхойлсон, түүндээ хүрэх төлөвлөө бүхий дүрслэл зурж болно
Зорилгоо нэг том дугуй дотор зурчих, түүндээ яаж хүрэх замаа хэн нэгний тусламж хэрэгтэй, ямар нэгэн нэмэлт чадвар чамд хэрэгтэй бол түүнийгээ мөн дурдаад өөр ойлгомжтой байдлаар зураарай. Үүнийг график, зурмал байдлаар гээд өөрт аль таалагдсан, тохиромжтой аргаар дүрсэлж болно. Харин түүнийгээ өөрийн нүдэнд харагдах газар, өрөөнийхөө хаа нэгтээ наагаарай.
8. Зорилгоо биелтэл зогсолтгүй тэмүүл
Урам хугарах, өөртөө итгэхгүй байдал гарч юуны магад. Тэглээ гээд зорилгоо бүү хаяарай. Харин бүр боломжгүй бол хугацааг бага зэрэг хойшлуулж болно. Замд таарах саад тотгор, хэн нэгний зэмлэл зэргийг хүндээр тусгаж авалгүй зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмүүлээрэй. Зорилгоо биелүүлээд, өөрөөрөө бахархан зогсох тэр нэгэн өдөр чи замын дундаас зорилгоо хаяагүйдээ маш их баярлах болно гэдгийг төсөөлөөд үзээрэй. Чамд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх