Хүн бүрийн үзэх хэрэгтэй “Охидын” 12 кино


YOLO.mn | YOLO.MN
2023-08-30

Beauty with Brain гэх хэллэг алдартай болж буй энэ цагт охид хөөрхөн охин тэнэг байдаг эсвэл ухаантай охид царай муутай байдаг гэх хэвшмэл ойлголтуудыг үгүй хийж эхлээд байгаа билээ. Гэхдээ эдгээр киног аль ч хүйсний хүмүүс үзэх боломжтой бөгөөд “Охидын” кино биш харин өөрийгөө хайрлаж өөрийнхөө төлөө хичээж буй хүмүүсийн тухай кино гэдгийг санаарай.

Legally Blonde 

Элл бол юуг ч хэцүү гэж боддоггүй, бүхнийг өөрөө даван туулж чадна гэдэгтээ итгэдэг нэгэн. Ийм сэтгэлгээ байхад Харвардын их сургуулийн хуулийн ангид орох нь тийм ч хэцүү биш. Түүний юуг ч хийж, зохицуулж чадна гэсэн өөртөө итгэх итгэл дэлхий даяар олон сая эмэгтэйд урам зориг өгсөн бөгөөд танд ч өөртөө итгэх итгэлийг бэлэглэх нь гарцаагүй.  

The Princess Diaries 

Би энэ зүйлийг хийх хэмжээний үнэ цэнтэй нэгэн биш гэх бодол хэзээ нэгэн цагт хүн бүхэнд төрж л байсан байх. Харин уг киноны гол дүрийн Миа охины энэ бодол нь бүхэл бүтэн улсын гүнж байж чадах эсэхтэй холбоотой асуудал болж таардаг. "Би хангалттай сайн гүнж байж чадахгүй." гэх бодол түүнийг хойш татаж байсан ч эцэст нь эргээд урам зориг орж гүнжид тохирох нэгэн гэдгээ харуулсан төдийгүй хатан хаан болсон юм. Бид бүгд хүссэн бүхнээ хийж чадна. Бид бүгдээрээ үнэ цэнтэй. Тиймээс ямар нэгэн зүйлд би тохирохгүй гэж эргэлзэж эхлэх үедээ энэ киног үзээрэй.    

Little Women  

Найруулагч Грета Гервиг эмэгтэйчүүдийн дуу хоолойг төлөөлж, өөрийнхөө арга замаар санаагаа илэрхийлсэн кино бүтээл хийдгээрээ онцлог нэгэн билээ. Нийгмээс эмэгтэй хүнд өгч буй дарамт болон эмэгтэй хүний тухай хэвшмэл ойлголтуудын эсрэг тэмцэж буй тэмцэл нь олон сая эмэгтэйд урам зориг өгсөн юм. Харин "Бяцхан бүсгүйчүүд" бүтээл нь нэг гэр бүлийн охид өөр өөрийнхөөрөө мөрөөдөлдөө хүрэхээр хэрхэн хичээж буйг харуулдаг. Зүгээр л аз жаргалтай гэрийн эзэгтэй болохыг хүссэн нэгэн байхад зохиолч болж алдар нэрд хүрэхийг хүссэн нэгэн ч бий. Охид бүгд гэрээсээ гарч аливаа зүйлсийн талаар өөрийн гэсэн бодолтой болох хэрэгтэй. Харин гэрээсээ гарах зориг дутаад яахаа мэдэхгүй санагдах үедээ энэ киног үзэхийг санал болгоё. 

Brave 

Мерида бол өөрийнхөө хувь тавиланг өөрөө шийдэхийг хүссэн өсвөр насны охин. Харин энэ хүслийнхээ төлөө ээжийнхээ өмнөөс сөрж зогссон эр зориг нь танд ч хүслийнхээ төлөө тэмцэх зориг бадраах нь гарцаагүй. Тиймээс өөрийн амьдралаа өөрөө бүтээх хүсэлтэй бүх охид хөвгүүд энэ киног үзэх хэрэгтэй. 

The Devil wears Prada 

Киноны гол дүр болох Эндигийн сонголт өөртөө үнэнч үлдэх хүслийг төрүүлдэг. Мөн киноны хүчирхэг гол дүрийн эмэгтэйчүүдийг хараад өөрийн эрхгүй хүссэн бүхнээ хийж чадах хүчирхэг эмэгтэй болохыг хүсэх нь гарцаагүй.   

Hidden Figures 

Цагаан захтны ажил бол ухаантай хүмүүсийн хийх ёстой ажил учраас үүнд өнгөт арьстай хүмүүс болон эмэгтэйчүүд тохирохгүй гэж үздэг байсан цаг үед математик тооцооллоороо амьд үлдэх гэж хичээж буй өнгөт арьст эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх энэхүү кино танд юуг ч хийж чадах хүсэл төрүүлэх болно.   

Lady Bird 

Энэхүү кино нь хүрээлэн буй орчноосоо халин гарч илүү өндөрт тэмүүлэх охины тухай өгүүлдэг. Аливаа зүйлсийн талаар өөрийн гэсэн бодол санаатай, уран төсөөлөл өндөртэй түүний амьдрал санаснаар нэг л болж өгдөггүй ч эцэст нь хүссэндээ хүрч чаддаг. Гэхдээ ямар үнээр олж авсан нь ч чухал. Их олон зүйл бодогдуулж, олон мэдрэмжийг мэдрүүлэх энэ киног үзээд өөрийн амьдралаа эргэцүүлэн бодоорой. Өөрөөрөө бахархах, урам хугарах аль ч мөчүүдэд энэ кино танд тус болох болно.  

Maid 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг нөхрөөсөө салаагүй байгааг нь олон хүн буруутгадаг. Гэхдээ хүчирхийллээс зугтахад маш их хүч, сэтгэлийн тэнхээ болон хөрөнгө мөнгө хэрэгтэй байдгийг ойлгодог хүн ховор. Эдгээр асуудлуудыг ойлгохыг хүсвэл бяцхан охиноо тэврэнгээ хэцүү зүйлсийг даван туулж, гудамжинд гарсан ч айлын гэр цэвэрлэж мөнгө олж байгаа эмэгтэйн түүхээс харж болно. "Maid"  бол хүчирхийллийн хохирогчдын туулдаг хэцүү замуудыг харуулахаас гадна маш их хичээх урам өгдөг кино юм.  

Wonder Egg Priority  

Тус анимед амиа хорлосон найзыгаа эргүүлэн амьдруулахын тулд зүүдний ертөнцөд очиж өөр амиа хорлосон охидыг хамгийн их айдаг сэтгэлийн шархаас нь хамгаалж буй охидын тухай өгүүлдэг. Илүү олон охиныг хамгаалах тусам найзыгаа буцааж авчрах болно. Энэ цуврал бол хэчнээн хэцүү зүйл тохиолдсон ч амиа хорлолт хэзээ ч зөв шийдэл болж чадахгүй, харамсаж мэдэх болохоор асуудалтайгаа нүүр тулан хүчтэй байгаарай гэсэн сэдлийг өгдөг. Яг л гол дүрийн Аи охин шиг дургүйцлээ илэрхийлэнгээ мангасуудтай тулалдмаар санагдах нь гарцаагүй.    

Moana 

Хэрвээ чи сайн завьчин болохыг хүсвэл эрэгтэй эмэгтэй хүйстэй байх эсэх нь хамаагүй. Чи хүсэх л юм бол сайн завьчин болж чадна. Чи хүсвэл юу ч болж чадна. Харин хэзээд өөртөө итгэх нь чухал. Үүнээс гадна уг киноны өгүүлэх бас нэгэн санаа нь хүчирхийлэл хэзээ ч зөв шийдэл болдоггүй гэх санаа юм. Аймар зүйлийн өмнөөс айхгүйгээр шийдэмгий алхаж очоод асуудлыг шийддэг хүн болоход тань Моана туслах нь гарцаагүй.  

Little Miss Sunshine 

Дахиад л өөртөө итгэх итгэлийн тухай. Хүмүүс өөртөө итгэх итгэл ийм чухал гэж хэлээд л байхад өөртөө итгэлгүй байгаа нь гунигтай. Энэ кино бол зөвхөн охид ч биш хүн бүр үзэх хэрэгтэй кино юм. Ялагдагч гэдэг нь ялаагүй хүн биш харин ялахгүй байхаас айгаад зугтдаг хүнийг хэлдэг. Чи цорын ганц онцгой нэгэн учраас өөрийгөө яг байгаагаар нь хайрлах хэрэгтэй. Гэр бүлээрээ хамтдаа сууж үзээд хэнд нь ямар асуудал байгааг олж харахад тань тусална. 

Barbie 

Эцэст нь энэ зун нээлтээ хийсэн багагүй шуугиан тариад байгаа бүтээл бол хүн бүрийн заавал үзэх хэрэгтэй Барби кино юм. Эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаанаас хамааран ямар асуудал тулгамдсаар байгааг бүгдийг нь амьсгаа даран тоочих мэт энэхүү бүтээл нь танд өөрийн эрхгүй "Би юуны тулд бүтээгдсэн бэ?" гэх мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй.

Аливаа асуудлыг шийдэхийн тулд тэр асуудлаа эхлээд олж харах хэрэгтэй. Харин асуудал харагдахгүй байгаа нь өөрөө том асуудал юм. Харахад төгс ч асуудлаар дүүрэн гунигтай амьдралаар амьдарч буй олон хүмүүсийн үзэж сэтгэлээ тайтгаруулах боломжийг энэ кино олгох нь гарцаагүй. 

 

 

#нийтлэл