Хоёр дахь жилээ зохион байгуулагдаж буй олон улсын уран бичлэгийн соёлын солилцооны хөтөлбөрт Өвөрмонголоос 32 хүүхэд гэр бүлийн хамтаар манай улсад зочиллоо. Соёлын хөтөлбөрийн нэг гол үйл ажиллагаа нь Армонгол, Өвөрмонголын хүүхдүүд монгол бичгээр уран бичиж өрсөлдсөн юм.
ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын долоодугаар ангийн сурагч Б.Цоморлог хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад анх удаа ирсэн сэтгэгдлээ ийн ярилаа. Тэрээр төрийн соёрхолт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн “ Ном унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт, номын утга нь тэнгэрээс өргөн, далайгаас гүн мэт” хэмээх үгийг уран бичлэгээр буулган хоёрдугаар байр эзэлсэн юм. Би монгол үндэстэн учир монгол хэлээр ярьж, монгол бичгээр бичихдээ их омогшдог. Армонголын хүүхдүүдийг монгол бичгээр бичиж чадна гэж огт бодоогүй. Гэтэл үнэхээр сайн бичиж буйг хараад бахдаж байна хэмээн ярьсан юм. Анх удаа Монголд хөл тавьж буй Б.Цоморлог охинд цэлгэр ногоон тал нь хамгийн их таалагджээ.
Мөн л анх удаа Монголд ирж буй Г. Судар охиноос сэтгэгдлийг нь асуулаа. Судар охин энэ жил хоёрдугаар ангид орох юм. Түүний хувьд цааснаа Монгол хүн хэмээн уран бичлэгээр бичжээ. Бид бүгд Монголчууд учраас ийн бичсэн хэмээн долоон настай Судар охин хэлж байсан юм.
Үндэсний дээлээрээ жигдрэн гоёсон хүүхдүүд босоо монгол бичгээрээ таталган бичиж буй нь монгол хэл соёлоо хамгаалан таниулах соёлын солилцооны хөтөлбөрийн гол зорилго гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Цаашид тус хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлж Халимаг, Тува зэрэг монгол үндэстнүүдийг хамруулах зорилготой аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх