Эрдэм номын баярын өдөр эхлэхэд хэдхэн цаг үлджээ. Шинэ он, шинэ хичээлийн жилд оюутан сурагчид гялалзсан амжилт гаргаж, эрдэм номдоо шамдах эрмүүн хүсэлтэй байдаг билээ. Мэдээж урьтаж зорилгоо тодорхойлон хэрхэх тухайгаа нарийн төлөвлөж бичих нь чухал. Үүнд тохирох хамгийн зөв арга бол мэдээж мөрөөдлийн самбар хийх юм. Мөрөөдлийн самбар хийх нь маш олон давуу талтай ба таны амьдралд төсөөлшгүй өөрчлөлт ч авчирч чадах юм.
Зорилгоо тодорхой болгох
Мөрөөдлийн самбар хийснээр та амьдралдаа юу хийх, ямар зорилгод хүрэхийг хүсэж байгаагаа илүү тодорхой болгож өгөх юм. Ингэснээр та зөвхөн зорилгынхоо төлөө хичээж өөр юманд сатаарахгүй байхад тань илүү дөхөм болгоно.
Таныг хөгжихөд тусална
Мөрөөдлийн самбарыг хэдэн ч удаа шинэчлэх боломжтой. Бидний зорилго байнга өөрчлөгддөг бөгөөд зорилгодоо хүрсний дараа дараагийн төлөвлөгөөндөө шилжихэд тусална. Энэ нь таныг юунаас эхэлж, ямар зорилгод хүрсэн бэ гэдгээ харж, аяллын явцад өөрийнхөө хөгжиж буйг харахад тохирох шийдэл юм.
Урам зориг өгнө
Бууж өгмөөр санагдсан үед мөрөөдлийн амьдралын тань зураглал болон урам өгөх эшлэлүүдээс өөр эрч хүч өгөх зүйл ховор билээ.
Сэтгэл санааг дээшлүүлнэ
Бүтээлч, хөгжилтэй зүйл хийх нь бидэнд маш их эерэг сэтгэл хөдлөлийг өгдөг. Алсын харааныхаа самбарыг бий болгох нь ирээдүйд юунд хүрэхийг хүсэж байгаагаа эргэцүүлэх, өөртөө цаг гаргах сайхан боломж юм.
Амьдралынхаа бүх хэсгийг тэнцвэржүүлэх
Мөрөөдлийн самбараа та зөвхөн ажил эсвэл карьертай холбоотой зорилгуудаар хязгаарлах шаардлагагүй. Амьдралынхаа бусад чухал хэсгүүд болох гэр бүл, найз нөхдийн харилцаа, эрүүл мэнд зэргийг багтааснаар ямар нэг зүйлийг орхигдуулахгүй, амжилттай байхад тусална.
Төсөөллийг тань сайжруулна
Өөрийн хүсэж байгаа зүйлээ төсөөлөх, харах нь таны зорилгыг далд ухамсарт тань ороход тусалж улмаар үүнийхээ төлөө алхмуудыг хийхэд хүргэнэ.
Амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлнэ
Маш олон амжилттай хүмүүс өөрсдөдөө ямар нэг том зорилго тавьж түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөснөөр түүндээ хүрсэн байдаг. Тэгвэл мөрөөдлийн самбар хийх нь таныг зорилготой тань нэг алхам ойртуулж өгнө.
Бүтээмж нэмэгдэнэ
Бид бүгдээрээ заримдаа нэг газартаа гацчихсан ч юм шиг эсвэл зорилгоо биелүүлэх эрч хүчгүй санагддаг үеүд цөөнгүй. Мөрөөдлийн самбараа эргэн харж, зорилгодоо хүрэх нь бүтээмжийг нэмэгдүүлж, аливаа зүйлийг хойшлуулахгүй байхад тусална.
Эх сурвалж: Envision
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх