Монголын тал нутагт шуудан зөөх Солонгос алдартнууд


Х. Болормаа | YOLO.MN
2023-06-21

Сүүлийн өдрүүдэд Солонгосын алдартнууд Монголд ирсэн тухай мэдээ интернэтэд тархан, тэдний явсан газар, уулзсан хүмүүсийн тухай олон постыг нийтлэсээр байна. Тэгвэл тэд ямар учраас Монгол улсыг зорин ирсэн тухай дэлгэрэнгүй хүргэе. 

Солонгосын JTBC телевизээс “Couriers in Mongolia” хэмээх цоо шинэ реалити шоу хийж, энэ зун үзэгчдийн хүртээл болгох гэж буйгаа албан ёсоор зарласан. Энэхүү шоу нь хүргэлтийн үйлчилгээний дэд бүтэц муу хөгжсөн манай орны хөдөө нутагт Солонгосын нэр бүхий оддыг авчирч, шуудан хүргэх тусгай даалгавар өгч өрсөлдүүлэх юм. Шуудан хүргэх явцад онгон байгаль дахь адал явдал, гал гарсан өрсөлдөөн нийт оролцогчдыг хүлээж байгааг шоуны продюсерууд хэлсэн билээ. 

Шоунд Солонгосын дуучин, жүжигчин Хонг Кён Мин, SBS телевизийн “Running man” шоуны од, жүжигчин Ким Жонгүк, “Сэргэлэн охин Ян Сун” хэмээх киногоороо манай үзэгчдэд анх танигдсан жүжигчин Жан Хёг, жүжигчин Хонг Кён Ин, “My Sassy Girl” романтик инээдмийн киногоороо олны танил жүжигчин, дуучин, найруулагч Ча Тэхён, “MBC 2021 award”-аас “Шилдэг залуу эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн, энэхүү шоуны хамгийн залуу оролцогч Кан Хун нар Монголын өргөн уудам хээр тал, говь хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт нутгуудаар аялж, илгээмж хүргэх ширүүн өрсөлдөөнд орох юм. Мөн өмнө нь “You Quiz on the Block” болон “Handless Daу” телевизийн шоунуудад хамтран ажиллаж байсан найруулагч Ким Мин Сеок, Пак Гын Хён нар гар нийлэн ажиллажээ. 

IШоуны оролцогчдоос “Сэргэлэн охин Ян Сун” киноны гол дүрээр сайн таних жүжигчин Жан Хёг-г онцолбол тэр 13 жилийн дараа Монголд дахин ирж байна.

    

Тэрбээр 13 жилийн өмнө MBC телевизийн “Sweet Rain” энтертейнмэнт нэвтрүүлгээр Монголд зочилж байжээ. Тус дугаарт бусад оролцогчид морь унахаас эмээж байсан бол Жан Хёг ямар ч асуудалгүй морин дээр мордож, гэр барихад тусалсан байна. Мөн тэрбээр нэвтрүүлгийн үеэр “No Pain, No Gain” буюу хөдөлмөрлөхгүй бол хожихгүй гэх утгатай үгийг “No Pain, No Ger-Гэр” болгон хошигнож байв.

Жан Хёг нь 1976 оны 12 сарын 20-нд Бусан хотод төрсөн буюу өдгөө 47 настай. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 30 гаруй телевизийн цуврал, 20 уран сайхны кинонд тогложээ. 2008 онд гэрлэж гурван хүүхдийн аав болсон жүжигчин эр ийнхүү Монголд хоёр дахь удаагаа иржээ.

“Couriers in Mongolia”-г энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна. Хүргэлт, шуудангийн үйлчилгээг танилцуулах зорилготой уг шоу гадаад оронд зураг авалтаа хийж буй гэдгээрээ онцлог. Одоогоор нэвтрүүлгийн нэрийг өөрчлөх эсэх нь шийдэгдээгүй байна.

Монголын тал нутагт тэд хэрхэн шуудан зөөж өрсөлдөхийг тун удахгүй үзэцгээе. 

#Мэдээ